Бие махбодь өвчнийг ингэж анхааруулдаг

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Бие махбодь өвчнийг ингэж анхааруулдаг

Амьд хүнийг машин шиг задалж эд ангиудыг нь оношлогоонд оруулж болох биш. Гэхдээ бидний дотоод “эд ангиуд” ямар нэгэн байдлаар доголдож байгааг бие махбодь маань байнга анхааруулж байдаг гэнэ. Бид өөрсдийгөө анхааралтай ажиглаж байх л хэрэгтэй юм байна.

Хэрвээ та бүсэлхий орчмоороо мэдэгдэхүйц таргалаад байвал…

Энэ нь чихрийн шижин өвчин эсвэл буруу хооллолт, амьдралын эрүүл бус хэв маягаас болж үүсдэг бодисын солилцооны хам шинжийн тэмдэг байж болно. Амархан ядарч сульдах, анхаарлаа төвлөрүүлж чадахаа болих, ойр ойрхон шээс хүрэх, ам цангах зэрэг зовуурь илэрч яваандаа хараа муудаж ирдэг. Аль болох их хөдөлж, идэвхтэй дасгал хийж, хоолны цэсээ өөрчлөх хэрэгтэй. Мэдээж чихрийн шижингийн шинжилгээ өгөөрэй.

Нүдний эргэн тойрон, эсвэл тохой дээр шар толгойтой юм гарах

Энэ нь холестериний түвшин дээшилсний шинж байж болох юм. Яваандаа зүрх судсанд нөлөө үзүүлдэг. Иймээс цусны шинжилгээ өгч, хоол ундаа тохируулах (эмчийн заавраар) мөн спортоор хичээллэх хэрэгтэй.

Нүдийг тойрон хар хүрээ татах

Нийтлэг тохиолддог шалтгаан нь хангалтгүй нойр. Гэхдээ дээрээс нь нүд хамар чинь сэрвэгнэж загатнаад байвал харшлын шинж. Тоосны хачигнаас болж ийм байдал үүсдэг. Харшлаас хамгаалах эм уухаас өмнө заавал сорил тавиулах хэрэгтэй шүү. Сүүлийн үед харшилтай хүмүүс бие махбодийн эрүүл мэндийг дэмждэг бичил биет агуулсан пробиотик хүнс (цагаан идээ, ногоон ургамал) ихээр хэрэглэх болсон нь ач тусаа өгч байна.

Хөлийн салаагаар загатнах

Анхааралтай ажиглаад үзээрэй: хөлийн хурууны хооронд эсвэл өлмий дээр цагаан хайрс эсвэл чийгтэй тууралт гарсан байна уу? Энэ бол мөөгөнцрийн шинж. Ариун цэврийн энгийн арга хэмжээ тус болно. Мөөгөнцрийн эсрэг савангаар хөлөө өдөр бүр угааж, сайн хатааж байх, гуталдаа байнга салхи оруулж цэвэрлэж байх хэрэгтэй.

Завж хагарах

Бие организмд В төрлийн витаминууд болон төмөр дутагдсаны шинж. Хагарсан шархыг яаралтай эмчлэхгүй бол халдвар орж өөр төрлийн өвчин үүсгэх аюултай. Хоол хүнсэндээ ногоон навчит ургамлыг ихээр хэрэглэх, мөн өөхгүй мах, өндөг идэж байх хэрэгтэй. Уруул хуурайшиж хагарахаас байнга сэргийлж зориулалтын тос түрхэж байгаарай.

Үс нарийсаж, шингэрэх

Бие махбодид төмөр дутагдахад ингэдэг. Ялангуяа турахын тулд амьтны гаралтай хоол унднаас татгалздаг эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Мөн бамбай булчирхай асуудалтай болох үед ийм шинж тэмдэг илэрч болно. Шинжилгээ өгч байдлыг тодруулах хэрэгтэй. Төмөр дутагдсан үед уудаг тусгай бэлдмэл бий.

Хумс хугарах

Үргэлж нойтон чийгтэй нөхцөлд байдаг хумс (байнга юм угаах гэх мэт) хуурайшиж хугарамтгай болдог. Мөн хумсаа байнга будах үед ийм асуудал үүснэ. Бас мөөгөнцөр, псориаз, бамбай булчирхайн үрэвсэл, үе мөчний үрэвслийн үед хумс мууддаг. Хуурайшсан хумсыг байнга тосолж, биотин (витамин B7) хэрэглэвэл хэвийн байдалд ордог. Байдал дээрдэхгүй бол заавал эмчид үзүүлээрэй.

Эх сурвалж: viva.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж