Прокурорын байгууллага ЖДҮХС болон төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар ямар арга авч байгаа талаар УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэгээс тодрууллаа.
Тэрбээр “2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохиогчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан.
Прокурорын байгууллагад ирүүлсэн төрийн байгууллагын хүсэлт 2019 онд өмнөх оноос 1,8 дахин өссөн нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсныг төлүүлэх хэрэгцээ, шаардлага төрд байгаа нь харагдаж байгаа юм. Прокурор анхан шатны 862 шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцож, төрд ашигтайгаар шийдвэрлүүлсэн үнийн дүн өнгөрсөн оноос 1,8 дахин өссөн байна.
Харин Прокурорын санаачилгаар бичсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байдаг. Шалтгаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “прокурор өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай” заасантай уялдуулж нэмэлт, өөрчлөлт хийгээгүйгээс прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг шүүхийн практикаар нэгэнт тогтоогоод байна. Хууль, тогтоомжийн зөрчилтэй асуудлаар Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлсэн.
ЖДҮ-тэй холбоотой зарим хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа, гэхдээ учирсан хохирлыг төлүүлэх нь гарцаагүй. Төрийг төлөөлж прокурор нэхэмжлэл гаргах нь тодорхой. Эрүүгийн хэрэг мөн гэж шүүх шийдвэрлэвэл хохирлыг гаргуулахаар эрүүгийн шүүх шийдвэрлэнэ, магадгүй гэмт хэрэг биш гэж шийдвэрлэвэл прокурор нэхэмжлэл гаргах дараагийн асуудал яригдана” гэв.
Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс прокурорт буцаах шийдвэрийг 2019 оны арваннэгдүгээр сард гаргаж байсан юм. Эх сурвалжийн мэдээллээр Б.Батзориг нарт холбогдох хэргийг прокуророос 2020 оны хоёрдугаар сарын 28-нд шүүх рүү шилжүүлсэн байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ