Сурвалжлага: Түрээслэгчид орлогогүй болоход хүрчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Түрээслэгчид орлогогүй болоход хүрчээ

Сурвалжлага: Түрээслэгчид орлогогүй болоход хүрчээ

"Covid 19"-ийн тархалт дэлхий даяар нэмэгдэж байгаа нь дэлхийн болон Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг эдийн засагчид онцолж байна. Ялангуяа жижиг худалдаа эрхлэгчдийн орлого нь үндсэндээ хаагдаж, бараа татан авалт саатсан зэрэг хүнд нөхцөлд байгаа юм.

Тухайлбал, Монголын зах зээлийн 50 гаруй хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид эзэлдэг. Төр засгаас коронавирусээс сэргийлж, шат дараатай арга хэмжээ авч, хөл хорио тогтоосон нь сайшаалтай ч нөгөөтэйгүүр түрээслэгчдийн эрх ашиг хөндөгдөж эхэллээ. Тэд эргэлтийнхээ орлогоор цалин, татвар, түрээсээ төлдөг байсан бол одоо бүр мөсөн орлогогүй “зогсчхоод” байгаа талаар ярьж байна. Иймээс худалдаа эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг энэ удаагийн сурвалжилгаар хөндлөө.

Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд зах, худалдааны төв, үйлчилгээний газруудад худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан албан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.

Гэхдээ энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө буулгасан түрээслүүлэгчдэд хамааралтай юм.

ОРЛОГО “ТАСАРСАН” ГЭХЭД БОЛНО

Өдрийн 14.00 цагт “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвөөр орвол хөл хөдөлгөөн багатай, хүмүүс ихэвчлэн хүнсний бараа худалдан авах аж. Харин хоёр давхрын бэлэн хувцас, гутлын лангуунууд эл хуль хүнгүй шахам байлаа. Энэ талаар худалдагч Б.Мөнх-Ундрал “Бараа бүтээгдэхүүний орлого эрс муудсан. Орлого тасарсан гэхэд болно. Бид чинь хоногийн хоолоо залгуулж яваа гэдэг шиг л юм болж байна. Нэгдүгээр сараас эхлэн хөл хөдөлгөөн багасч худалдан авалт түүнийг дагаад буурсан. Хүнгүй байгаа болохоор өндөр түрээс төлөх хэцүү байна.

Хүмүүсийн худалдан авах чадвар ер нь муудчихсан байна. Багадаа 50-60 хувь түрээсээ хөнгөлбөл бид үнэхээр их баярлана. Энд зуун хувь лангуугаа худалдаад авчихсан хүмүүс бий. Нэг бол түрээсэлж байгаа, давхар түрээс төлж байгаа хүмүүс мөн бий. Өчигдөр түрээслэгчид нэгдэн гарын үсгээ цуглуулаад удирдлагууддаа түрээсээ хөнгөлөөч ээ гэсэн санал тавьсан. Түрээсийн хувьд гэрээ хийсэн хүмүүс 500 мянгаас 1 саяын хооронд төлдөг. Бидний зүгээс түрээсээ хөнгөлөөд өгөхийг л гуйж байна. Хил хаачихсан болохоор байгаа юм аа шавхаад л бараандаа явж чадахгүй байгаа” гэлээ.

Түрээслэгч Л.Оюунтүлхүүр “Хүмүүсийн хөл хөдөлгөөн тааруу бараг хүнгүй сууж байна. Манайх түрээс өндөртэй учраас орж ирж байгаа хүмүүсээ алдчихгүй байх юмсан гэж боддог боллоо. Нэгдүгээр сараас хойш орлого бүр байхгүй болчихсон. Үүнийг төрөөс харж үзэх хэрэгтэй. Миний хувьд өдөртөө нэг, хоёр бараа зарж байна. Харж байгаачлан ямар ч хүнгүй байгаа биз дээ. Эндхийнхэн нэг сараас хойш бараандаа яваагүй байгаа юмаараа болгож байна” гэж ярилаа.

КОРОНАВИРУС ГАРСНААС ХОЙШ БИЗНЕСТ ХЯМРАЛ НҮҮРЛЭЛЭЭ

С.Лхамсүрэн “Максмалл” төвийн түрээслэгч “Түрээсийн асуудал бидэнд дарамт болж байна. Коронавирус гарснаас хойш бизнест шууд хямрал болж ирлээ. Вирус тархсанаас хойш хоёр сар болж байхад төр засгаас анхаарч байгаа ч юм байхгүй байна. Шийдвэр гаргана гээд сар гаруй боллоо. Манайх энд түрээс төлөөд долоон жил болж байна. Сар гаруй хөөцөлдсөний эцэст түрээсийн төлбөрийн 30 хувийг чөлөөллөө. Бизнесийн үйл ажиллагаанд өдрөөс өдөрт эрсдэл нэмэгдэж байна. Нэгдүгээрт, хүний урсгал багассан. Хоёрдугаарт, гадаад дотоодын жуулчид ирэхээ байсан. Манайх гуравдагч орноос бараагаа татдаг. Цаашид өвчнийг намдаах нь тодорхойгүй байна. Ядаж энэ үед түрээсээ 50 хувь бууруулбал хэн хэндээ дэмтэй.

Максмалл худалдааны төвд нийтдээ 200 гаруй түрээслэгч бий. Манайх байгалийн гаралтай бүтээгдэхүүний борлуулалт хийдэг. Бид нэг метр квадрат талбайг 235 мянгаар түрээсэлдэг. Үндсэндээ орлогын 80 хувь байхгүй болчихсон гэхэд болно. Энийг зохицуулж болох л асуудал”.

АРВАН ХУВЬ ХҮРЭХГҮЙ ОРЛОГООР ТҮРЭЭСЭЭ ТӨЛЖ ДИЙЛЭХГҮЙ НЬ

Dyrberg/Kern компанийн Ерөнхий менежер Б.Дорждуламаас тодрууллаа.

-Хөл хорио тогтоочихсон энэ үед түрээслэгчдэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Манай компани 4-5 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гоёл чимэглэлийн брэнд болон гутал, хоол үйлдвэрлэл гэх мэт. Түрээслэгчдийн холбооныхоо үйл ажиллагааны дагуу бид хоёрдугаар сард Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад давагдашгүй хүчин зүйл тохиолдсон учраас түрээсийг 50 хувь хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг тусгаж өгсөн.

Бидний хувьд олон түрээс төлдөг газруудтай. Одоогоор бид 6-7 дэлгүүрт түрээс төлдөг. Түрээс гэлтгүй урсгал зардал, татвараа төлдөг. Гэсэн хэр нь хүний урсгал байхгүй, борлуулалт байхгүй нь бидэнд олон эрсдэл, цалингийн зардал их байна. Гоёл чимэглэл маань их дэлгүүр, Шангрила, Максмалл, Зайсан Скүэр гэсэн дэлгүүрт байдаг.

-Орлого хэр хэмжээнд буурсан бэ?

-Орлого бараг 90 хувь буурлаа. Гэсэн ч түрээс, ажилчдын зардал, тог цахилгаан бүх юм аа төлөөд явж байна. Гэтэл бид арван хувь хүрэхгүй орлогоор түрээсээ төлж чадахгүй байдалтай байна. Тиймээс боломжит хувилбар байгаа байх гэж бодож байна. Манай компанид 40 хүний эрх ашиг яригдаж байна. Долоон салбартай гэж тооцоход хоёрдугаар сард ямар ч орлогогүй байлаа. Байрлаж буй салбараа тооцохоор Монголын хамгийн өндөр түрээстэй, том газар байдаг. Тиймээс өндөр түрээс нэхдэг. Тэгэхээр бид цалин, зээл, түрээсээ яаж төлөх вэ.

-Түрээслэгчид томоохон дэлгүүр, түрээсийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжид ямар шаардлага тавьж байгаа юм бол?

-Зөвхөн манайх гэлтгүй маш олон газрууд эрсдэлд орсон. Бидний хувьд түрээсийг доод тал нь 50 чөлөөлөх юм уу, эсвэл нийгмийн даатгал, татвараас чөлөөлөөсэй гэж хүсч байна. Долоон салбарын түрээсийн дундаж нь 5-7 сая төгрөг байдаг. Маш том дэлгүүрийн сарын борлуулалт 800 мянган төгрөг байх жишээтэй. Тиймээс түрээслэгч бидэнд нааштай хариу өгч хамтраад ажиллаж яагаад болохгүй гэж.

ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН ЭРСДЭЛД ОРООД БАЙНА

Хүндрэлтэй нөхцөл байдлыг эдийн засгийн харилцаанд оролцогч хэн бүхэн хамтдаа даван туулах, ойлголцох, хуулийн хүрээнд шийдвэрлэх, эрсдэлээ хуваалцахыг уриалж түрээслэгчдийн төлөөлөл болох Супер Рубин ХХК-н захирал, энтерпренер Э.Халиун, Mонголын өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч T.Хонгор, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Тулгат нар хамтран “Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл”-ийг байгуулжээ. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатаас тодруулав.


-Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдсан юм байна. Нийт хэчнээн аж ахуй нэгж нэгдэхээ илэрхийлсэн бэ?

-Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд гэдэг ангилалд хамаарах 50 гаруй мянган аж ахуй нэгж байна. Бүртгэлгүй хувиараа буюу лангуу түрээсэлдэг 60 мянга орчим хүн бий. Нарантуул захад гэхэд 15 мянган хүн ажиллаж байна. Тэдгээр бизнес эрхлэгчдийн 95 хувь нь бүгд түрээс төлдөг.

-Түрээслэгчид онцгой нөхцөл буюу давагдашгүй хүчин зүйлтэй нүүр тулгарлаа. Үүнийг зохицуулах хууль бий юу?

-Өчигдөр манай зөвлөлөөс Монголын хуульчдын холбоотой уулзсан. Хуулийн талын гарц, гаргалгаа цаашид жижиг дунд үйлдвэрлэгч, түрээслэгчдийн эрх зүйн талаас боломжууд юу байна вэ гэдгийг ярилцлаа. Тэдний ярьж байгаагаар онцгой нөхцөл байдал үүссэн үед зориулсан бие даасан хууль хэрэгтэй байгааг хэлж байна. Иргэний хуульд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой заалтууд байгаа ч гэсэн одоогийн нөхцөл байдлыг зохицуулж чадахааргүй. Ер нь гэнэтийн хүчин зүйлд үүнтэй холбоотой хууль гаргахгүй бол түрээслэгч, түрээслүүлэгч буюу янз бүрийн бизнесийн харилцагчид хоорондоо шүүхдэж эхэлдэг. Тэгэхээр шүүх ачааллаа дийлэхгүй шүү дээ. Тиймээс хууль нь байвал асуудал “тодорхой” гэдэг зүйл ярьж байна. Өнөөдөр бид Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчтэй уулзсан. Танхимын зүгээс нөгөөдөр түрээслүүлэгчтэй уулзалт хийж хүндрэлтэй нөхцөл байдлыг хамтдаа даван туулъя гэж ярьж байна. Чөлөөт зах зээлтэй улсад хүчээр түрээсийг тэглэнэ гэдэг боломжгүй. Тиймээс ойлголцож, тэнцүү зовлонгоо үүрье гэдгийг төлөвлөж байна.

Өнгөрөгч долоо хоногт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түрээсийн төлбөрөө хөнгөлсөн байгууллагын орлогын албан татварыг чөлөөлье гэдэг асуудлыг ярьсан. Гэтэл бодит байдалд түрээслэгч байгууллага орлого зарлагаа тухай бүрт нь мэдүүлдэг үү гэдэг асуудал гарч ирнэ.

-Түрээслэгчдийн зүгээс ямар шийдлийг хүсч байна вэ?

-Бид юу гэж харж байна гэхээр бизнесийн оролцогч талууд аль аль нь гэрээ байгуулаад онцгой нөхцөл тохиолдсон үед аль ч талдаа үүргээсээ чөлөөлөгддөг. Дээрээс нь энэ эрсдэлээс төр хуваалцмаар байгаа юм. Өнгөрсөн жил Эрдэнэс Таван Толгойн цэвэр ашиг их наяд давсан. Ногдол ашиг тараана гэдэг нь нэг талдаа сонгууль дөхсөн үеийн шийдвэр байхыг үгүйсгэхгүй. Манайх бусад орнуудтай харьцуулахад эдийн засгийн дархлаа төдийлөн сайн биш. Япон, Таивань, Малайз гэх мэт орон онцгой байдалд бэлэн байдаг юм байна. Тэд зээлийг батлан даах гэх жишээтэй.

Харин манайд дундаж давхаргынхан эрсдэлд ороод байна. БНХАУ коронавирусийн тархалтыг хяналтад оруулчихлаа. Гэсэн ч цаашид яах нь мэдэгдэхгүй байна. Дахиад нөхцөл байдал яахыг мэдэхгүй. Хэрвээ дахиад нэг, хоёр сар үргэлжилбэл бизнес хийдэг хүмүүс эргэлтийн хөрөнгөгүй болно. Тэгэхээр тэд эмзэг бүлэг рүү орж байна.

Тиймээс төр эрсдэлийг хуваалцах хэрэгтэй. Засгийн газар баялаг бүтээдэг хүмүүсээ хамгаалъя гэдэг байдлаар 2020 оны төсөвт тодотгол оруулах хэрэгтэй. Нөгөөтээгүүр иргэдэд ногдол ашиг гэдгээр мөнгө тараах нь дээр үү, загас барих аргыг нь зааж өгөх үү гэдгийг бодох асуудал

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж