“Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчээр өнөөдөр 3.2 сая гаруй хүн амтай Монгол Улс 70 гаруй шашны урсгалтай болсныг эрдэмтэн судлаачид сануулаад буй. Ингэж гаарах болсон нэг шалтгаан нь сүм хийдийн үйл ажиллагааг зохицуулсан ямар ч хууль эрх зүйн орчин Монголд байхгүй.
Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу сүм, хийд шашны үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл түр зогсоохоор болсныг мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн. Энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэхдээ “Нийслэлийн хэмжээнд шашны 15 урсгалын 321 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, буддын 80, христийн 189, шашны бусад урсгалын 52 сүм хийд үйл ажиллагаа явуулж байна” гэдгийг яриандаа онцлон хэлсэн.
Эдгээр сүм хийд дотор дэлхийн зарим улс оронд хуулиар нь хориглосон, гаж буруу урсгалын жагсаалтад орсон сүм, хийд цөөнгүй. Жишээлбэл, БНСУ-д ид хүчээ аваад буй христийн Шинчонжи урсгалын хэд хэдэн салбар Монголд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Улаанбаатар хотод энэ гаж урсгалын хоёр том цуглаан байдаг тухай ярьсан юм. Тэр цуглаанд хэдэн зуугаар тоологдох итгэгчийг бэлтгэдэг гэх.
“Шинчонжи” гэдэг нь “Шинэ тэнгэр, газар” гэсэн утгатай аж. Энэ шашны гаж урсгалын талаар Монголын эвангелийн эвслийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэ ярихдаа “Шинчонжи урсгал нь маш их идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, нийгэмд сөрөг үр дагаврыг авч ирж буй гаж урсгал. Энэ гаж урсгал Монголд хэд хэдэн салбартайгаар сургалт семинарыг өргөн цар хүрээтэйгээр хийдэг чуулган. Тэд худлаа ярихыг нүгэл гэж үздэггүй. Ариун зорилгынхоо төлөө худал ярих нь байх ёстой үзэгдэл гэж үздэг. Тийм учраас БНСУ-д тэд цугларч болохгүй гэсэн шийдвэрийг зөрчиж, мянга мянгаараа цуглаан хийсэн. Мөн өөрсдийн шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдлыг нуун дарагдуулсан. Үүнээс болж, тэр улсад мянга мянган иргэн халдварт өвчнөөр өвдөөд байна. Өнөөдөр эдгээр хүмүүсээс болж зөв урсгал чиглэлийн эвангелийн чуулганы олон мянган итгэгчид хэлмэгдэж байна. Нөгөө талаар энэ ташаа ойлголтыг ялгаж салгахын тулд хууль хяналтын байгууллагууд зөв, бурууг нь тогтоож ажиллахыг хүсч байна” гэлээ.
“Мүүнийн шашин”, “Шинэ тэнгэр, газрын сүм”, “Төгс хүчит бурхны сүм”, “Ээж бурхан”, “Еховагийн гэрчүүд” зэрэг нэлээд өргөн цар хүрээтэй гаж урсгалын сүмүүд далд хэлбэрээр Монголд үйл ажиллагаа явуулсаар байна. Монголд ойролцоогоор христийн шашны 30 орчим гаж урсгалын чуулган үйл ажиллагаа явуулдаг гэх албан бус тоо бий.
Монгол Улс 1993 онд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу Монгол Улсад олон шашны байгууллагууд зэрэгцэн оршиж, үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн бөгөөд сүм, хийд шинээр байгуулах зөвшөөрөл олгох ажиллагаа 1994 оноос эхэлсэн түүхтэй.
Монгол Улсад 1993 онд улсын хэмжээнд 93 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байсан бол 2004 онд 225 , 2016 онд 350, 2017 онд 344 сүм хийдийг тоолсон байна. Өнгөрөгч 2017 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагын 52.3 хувь нь христийн, 39.5 хувь нь буддын, 6.1 хувь нь исламын, үлдсэн 2.1 хувь нь бусад чиглэлийн шашны байгууллага байжээ.
Монголын эвангелийн эвсэлээс 2013-2015 онд хийсэн албан ёсны судалгаагаар Монгол Улсад 120-150 мянган христийн шашны итгэгч байдаг гэх тоон мэдээллийг гаргаж байжээ. Уг эвсэлийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэ байгууллагынхаа талаар мэдээлэл өгөхдөө “Манай байгууллага нь христийн шашны зөв урсгал чиглэлийн чуулгануудыг гишүүнчлэлдээ бүртгэж, гаж буруу сургааль онол, урсгалаас хамгаалдаг, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Монгол Улсын хэмжээнд манай байгууллагын гишүүнээр элссэн 600 гаруй чуулган байдаг. Сүүлийн үед олон нийтийн дунд христэд итгэх итгэл үнэмшлийг ташаа байдлаар ойлгох үзэгдэл нэлээд гарч байна. Бид гаж буруу, үндэсний аюулгүй байдалд болон нийгэмд сөрөг үр дагаврыг авч ирдэг цуглаан, урсгалаас хамгаалж, зөв мэдээлэл хүргэхийг хичээдэг.
Христийн гаж урсгал чиглэлийг хамгийн энгийнээр хоёр аргаар тайлбарлаж болно. Нэгдүгээрт, библийг өөрсдийнхөө хүсэл сонирхлын дагуу мушгин гуйвуулж, өөрсдийн зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд буруугаар тайлбарладаг. Хоёрдугаарт, гэр бүл, нийгмийн харилцаанд сөрөг үр дагаврыг авч ирдэг.
Харин эвангелийн чуулган бол библид бичигдсэн зүйлийг л тайлбарлаж, итгэгчдэдээ сургааль байдлаар хүргэдэг. Энэ нь төр засгаас гаргасан хууль тогтоомжид хүндэтгэлтэй хандаж, дуулгавартай байхыг зааж, гэр бүл бүрэн бүтэн, сайн сайхныг залбирч, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг” талаар ярилаа.
Тэрбээр “Гаж урсгалынхан маш их сургалт семинараар итгэгчдийн тархийг угааж, бодол санааг нь өөрчилж орхидог. Ингэхдээ тэд бидний хэрэглэдэг библийг ашигладаг. Гэхдээ өөрсдийнхөө тэргүүнийг тахин шүтүүлэх зорилготой байдаг. Гаж сургаальд нь хэт автсан хүмүүс гэр бүлийн халуун дулаан харилцаагүй болж, ажил төрлөөсөө холдох, төр засгийн байгууллагад захирагдах хэрэггүй, зөвхөн цуглаандаа бөөгнөрөхийг зөвлөдөг.
Мөн итгэгчдийг санхүүгийн хувьд хууран мэхлэх замаар их хэмжээгээр өргөл барьц нэхэж авдаг. Итгэгчдийг шинэ хүн олж ирүүлэхийн тулд болзол тавьж, төлбөртэйгөөр явуулдаг. Үүний зэрэгцээ христийн зөв урсгал чиглэлийн чуулганууд руу халдах, тэндээс итгэгчдийг нь татаж авах ажиллагааг хийдэг.
Эвангелийн чуулган бол хэзээ ч ийм арга замаар чуулганаа сурталчлан таниулдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид өөрсдийн амьдрал, ажил төрөл, зан байдлаараа нийгэмдээ манлайлж, бурхны сургаалийг түгээдэг. Мөн бид нэгдүгээр сарын 27-ноос эхлэн Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэр гарсан даруйд үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Саяхан Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 321 сүм хийдийн үйл ажиллагааг хүчээр зогсоосон мэт мэдээлэл хийсэн. Бид үүнээс өмнө үйл ажиллагаагаа зогсоосон гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Хэдийгээр ардчилсан нийгэмд иргэн хүн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй ч хэн дуртайд нь тархиа угаалгаж, мухар сүсэгт автсаар байх уу гэдгийг бодолцох цаг нэгэнт болжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ