Дэлхийн аварга жүдочин Саеид Моллаейг Монгол улсын нэрийн өмнөөс ирэх зуны Токио-2020 олимпийн наадамд оролцоход ямар нэгэн асуудалгүй, чөлөөтэй хэмээн Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гүйцэтгэх хорооноос шийдвэрлэжээ. Энэ тухай insidethegames сайтын сэтгүүлч Лиам Морган мэдээллээ. Гагцхүү Монгол Улс л Токио-2020 олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жинд хэн явахыг шийдэх гэнэ.
Ираны жүдо бөхийн холбооноос 2019 оны ДАШТ-ний үеэр Саеид Моллаейг Израил улсын бөх Саки Мукитай барилдуулалгүй, түүний нэрийг хүчээр татаад байсан билээ. Өдгөө 28 настай Саеид Моллаей эх орноосоо дүрвэн Герман улсад хэсэг хугацаанд орогнож байгаад өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сард Монгол улсын иргэншил аван, Чиндао Мастерс тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс зодоглоод байсан юм.
Иран, Израиль хоёр улс нь 1947 оноос хойш улс төр, шашны асуудлаас болж дайтаж байгаа учир 2019 оны жүдогийн ДАШТ-нд Саеид Моллаей-Саки Муки гэсэн өрсөлдөөнийг гаргахгүйн тулд түүний нэрийг хүчээр татсан байна. Энэ асуудлаас үүдэн IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооноос Ираний жүдо бөхийн холбоог Израилтай үүсгээд буй асуудлаа зохицуултал олон улсын чанартай тэмцээнд оролцохыг хориглосон билээ.
Холбоотой мэдээ