"Эрдэнэс Тавантолгой" ХК хувьчлагдах уу?

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

VS

"Эрдэнэс Тавантолгой" ХК хувьчлагдах уу?

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг тойрсон маргаан нийгэмд түгсээр байна. Тухайлбал, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ жил 1072 хувьцааны ногдол ашгийг 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор болсон төдийгүй 2018 оны ногдол ашгийг ч бусад төсөл хөтөлбөрүүд нь хэрэгжээд үр ашгаа өгөхөөр нөхөн олгоно гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл энэхүү мэдэгдэлтэй зэрэгцээд Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболд тус компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнийн хамт цахим орчинд "Эрдэнэс Тавантолгой" компани энэ жил ногдол ашгаа тараах хэдий ч цаашид ирэх жилүүдэд тараахгүй, хувьчлагдаад алга болох гэж байна гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм. Ингээд талуудын байр суурийг "VS" буландаа хүргэж байна.

З.Энхболд
Ардчилсан намын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх

Биднийг коронавирус, каратин гэж байх хойгуур Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн хувьцааг хууль бусаар шилжүүлж, улмаар хувьчлахад бэлдэж байна.

2017 онд УИХ-ын тогтоол гарч байхад Д.Сумъяабазар Эрдэнэс Тавантолгойн 30 хувийг таван тэрбум ам.доллараар зарна гэсэн тайлбарыг хийж байсан. Сая хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг тэрбум ам.доллар болчихсон байна. 1 тэрбум ам.доллар гэдэг бол Эрдэнэс Тавантолгойн нэг жилийн экспортын орлого. УИХ-ын 2018 оны зургадугаар сарын 13-ны 73 дугаар тогтоолыг хүчингүй болгохгүй бол МАН-ын Засгийн газар Тавантолгойн 30 хувийг нэг тэрбум ам.доллараар зараад алга болох гэж байна. Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшигчид бүх монголчууд байгаа. Хууль бус хувьчлалыг зогсоох хэрэгтэй. Удахгүй онлайнаар гарын үсэг зурдаг веб сайт нээгээд хангалттай тооны хувьцаа эзэмшигчдээс гарын үсгийг нь авна. Сонгууль болох гэж байна, коронавирус гээд олны анхаарал өөр тийш хандчихсан байгаа үед 100 жил ашиглах Тавантолгойгоо 1 тэрбум ам.доллараар өгчихөж болохгүй.

Энэ жил анх удаа хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах гэж байна. Хэрвээ Д.Сумъяабазарын хувьчлах төлөвлөгөө цааш явах юм бол ахиж ногдол ашиг гэж байхгүй болно. Төмөр зам байгуулдаг мөнгө алга болно.

Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ:

Эрдэнэс Тавантолгой компани алга болоход бэлэн болчихлоо. Ялангуяа энэ жил тавдугаар сард мөнгийг нь өгнө гээд байгаа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 ногдол ашиг алга болохнээ. Энэ жилийн ногдол ашиг тараагдана. Дараа жилийн ногдол ашиг байхгүй гэж ойлгож болно. 2015 онд анхааруулж, сэрэмжлүүлж, улмаар зогсоосон. Одоо дахиад таван жилийн ой дээр Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх хоёр бодийг нь хөтөлчих гээд байж байна. ҮАБЗ, УИХ-д албан тоот явуулсан, хууль бус энэ ажиллагааг зогсоогооч ээ гээд У.Хүрэлсүх Ерөнхий сайдад албан бичиг явуулсан. Шийдвэр гаргах эрх бүхий улсуудад нь хандаад дийлсэнгүй. УИХ-ын 73 дугаар тогтоол, ЗГ-ын 296 дугаар тогтоол, Эрдэнэс Тавантолгой ХК-аас Эрдэнэс Майнинг гээд охин компани байгуулах шийдвэр нь хууль бус, УИХ Эрдэнэс Тавантолгойн 30 хувийг хувьчил гэж шийдсэн.

Б.Ганхуяг
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал

Эрдэнэс Тавантолгой ХК-нд өнөөдөр би 11 жил тасралтгүй нэр холбоотой байна. Энэ компанийн нэр хүнд болон ирээдүй миний гэр бүлийн адил үнэ цэнэтэй. Тиймээс жижиг зүйл дээр, хоёрын хооронд зүйл дээр тийм зүйл хийхгүй. Өнөөдрийн хүртэл Эрдэнэс Тавантолгойтой холбоотой хуулийг зөрчүүлээгүй,одоо ч зөрчихгүй, цаашид ч зөрчихгүй. Эрдэнэс Тавантолгой ХК-тай хулгай хол байна. Үүний төлөө бид сэтгэл зүрхээ зориулж ирсэн. Надад албан тушаал, улс төр хөөцөлдсөн зүйл байхгүй, УИХ-д нэр дэвшихгүй. Эхлүүлсэн төслөө хөгжил рүү нь хөтлөхийн төлөө ажиллаж байна.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бүрэлдэхүүнд хэд хэдэн компани бий. Эрдэнэс Тавантолгой майнинг, Тавантолгой төмөр зам, Тавантолгой түлш, Зүүнбаянгийн төмөр замын санхүүжилт гэх мэтчилэн хэд хэдэн зүйл хамаарал бүхий явж байгаа.

Эрдэнэс Тавантолгой майнинг компани бол компанийн нийт ашиглалтын тусгай лицензийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргахаар ажиллаж байна. Яагаад гэхээр компанийн 8.8. лицензийг бүгдийг нь эрсдэлд оруулаад гаргаж болохгүй. Тиймээс зөвхөн нэг лицензийг эзэмшиж байгаа компани.

Эрдэнэс Тавантолгой ХК өнөөдрийн байдлаар 1.1 сая тонн орчим нүүрс Цагаан хад болон бусад газар давхар экспортолчихсон. Эрдэнэс Тавантолгой майнинг 560 гаруй мянган тонн нүүрс гаргасан. Ингээд бодвол нийт 1.6 сая тонн нүүрс Цагаан хад болон бусад газар давхар экспортолсон. Энэ хоёр компанийн үйл ажиллагаа жигд явагдаж байна. Нүүрсний экспортод Эрдэнэс Тавантолгой арай илүү явж байгаа. Яагаад гэвэл бусад худалдан авагчид үүн дээр ажиллаж байна. Эрдэнэс Тавантолгой майнинг компани дээр Чалко компани нүүрсээ татаж байгаа. Тэгэхээр нэг компани нь нүүрсээ экспортлоод нөгөөх нь экспортлохгүй байна гэдэг бол ташаа мэдээлэл гэдэг дээр албан ёсоор мэдээгдэж байна.

Монгол Улсын Засгийн газар чиглэл өгсөн байдаг. Бусад төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаагаа явуулаад ирэхлээр компанийн ашиг орлого нэмэгдэнэ. Энэ хүрээнд шийдвэрлэх явах бүрэн боломжтой эдийн засгийн үзүүлэлт гэж ойлгож байна. 2019 онд 1 их наяд 80 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ зөвхөн олборлолтын үйл ажиллагааны ашиг. Үүнээс цаашлаад бусад төмөр зам, автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, хими технологийн үйлдвэр ашиглалтад ороод зам дагасан бусад үйлдвэрлэл, үйл ажиллагаа, жижиг дунд, хүнд хөнгөн үйлдвэрүүд ашиглалтад ороод эхлэхэд энэ ашиг хэд дахин нэмэгдэх бүрэн боломжтой. Үүний уур уурхайн яамтайгаа төлөвлөөд олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэйгээ тооцоод бүх мөнгөн урсгалыг нь гаргачихсан байгаа. Энэ бол монголчуудыг 200 жил тэжээх төсөл. Энэ том төслийг зөв замд нь оруулна. Ингэснээр үр дүнгээ давхар өгнө. Үүнээс 2018 оны үр ашиг хангалттай гараад иргэдийн гар дээр очих боломж нь бүрдэнэ.

Ашигтай ажилласан бол үр ашгаа бага ч бай, их ч бай ногдол ашгаа авах нь бизнесийн хууль. Энэ хуулийн хүрээнд ажиллаасай. Эхлүүлсэн төслөө хөл дээр нь босгосон, цаашид монголчуудын 200 жил тэжээх төслийн хөгжлийн зам нь ямар нэгэн саадгүйгээр хөтөлнө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж