Германы Дотоод хэргийн сайд Хорст Сихофер Даваа гаригт дүрвэгсдийн асуудлаарх хурлын үеэр канцлер Ангела Меркельтэй гар барин мэндчилэхээс татгалзсан нь олны анхаарлыг татлаа. Түүний үйлдэл канцлерыг үл хүндэтгэсэндээ биш коронавирусийн халдвараас сэргийлэх зорилготой байсныг эх сурвалжууд тайлбарлажээ.
Үүний зэрэгцээ Францын эрүүл мэндийн сайд Оливиер Веран иргэддээ хандан "la bise" гэх хацар дээр нь олон удаа үнсэн мэндчилэх эртний уламжлалаасаа татгалзахыг уриалсан байна. Хүмүүс аль болох бусадтай биеийн контакт үүсгэхгүй байх нь халдвараас сэргийлэх гол арга зам гэдгийг тэрбээр онцолсон байна. Австралийн албаныхан ч үүнтэй ижил зөвлөмж гаргасан ба хүмүүсийг гар барьж мэндчилэхийн оронд мөрөн дээр нь зөөлөн товшихыг санал болгосон ба хэн нэгнийг үнсэхдээ эрсдэлээ тооцохыг ч сануулжээ.
Европ дахь коронавирусийн халдварын голомт болоод буй Италийн албаныхан ч хүмүүсийг гар барих, үнсэлцэх, тэврэлдэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Амьсгал, ахуйн замаар халдварладаг коронавирусийн халдвараар 70 гаруй улсад 90 мянга гаруй хүн өвчлөөд байгаа юм.
Тэгвэл хүмүүс хоорондоо хэрхэн мэндчилэх нь тохиромжтой болохыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Олон улсад түгээмэл ашиглагддаг гар барих мэндчилгээг тохойгоороо шүргэлцэх, гар даллах эсвэл Тайланд маягаар мэнд мэдэх байдлаар оруулахыг санал болгожээ. Тэгвэл Иран, Ливан зэрэг оронд хүмүүс найз нөхөдтэйгөө хөлөөрөө мэндчилэх аргыг ч бодож олсон байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ