Дотуур хувцас дур булаам байх албагүй

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

FASHION

Дотуур хувцас дур булаам байх албагүй

Дотуур хувцас дур булаам байх албагүй

Олон арван жилийн турш хатуулгатай хөхөвч, нарийн түвэгтэй хослол, туранхай, гоолиг хүнд л зориулсан дотуур хувцсаараа Victoria’s Secret брэнд дур булаам харагдах стандарт, олон нийтийн үзэл бодлын цензурыг тогтоосоор ирсэн билээ. Гэтэл хүн төрөлхтний гоо сайхныг үзэх үзэл нэг хэвэнд байхаа болихын хэрээр олон дотуур хувцасны брэнд шинээр төрөн гарч, хүн бүрийн хувийн гоо сайханд тохирох дотуур хувцаснуудыг үйлдвэрлэж эхэлснээр Victoria’s Secret асар их шүүмжлэл дагуулах болов.

Олон төрлийн хэмжээ, размер, арьсны өнгөтэй материалаас эхлээд өргөн сонголт дэлгүүрийн лангуунд ч, загварын тайзнаа ч худалдан авагчдын талархлыг хүлээснээр үйлдвэрлэгчид зөвхөн дотуур хувцас төдийгүй өөртөө итгэх итгэлийг түгээдэг болов.

Дотуур хувцасны үйлдвэрлэл 2017 онд 38 тэрбум ам.долларын зах зээлтэй байсан бол 2024 он гэхэд олон улсад 59 тэрбум ам.долларын зах зээл бий болгоно хэмээн Zion Market Research судалгааны төв тооцоолжээ. Тийнхүү зах зээл нэмэгдэхийн хэрээр сонголт, мэдрэмж ч олон янз болон хөгжих нь тодорхой.

Худалдааны технологийн Edited фирмийн судалснаас үзвэл орчин үед хүмүүс энгийн өргөгчтэй хөхөвчнөөс илүү бралет болон спорт хөхөвчийг ихээр сонирхох болсон байна. Victoria’s Secret нийт зах зээлийн 24 хувийг эзлэн АНУ-д тэргүүлсээр байгаа ч сүүлийн үед олон дэлгүүрүүдээ хааж, шоугаа зохион байгуулахаа больсон билээ.

Тийнхүү Victoria’s Secret брэндийн дэлгүүрүүд хаагдахын хэрээр олон шинэ брэндүүд өрсөлдөөнд оролцох сайхан боломж бүрдэж эхлэв. Тэрхүү шинэ брэндүүд илүү өргөн сонголт, мэдрэмжийг санал болгож буй нь хэрэглэгчдийн таашаалд ихээр нийцэж байна. Чухам тиймээс л хүмүүс дотуур хувцасны тухай уламжлалт стандартаас салж, зөвхөн өөртөө илүү их таалагдсан, биед хамгийн тухтай таарсан брэндүүдийг илүүд үзэх болов.

ХЭМЖЭЭ, РАЗМЕР

АНУ-ын шинэ брэнд Thirdlove тэргүүтэй бие даасан үйлдвэрлэгчид эмэгтэйчүүдийн өөртөө таарсан хэмжээтэй дотуур хувцсыг олоход хүндрэлтэй байдаг дутагдлыг сайн нөхөж чадаж байна. Хэйди Закын 2011 онд үүсгэн байгуулсан тус брэнд Victoria’s Secret-ийн дэлгүүрт зарагддагаас илүү биед эвтэйхэн хөхөвч үйлдвэрлэхийн тулд 600 сая гаруй хөхний хэмжээ, хэлбэр, завсрын размерийн мэдээлэл цуглуулан ажиллажээ. Улмаар өдгөө тус цахим брэнд худалдан авагчдадаа 78 өөр размерийг санал болгож буй аж. Хэрэглэгчдийн таашаалд тун сайн нийцсэн уг брэнд өдгөө 750 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийн эзэн болсон байна.

Гэхдээ ийнхүү олон төрлийн хэмжээ санал болгох нь аль аль талдаа амаргүй зүйл байж болох юм. Нэгэнт үйлдвэрлэсэн бол засварлах аргагүй байдаг тул хэт олон төрлийн бараа үйлдвэрлэх нь нийтийн сонголтыг улам түвэгтэй болгож магадгүй хэмээн “Дотно зөвлөгөө: Дотуур хувцсыг хэрхэн зөв сонгож, өмсөж, дурлах вэ” номын зохиолч Кора Харрингтон ярьжээ. Тэрбээр “Хөхөвчинд л гэхэд маш олон хэсэг бий. Хэмжээ, хөхний төрөл, хэлбэр гэх мэт. тиймээс бүх хүнд зориулж тус тусад нь хөхөвч үйлдвэрлэнэ гэдэг бараг л боломжгүй зүйл" хэмээн ярьжээ.

Харрингтон дотуур хувцсанд сонирхолтой хүмүүст зориулан блог хөтөлдөг бөгөөд түүний хэлснээр бол энгийн хөхөвчинд л гэхэд мөр, аяга, хэлбэр гэх мэтээс хамааран 20 төрлийн сонголт байх боломжтой гэнэ. Харин тансаг хэрэглээний Х хэмээн үзвэл энэ тоо 40-50 ч хүрэх боломжтой гэнэ.

Нэмээд онцгой гар хийц, давтагдашгүй загварыг хэлбэр хэмжээнд нь тохируулан урласнаар хүмүүсийн төсөөлдгөөс ч илүү үнэтэй бүтээгдэхүүн гарах тохиолдол олон байдаг аж.

“Хэрвээ олон янзын хүмүүст тохируулахыг хүсч байгаа бол 50-60 төрлийн размер гаргадаг байх хэрэгтэй. Энэ тал дээр ихэнх шинэ брэндүүд алддаг. Мөн ихэнх үйлчлүүлэгчид дизайн болон чанарт төдийлөн анхаардаггүй. Тэд ерөнхийдөө “түргэн” загварыг загварын тайзнаас хараад даган дуурайх сэтгэхүйтэй болсон байдаг учир хоёр долоо хоног л өмсөх хувцас хайх нь элбэг” хэмээн Харрингтон үзэл бодлоо хуваалцав.

Зарим брэндүүд харин тодорхой нэг бүлэгт зориулсан, эсвэл онцгой размерт анхаарч “размерийн дайн” дэгдээгээд буй. Жишээ нь Рианнагийн Savage X Fenty брэнд 3Х, 44DDD зэрэг “хөвсгөр” биед таарах бүтээгдэхүүн нэмэлтээр үйлдвэрлэж буйгаараа бусад дээд талдаа 46Н размер гаргадаг брэндүүдээс онцгойрчээ.

ОЛОН ТӨРЛИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ

Өсөн дэвжиж буй дотуур хувцасны зах зээл өмнө нь хангалттай үйлчилгээ авч чаддаггүй байсан трансжендер зэрэг үйлчлүүлэгчдэд өргөн сонголт санал болгох боломжтой болсон байна.

Монтреалд төвтэй Origami Customs брэнд хүйсийн ялгалгүйгээр өмсчболох дотуур хувцас үйлдвэрлэдэг гэнэ. Ийнхүү трансжендерүүд ч өмсч болох боломжийг бүрдүүлснээр тус брэнд энгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр ирсэн өмнөх дөрвөн жилийнхээ орлогыг хоёр нугалан олох болжээ.

Улмаар тус брэндийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хагас хувийг тус онцгой бүтээгдэхүүнүүд эзлэх болсон байна.

“Би үүнийхээ хариуд олон үйлчлүүлэгчдээсээ, ялангуяа трансжендер бүсгүйчүүдээс онцгой талархал ихээр сонсох болсон” хэмээн брэндийг үүсгэн байгуулагч Рэе Хилл сэтгэгдлээ хуваалцсан байна.

“Би бүх үйлчлүүлэгчтэйгээ нэг бүрчлэн харьцдаг. Ингэснээрээ уламжлалт дэлгүүрүүдийг бодвол илүү найдвартай, дотно харилцааг үйлчлүүлэгчидтэйгээ тогтоох боломж бүрддэг хэмээн би үзэж байна. Дур булаам байх гэдэг ойлголт хүн бүрт өөр өөр байдаг шүү дээ” хэмээн тэрбээр ярьжээ.

Олон онцлог, ялгаатай байдалд зориулсан сонголт ч энэхүү зах зээлд чухал байр суурь эзлэх болж. Жишээ нь Рианнагийн брэнд л гэхэд маш олон төрлийн арьсны өнгөнд зохицох материалтай бүтээгдэхүүн санал болгож, дээр дурдсан ThirdLove брэнд ч хоцролгүй есөн төрлийн арьсны өнгө бүхий хагас ханцуйтай хөхөвч үйлдвэрлэх болжээ.

Үүнээс өмнө анх Лондоны Nubian Skin тэргүүтэй брэндүүд 2014 онд нээгдэж, арьсны өнгөтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байдаг. “Бид олон ч брэнд өөр өөрсдийн гэсэн арьсны өнгөтэй дотуур хувцас үйлдвэрлэж байхыг үзсэн. Гэвч тэд тийм ч олон төрлийн өнгө гаргаж чаддаггүй байлаа. Шинэ брэндүүдийн хувьд эзэнд нь тохирох өнгөтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ёс биш ч алдаж болохгүй чадвар” хэмээн Хариингтон ярьжээ.

ХАРАГДАХ БАЙДАЛ

Бүтээгдэхүүнээ амжилттай зарахын тулд зөвхөн хэрэглэгчдэдээ тааруулан үйлдвэрлэх нь хангалтгүй. Харагдах байдал тун чухал. Жишээ нь бүх төрлийн биетэй модель хөлсөлж сурталчлах хэрэгтэй.

Жишээ нь Lonely брэнд. Тэд моделийнхоо зургийг янзлахаас өөрөөр нь харагдуулахыг илүүд үздэг. Тэр ч байтугай моделийнхоо үсийг янзалж, нүүрийг будахаас ч ихэнхдээ татгалздаг гэнэ. Тэд 35 гаруй өөр төрлийн хэмжээ өмсдөг моделиудыг хөлсөлж, маш олон орчинд зураг авдаг гэнэ.

Үүсгэн байгуулагч Хелен Моррисын хэлснээр тэр брэндээ 2009 онд буюу энэ бизнест тийм ч олон өрсөлдөгчгүй байхад эхлүүлэхдээ “Lonely girls” төсөлдөө ахмад настан, хөхүүл хүүхэдтэй ээжүүд, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй бүсгүйчүүдийг сонгон авч бүгдийнх нь зургийг цэвэр байгалийн гэрэлд авсан гэнэ.

“Бид сонгосон моделиороо дамжуулж бүх хүнд хүч чадал бэлэглэхийг хүссэн. Тэд өөрсдөө зурган дээр хэрхэн гарахыг хүсч байгаад голчлон анхаарч, ямар үедээ хамгийн тухтай байгааг нь ажигласан” хэмээн Моррис хэлжээ.

“Хөвсгөр” бүсгүйчүүдэд чиглэсэн Curvy Couture брэнд ч мөн адил уламжлалаас өөр модель сонгож ажилладаг. Ингэснээрээ бодит байдалтай илүү ойр байдал үүсгэж олон хэрэглэгчдээсээ талархал сонсох болсон хэмээн тус брэндийн худалдааны менежер Саммер Рөүз ярилаа.

“Бид өөр өөр хэмжээтэй, өөр өөр насны, хөхүүл болон дөнгөж хөхнөөс гарсан хүүхэдтэй гэх мэт олон модельтой хамтарч ажилладаг. Хүн амьдралынхаа аль ч үе дээр байсан өөрийгөө хамгийн сайхнаараа мэдрэх эрхтэй” хэмээн Рөүз өөрийн санааг хуваалцжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж