АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талибаныг үүсгэн байгуулагч, удирдан чиглүүлэгчдийн нэг Муллах Абдул Гани Барадартай өчигдөр /2020.03.03/ утсаар ярин, энхийн гэрээ байгуулсан ч Афганистаны эсрэг галаа зогсоохгүй байгаа талаар нь хэлэлцжээ.
Трамп дуудлагыг Цагаан ордноос хийсэн бөгөөд Талибаны удирдагчтай маш сайн яриа өрнүүлсэн гэдгээ баталж, "Би Талибаны удирдагчтай ярилцлаа. Бид хоёул ямар ч хүчирхийлэл хүсэхгүй байгаа бөгөөд цаашид хүчирхийлэлгүй байхаар тохиролцсон. Юу болохыг харж л байя. Тэд Афганистаны Засгийн газартай учраа олох хэрэгтэй. Тиймээс харж л байя. Муллах бид хоёрын харилцаа маш сайн. Тэд ч гэсэн галаа зогсоохыг хүсч байгаа, бэлэн байгаа" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Трамп ийнхүү чухалчлан Талибаны удирдагчтай утсаар ярьсны учир нь энхийн гэрээ байгуулаад удаагүй байхад Талибан галаа зогсоолгүй, Афганистаны Дотоод хэргийн сайдын төлөөлөгч Марва Аминигийн хэлснээр Афганистаны 16 мужид энгийн иргэд болон хүчнийхэн рүү нэг өдөрт 33 удаа довтолсон гэнэ. Тэрхүү довтолгоонуудад зургаан гэмгүй иргэн нас барж, 14 хүн шархаджээ. Мөн Афганистаны талаас Талибаны найман дайчныг хороож, 15 дайчныг шархдуулан баривчилжээ.
Хоёрдугаар сарын 29-нд байгуулсан энхийн гэрээ ёсоор бол Талибан галаа зогсоож, АНУ цэргээ татах юм. Тэрхүү энхийн гэрээг байгуулахын тулд долоо хоногийн турш Талибаны галыг хязгаарласан билээ. Тийнхүү хязгаарлахаас өмнө талибанчууд Афганистан руу өдөрт дор хаяж 100 удаа довтолдог байж.
Гэрээнд уг нь галыг бүрмөсөн зогсооно хэмээн тусгасан ч энэ байдлаараа үргэлжилсээр байвал гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хугацаа буюу гуравдугаар сарын 10-аас хэрэгжиж чадахгүй байх вий хэмээн АНУ-ын мэргэжилтнүүд санаа зовж байна.
Нөхцөл байдлын тухай асуухад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "Харж л байя. Элдэв мэдээлэлд болон хүмүүсийн ярьж байгаад анхаарах хэрэггүй. Тэд юу хийхээ мэднэ. Бодит байдал дээр чухам юу болохыг харж л байя" хэмээжээ. Харин Марк Миллей "Би хүн бүхэнд Талибаны хүчирхийлэл эрс буурсныг сануулмаар байна. Гэхдээ хэзээ ч огт алга болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй" хэмээв.
Эх сурвалж: cnn.com