Малайзын засаг солигдсоноор Ш.Алтантуяагийн хэрэг замхрах уу?

Хуучирсан мэдээ: 2020.03.04-нд нийтлэгдсэн

Малайзын засаг солигдсоноор Ш.Алтантуяагийн хэрэг замхрах уу?

Малайзын засаг солигдсоноор Ш.Алтантуяагийн хэрэг замхрах уу?

Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамад хоёрдугаар сарын 24-нд урьдчилан мэдэгдэлгүйгээр огцрох өргөдлөө хаандаа өргөн барьсан. Түүний орыг залган 72 настай Мухеддин Яссин энэ долоо хоногийн эхээр Ерөнхий сайдаар томилогдсон юм. Мухеддин Яссин нь 2018 оны Малайзын парламентын сонгуульд ялагдаж, сөрөг хүчин болсон Үндэсний фронтын эвсэлтэй нэгдэн шинэ Засгаа бүрдүүлэх болсноор “урвагч” хэмээгдэж байна. Учир нь тэрбээр өмнөх ерөнхий сайд Махатхир Мохамадын баруун гар байв. Тэрбээр цаашид авлигатай тэмцэж, засаглалыг бэхжүүлэх амлалт өгчээ.

Мухеддин Яссин

Үндэсний фронт эвсэл нь Малайзын төрийн эрхийг 60 жил барьсны эцэст ерөнхий сайд асан Нажиб Разакийг даргалж байхад сөрөг хүчинд суудлаа тавьж өгсөн билээ. Үндэсний фронт эвсэл 2018 оны парламентын сонгуульд ялагдал хүлээхэд Ш.Алтантуяагийн хэрэг нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэдэг. Учир нь ерөнхий сайд асан Нажиб Разак бол Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн захиалагч гэгдэж буй. Малайзын сонгуулийн өмнө Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуу тус улсын иргэдэд хандан “алуурчдыг” сонгохгүй байхыг уриалж, хэргийн үнэн мөнийг илрүүлэхийг шаардсан нь санал хураалтын үр дүнд нөлөөлсөн гэж үздэг.

“НАЖИБ РАЗАК БОЛ ЗАХИАЛАГЧ”

Аллагыг үйлдсэн цагдаагийн хоёр офицерын нэг Азила Хадри өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард баримт дэлгэн Нажиб Разакийг захиалагч хэмээн мэдэгдсэн. Түүний мэдүүлэгт өгүүлснээр Нажиб Разак өөрийг нь болон өөрийнх нь шадар хүн Абдул Разак Багиндаг сүрдүүлж буй гадаадын тагнуул эмэгтэй Куала Лумпурт байгааг хэлээд түүний амийг хөнөөж, цогцсыг нь ор мөргүй алга болгох нууц даалгавар өгсөн гэжээ. Азила Хадри нь тухайн үед Нажиб Разак зэрэг төрийн өндөр албан тушаалтны аюулгүй байдлыг хариуцдаг Малайзын цагдаагийн тусгай хүчний гишүүн байжээ. Нажиб Разак нь өдгөө үндэсний хөрөнгө оруулалтын сангаас “1Malaysia Development Berhad” их хэмжээний мөнгө завшсан хэргээр шүүгдэж буй.

Нажиб Разак

Нажиб Разакийн холбоотон Абдул Разакийг 2006 онд Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт хамтарсан гэх хэргээр ялласан. Гэвч 2008 онд Малайзын Дээд шүүхэд Ш.Алтантуяагийн хэргийг шүүн хэлэлцээд Абдул Разакийн ялыг хэрэгсэхгүй болгож, Азила, Сирул нар цаазаар авах ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх хурлын үеэр Азилах нь 2014 онд батлан даалтад суллагдаад байхдаа Австрали улс руу зугтсан юм. Тэрбээр өдгөө Австралийн хорих төвд хоригдож буй. Азила нь өмнөх шүүх хурлын үеэр нотлох баримт, зарим баримтыг нуун дарагдуулсан гэх шалтгаанаар давж заалдах шүүх хурал явуулахыг шаардаж байна.

АЛЛАГЫН ШАЛТГААН

Абдул Разак нь хэрэг гарах үед Нажиб Разакийн шууд удирдлага доорх Малайзын стратегийн судалгааны төвийн батлан хамгаалах, стратегийн мэргэжилтнээр ажиллаж байв. Өдгөө 59 настай Абдул Разак нь Ш.Алтантуяаг түүний нууц амраг байсныг хүлээн зөвшөөрч, хороох тушаал өгсөн гэдгийг үгүйсгэсэн юм. Ш.Алтантуяа нь сүүлд 2006 оны аравдугаар сарын 19-нд Абдул Разакийн гэрийн гаднаас үл мэдэх автомашинд хүчээр суулган явсан аж. Харин өдгөө 66 настай Нажиб Разак хэлэхдээ Азилагийн мэдүүлгийг худал хуурмаг хэмээж, сөрөг хүчнээс олон нийтийн анхаарлыг өөр чигт хандуулах оролдлого гэж мэдүүлсэн.

Багинда эхнэр, охиныхоо хамт

Англи, Орос, Хятад зэрэг олон орны хэлээр чөлөөтэй ярьдаг орчуулагч, загвар өмсөгч Ш.Алтантуяа нь 2004 онд Хонгконгт явж байгаад Малайз улсын иргэн Абдул Разак Багинда гэгчтэй танилцсан аж. Тухайн үед Малайз улс усан хилээ хамгаалах зорилгоор шинээр шумбагч хөлөг авах шаардлага гарч, Абдул Разак Багинда болон түүний холбоотон Нажиб Разак нар Оросоос хөлөг онгоц худалдан авахдаа улсаас мөнгө шамшигдуулах санаа агуулж байжээ. Шумбагч хөлөг худалдан авах гэрээ Францад нууцаар болжээ. Эл хэрэг явдал гарахын өмнө Ш.Алтантуяа орчуулгын хөлс болох 500 мянган ам.доллароо авахыг хүсч Багиндад хандахад үл зөвшөөрчээ. Улмаар тэдний маргаан даамжирч, бүсгүй Багиндаг сүрдүүлснээр амиа алдахад хүрсэн аж.

МАЛАЙЗЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРЬ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.03.03) иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзсан. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Ш.Алтантуяагийн хэргийг үнэн зөв, шударга шуурхай шийдвэрлэх талаар Малайзын талтай хамтран ажиллах санал тавьснаа мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн сард Австралид болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснон-той уулзсан байв. Харин Малайзын тал мэдэгдэхдээ “Монгол Улсын иргэний амь насыг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ амаргүй, ээдрээтэй хэрэг тул тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой” гэсэн аж. Ш.Алтантуяагийн аав Шаарийбуу гуай Малайзын Засгийн газрыг хариуцагчаар татаж 100 сая малайз ринггитийг нэхэмжилсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж