Коронавирусийн халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор Ираны Засгийн газраас 54 мянга гаруй хоригдлыг шоронгоос түр хугацаанд суллахаар болжээ. Олон хүнийг нэг дор хорих нь халдварт өвчин тараах эрсдэлтэй юм. Ираны Хууль зүйн яамны төлөөлөгчийн мэдээлснээр коронавирусийн халдваргүй нь тогтоогдсон хоригдлууд батлан даалтад суллагдах боломжтой аж. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс таваас дээш жил шоронд хорих ял эдэлж буй хоригдлуудыг суллахгүй гэнэ.
Үүний дагуу Иранд хорих ял эдэлж буй Их Британийн харьяат Назанин Загхари-Ратклифф суллагдаж магадгүй аж. Гэхдээ нөхрийнх нь мэдэгдсэнээр Назанин Загхари-Ратклифф нь Ираны Эвин шоронд хоригдож байхдаа коронавирусийн халдвар авсан байх магадлалтай ч шинжилгээ өгөхөөс татгалзжээ. Тэрбээр 2016 онд тагнуулын хэргээр таван жил шоронд хорих ял сонссон аж.
Дэлхий дахинд коронавирусийн халдварын 90 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж 3110 хүн нас бараад байна. Тэгвэл Иранд 14 хоногийн хугацаанд 77 хүн нас барж, 2336 хүн халдвар авсан нь тогтоогджээ. Мөн халдвараар Ираны Засгийн газрын дэд сайд, өндөр албан тушаалтнууд өвчилжээ. Ираны парламентын 230 гишүүний гуравны хоёр нь халдвар авсан байна. Мөн Ираны шашны тэргүүн Аятолла аль-Хаменейн зөвлөх Даваа гаригт халдвараар нас баржээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ