ЦЕГ: Сум алдсанаас цагдаагийн алба хаагч амиа алдсан

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Сум алдсанаас цагдаагийн алба хаагч амиа алдсан

ЦЕГ: Сум алдсанаас цагдаагийн алба хаагч амиа алдсан

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.03.04/ мэдээлэл өглөө. Энэ үеэр Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны дарга цагдаагийн хурандаа О.Зоригт “Сүхбаатар аймагт сум алдсаны улмаас цагдаагийн алба хаагч амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Үүнд ямар нэгэн санаатай үйлдэл байхгүй. 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өглөө Сүхбаатар аймгийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажил хүлээлгэж өгөх явцад сум алдаж, нэг алба хаагч шархадсан. Энэ бол цэвэр санамсар болгоомжгүйгээс болсон хэрэг. Цагдаагийн байгууллага нисдэг тэргээр шархадсан алба хаагчийг Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн боловч уржигдар буюу гуравдугаар сарын 2-ны өдөр нас барсан. Цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийж тогтооно. Бүх үйл явдал камерын бичлэгт хадгалагдаж үлдсэн байгаа. Хариуцлагын тухайд буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох нь тодорхой. Уг хэргийг Авлигатай тэмцэх газар мөн шалгаж байгаа” гэх мэдээллийг өглөө.

Үүний дараагаар 2020 оны эхний хоёр сард бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын статистик мэдээллийг танилцууллаа. 2020 оны эхний хоёр сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 65 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ГЭМТ ХЭРЭГ 82.3 ХУВИАР БУУРСАН

Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 4405 буюу 65.3 хувь нь нийслэлд үйлдэгдэж, 14.7 хувиар буурч, 2335 буюу 34.6 хувь нь орон нутагт үйлдэгдэж, 4.1 хувиар өссөн бөгөөд нийт хэргийн 81.3 хувийг хөнгөн, 18.7 хувийг хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна.

Гэмт хэргийн гаралт зургаан аймаг, нийслэлийн найман дүүрэгт буурсан боловч 14 аймагт тодорхой хэмжээгээр өссөн дүнтэй байна.

Хүний амьд явах эрхийн гэмт хэрэг буурчээ. Тодруулбал хүнийг алах гэмт хэрэг 40 хувиар буурсан бол гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 82.3 хувиар буурсан. Бусдыг хүчиндэх гэмт хэрэг 36 хувиар буурч,  хулгайлах гэмт хэрэг зургаан хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хүрээлэн буй орчны гэмт хэрэг, цахим мэдээллийн гэмт хэрэг хоёр хувиар өссөн. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 13.3 хувиар өссөн.

Гэмт хэргийн улмаас 6517 иргэн, 22 хуулийн этгээдийн эрх зөрчигдөж, 291 хүн нас барж, 1529 хүн гэмтэж, 34.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн  үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 57 буюу 16.4 хувиар буурч, гэмтсэн хүний тоо 36 буюу 2.4 хувиар өсч, эдийн хохирлын 2.6 тэрбум төгрөг буюу 7.8 хувийг нөхөн төлүүлж,  422.5 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хоёрдугаар сарын байдлаар нийт гэмт хэргийн 65.2 хувийг эзэлсэн. Хоёрдугаарт, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 27 хувийг эзэлж байна. Нийт гэмт хэргийн 31 хувь нь гэр орон ахуйд үйлдэгдсэн. Гэмт хэргийг хөнгөн ба хүнд гэж ангилдаг.  Манай улсад бүртгэгдэж буй гэмт хэргийн 81 хувь нь хөнгөн гэмт хэрэг гэж үзэж байна. Манай улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 19.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оныхоос зургаан хувиар ахисан үзүүлэлттэй байна.

Аймгуудад гэмт хэргийн илрүүлэлт дунджаар 23.9 хувьтай гарсан. Хоёрдугаар сарын байдлаар гэмт хэрэг 1733 хүн холбогдон шалгагдаж байна. Нийт гэмт хэрэг холбогдсон 44.9 хувийг 18-29 хувийн залуус эзэлж байгаа бол тэдний 53 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

Хоёрдугаар сарын байдлаар 383 мянга 26 зөрчил бүртгэгдсэн. Үүний 81 мянга 391 цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсэн. Нийт зөрчлийн 75 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн. Дийлэнх нь замын хөдөлгөөн, жолоочийн хариуцлагатай байдалтай холбоотой зөрчил байна. Зөрчил гаргасан 28 мянга 750 аж ахуй нэгжид торгох шийдвэр оногдуулсан. Мөн 2173 хүнийг зөрчлийн тухай хуулийн дагуу баривчлуулсан.

Эхний хоёрдугаар сарын байдлаар 17 мянга 430 хүн эрүүлжүүлэгдсэн. Нийт эрүүлжүүлэгдсэн иргэдийн 73.4 нийслэл хотод бүртгэгдсэн бол 91.6 хувийг эрэгтэй хүмүүс эзэлж байна. Харин 1460 нь эмэгтэйчүүд  байгаа бол насанд хүрээгүй 37 иргэн эрүүлжүүлэгджээ.

Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Нийтдээ 5869 дуудлага хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 186 бүртгэгдсэн. Дийлэнх нь согтуугаар үйлдэгдсэн хэрэг байсан. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол хэрэг сар шинийн өдрүүдэд буурсан. Тухайлбал, хүнийг алах гэмт хэрэг дөрөв, хулгайн гэмт хэрэг 53, хүчиндэх гэмт хэрэг тав, дээрмийн гэмт хэрэг нэг бүртгэгджээ.

Хүнийг алах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэний гурав нь ахуйн хүрээнд буюу хамт архи ууж байгаад бие биеэ хутгалан хөнөөсөн тохиолдол байна. Нэг нь шунахайн сэдлээр боож амь насанд нь халдсан хэрэг бүртгэгдсэн. Мөн иргэдийн зүгээс албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдад амны хаалт, халуун хоол цайгаар үйлчилж сэтгэлээрээ тус дэм боллоо” гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж