"Эмэгтэйчүүд дарга болохын төлөө тэгш байдал ярьдаггүй юм" | News.MN

"Эмэгтэйчүүд дарга болохын төлөө тэгш байдал ярьдаггүй юм"

"Эмэгтэйчүүд дарга болохын төлөө тэгш байдал ярьдаггүй юм"

"Эмэгтэйчүүд дарга болохын төлөө тэгш байдал ярьдаггүй юм"

Шийдвэр гаргах төвшинд жендерийн тэгш байдлыг хангах бодлогын хэрэгжилт хангалтгүй байна. Энэ асуудлыг хөндөн,  УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Намрын чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед  эмэгтэй нэр дэвшигчийн  квотыг 30 хувиар тусгах санал орж ирсэн ч олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан. Шалтгаан нь юу байсан бэ?

-УИХ-д сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй бол 13 нь эмэгтэй.  Өмнөх зургаан парламенттай харьцуулахад энэ УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байгаа нь тооны хувьд ахисан үзүүлэлт ч зарим асуудлаар шийдвэр гаргах төвшинд бидний санал цөөдөж байна. Энэний гол шалтгаан нь нөгөө л тэгш бус байдал. Жишээлбэл, таны асуусан УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиар тогтоох заалтыг оруулж чадаагүй нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт,  эрэгтэй гишүүд нэр дэвших квотоо алдахаас айсан. Хоёрт,  тэд “Эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдээ дэмждэггүй. Эсрэг хүйсийн хоёр нэр дэвшигч нэг тойрогт өрсөлдөхөд эмэгтэй сонгогч эрэгтэйг нь илүү дэмждэг.  Олон нийтэд танигдсан нэг суудал авчрах эмэгтэй нэр дэвшигч цөөн байна” гэх зэргээр  үгсэн, Ардчилсан нам, МАН гэж ялгаралгүй амбицаа нэгтгэснээр санал хураах үед 30 хувийн квотыг дэмжилгүй унагаасан. Санал унасан учраас эмэгтэйчүүдийн квот хуучнаараа буюу 20 хувиараа үлдсэн.

Судлаад үзэхэд 2004-2008 оны парламентад таван эмэгтэй гишүүн сонгогдон ажиллах хугацаандаа эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхээр санал оруулж байсан ч унагаасан байдаг юм. Энэ явдал сая бас л давтагдлаа.

20 хувийн квот бол 2008-2012 онд ажилласан парламентын УИХ-ын сонгуулийн тухай хуульд суулгаж өгсөн заалт юм.  Үр дүнд нь 2012-2916 оны УИХ-ын сонгуульд 11 эмэгтэй гишүүн, 2016 онд 13  гишүүн сонгогдсон ч олон улсын эмэгтэй парламентчдын дунджаас 21.9 хувиар бага байна.

Уг нь 2005 онд  УИХ –ын 25 дугаар тогтоолоор Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг батлахдаа 2015 он гэхэд  улс төр, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 хувьд хүргэх зорилт тавьсан ч амьдрал дээр өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй.  Улс төрийн голлох намууд дүрэмдээ сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн 25-30  хүртэл хувь нь  эмэгтэйчүүд байна гэж тусгасан ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхэд эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг  кнопийн ард сууж байгаа эрэгтэй гишүүд дэмжээгүй.

Мөн энэ асуудлаар санал хураах үед эмэгтэй гишүүд маань 13-уулаа сууж байсан бол шийдвэр арай өөр гарах боломж байсан.

Нэг үгээр хэлбэл, үеийн үед УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг  30 хувиар тусгана гэж ярьсаар ирсэн ч эцсийн мөчид кноп дарахад энэ заалтыг унагачихаад байгаа нь эрэгтэй гишүүд эмэгтэйчүүдэд итгэх итгэл бага байгаатай л холбоотой юм.

-30 хувийн квот дэмжигдээгүй ч улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг болохуйц өөр заалт УИХ-ын сонгуулийн тухай хуульд туссан уу?

-УИХ-ын сонгуулийн тухай хуульд жендерийн тэгш байдлыг хангасан тэр тусмаа эмэгтэй нэр дэвшигчигчийг дэмжсэн тодорхой  зохицуулалт тусгаагүй. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй нэг гараанаас л өрсөлдөхөөр болсон.

-Дэлхийн улс орнууд улс төрд эмэгтэйчүүдийн оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд квотоос өөр ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Монголын улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах шаардлага байна гэж ярихаар зарим хүмүүс "Ямар амбицтай юм бэ. Дарга болмоор байгаа юм уу" гэхчлэн эрх мэдэл, албан тушаалтай л илүү холбох юм?

-Асуудлын гол нь эмэгтэйчүүд дарга цэрэг болох гээд юм уу, сандал ширээний хойноос яваад байгаа юм огт биш.  Харин улс орны хөгжил хүний хөгжил, тэгш байдлын тухай ойлголт юм.  Дэлхий дахинд өнөөдөр хатуу, зөөлөн бодлогыг ухаалгаар хослуулж чадсан улс хөгжиж,  хүний хөгжлийн индекс, аз жаргалын индексээр бусдыгаа тэргүүлж байна. Жишээ нь Скандиновын орнууд, Швейцарь, Германыг хар л даа.  Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо  Засгийн газрын танхимынхаа гишүүдийн 50 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлж байх жишээтэй.

Дэлхийн 30 гаруй орон жендерийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нам нь эмэгтэйчүүдийн квотоо баримталж чадсан бол төсвөөс 10-20 хувийн санхүүжилт олгохоор хуульчлаад өгсөн, мөн зарим орны улс төрийн нам нь санхүүжилтийнхаа 25-аас доошгүй хувийг сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэй нэр дэвшигчиддээ зарцуулах хууль хүртэл хэрэгжиж байдаг.  Мөн Хорватад парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоогоор тухайн намд төрөөс олгох санхүүжилтийг 10 хувиар нэмдэг бол Гүржид эмэгтэйчүүдийг олноор нэр дэвшүүлсэн намд төсвийн 30 хүртэл хувийн урамшуулал олгодог.гэх мэт тодорхой жишээнүүд байна.

Гэтэл Монголд эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжсэн бодлого байхгүй. “Бүгд тэгш адилхан. Чаддаг юм бол нэр дэвшээд өрсөлдөөд гараад ирээч л” гэдэг дүрэм үйлчилж байна.

-УИХ-ын хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.  Уг төсөлд эмэгтэйчүүдээ санхүүгийн хувьд дэмжих заалт оруулах боломж байгаа юу. УИХ дахь эмэгтэй гишүүд  энэ асуудлаар санал солилцдог уу. Таныг МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо/НАМЭХ/-ны Улс төрийн бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал хариуцсан, дэд ерөнхийлөгч тул эл асуудлаар санаачлага гаргаад ажиллах боломжтой гэсэн байр суурьтай гишүүд бас байна?

-Тийм ээ, улс төрийн нам, эвслийн эмэгтэйчүүдээ нэгтгээд уриалбал эмэгтэйчүүдээ дэмжих заалтыг оруулах боломж байгаа гэж харж байна.

Эмэгтэй нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа явуулахад шаардагдах хөрөнгө босгоход маш их хүндрэлтэй байдгийг олон улсын бүх судалгаа харуулдаг. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн сонгуулиудыг харахад намаасаа нэр дэвших эрх авах "нэр дэвшигчийн татвар" гэсэн өндөр босго үйлчилж ирсэн. Энэ нь эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг, ялгаварлал, бэрхшээл учруулдаг.

Жишээ татвал, Ардчилсан намын 100 саяын босго сонгуульд нэр дэвших олон эмэгтэй гишүүний эрхийг боомилж байгааг үгүйсгэх аргагүй юм. Харин манай намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчээсээ мөнгө авахгүй,  олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, ёс зүй, боловсролыг нь харна гэсэн. Энэ нь сонгуульд нэр  дэвших эмэгтэйчүүдэд маань чөлөөтэй амьсгалах боломж олгож байна.

Хаврын чуулган эхлэнгүүт  Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх учраас санхүүжилтийг тодорхой болгох, улс төрийн нам нь тэгш оролцоог хангасан тохиолдолд төрөөс санхүүжилт олгоно гэдэг заалт тусгавал хүссэн хүсээгүй хангах л болно. Тодорхой хэлбэл, улс төрийн намын санхүүжилтийг жендерийн тэгш байдалтай уяад өгчихвөл олон жилийн өмнө тавьсан зорилтыг хэрэгжүүлэх боломж руу нэг алхам урагшилна. Иймээс санхүүжилтийг шийдвэрлэх энэ асуудлаар бүх улс төрийн намын эмэгтэйчүүд, улстөрч эмэгтэйчүүд, улс төрийн намын удирдлагууд хамтарч ажиллахыг уриалж байна. Энэ нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдралд ужгирсан асуудлууд, тухайлбал, нийгмийн тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэндийн салбарын уналт, байгаль орчны сүйрэл, агаар хөрсний бохирдол зэрэг  тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд хатуу, зөөлөн бодлогыг ухаалгаар хэрэгжүүлэх шаардлага байна гэсэн үг юм. Иймээс шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, гүйцэтгэл үнэхээр үгүйлэгдэж байна.

-Та сая шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн гүйцэтгэл үгүйлэгдэж байна гэлээ. УИХ-д 13 эмэгтэй гишүүн ажилласнаар үр дүн гарсан уу. Та товч дурдахгүй юу? 

-Сүүлийн хоёр удаагийн УИХ-ын сонгуульд сонгогчид эмэгтэй нэр дэвшигчдэд итгэл үзүүлснээр үр дүн гарч байна. Тухайлбал, 2016 онд бүрдсэн парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдон ажилласнаар боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, нийгмийн хамгаалал, байгаль орчныг хамгаалах чиглэлд эрс өөрчлөлтийг хийж чадсан. Жишээ татвал, 198 цэцэрлэг, 134 сургууль шинээр баригдаж ашиглалтад оруулснаар гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог эрс бууруулж, цэцэрлэгт хүүхдээ сугалаагаар сонгож оруулдаг байсныг зогсоож чадсан.

Хүүхэд хамгааллын хөгжлийн төсвийг 2017  онд 130 сая төгрөгөөр баталж байсныг 2018 онд 6.4 тэрбум, 2019 онд 8 тэрбум болгож нэмэгдүүлэн,  хяналт тавьж ажиллаж байна. Санхүүжилтийг нь нэмэгдүүлэх шаардлагатай талаар уриалж, шийдвэрлүүлсний хувьд энэ асуудлыг онцолж хэлмээр байна.  Өмнөх Засгийн газрын үед эдийн засгийн хямрал нүүрлэсэн гэдэг шалтгаанаар хүүхэд хамгаалагч төслийг зогсоосон байсныг сэргээж, санхүүжилтийг нь нэмэгдүүлсэн.

Цалин, тэтгэврийг ч нэмэгдүүлсэн. Тодруулбал, багш нарын цалинг 2014 оны төвшнөөс 58 хувиар,  эмч, сувилагчийн цалинг 76 хувиар, төрийн албан хаагчдын цалинг 30 орчим хувиар тус, тус нэмэгдүүлсэн. 2018-2019 онд бүрэн тэтгэврийг 23.5 хувиар, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 25 хувиар, 2020 онд ч тэтгэврийг 8.8 хувиар нэмсэн. Ингэснээр  421.7 мянган иргэний тэтгэвэр нэмэгдэж дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болсон. Мөн зургаа хүртэл сая төгрөгийн ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх түүхэн арга хэмжээг авсан. Тэтгэврийн зээлгүй ахмадад нэг сая төгрөгийн үнэт цаас эзэмшүүлэх, тэтгэврийн шнэчлэл хийх эхний алхмыг ч хийлээ.

"Цалинтай ээж" хөтөлбөрийг гурван жил дараалан хэрэгжүүлсэн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад сар тутамд 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлүүлсэн. Агаар орчны бохирдлыг 50 хувиар бууруулах бодлогыг УИХ дахь эмэгтэй гишүүд, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо шийдвэрлүүлсэн.

"Үдийн цай" хөтөлбөр "Үдийн хоол" болж хэрэгжих гэж байна. Гэр бүлийг хамгаалсан, гэр бүл рүү чиглэсэн нийгэм болоод эдийн засгийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллалаа. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр зоригтой өөрчлөлтийг хийсэн гээд дурдаад байвал олон зүйлийг бид хамтдаа хийж чадсан. Бид илүү олуулаа болбол маш олон асуудлыг шийдэх боломж байна. Тэгэхийн тулд тэгш бус байдлыг халах шаардлага байгаа юм.

Ер нь нийгмийн энэ олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхгүйгээр, орлогын тэгш бус байдлыг халахгүйгээр популизм руу явах, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх ноцтой үр дагавар дагуулахаар байгааг мартаж болохгүй.

Өөрөөр хэлбэл, бид өнгөрсөн хугацаанд орхигдуулж ирсэн нийгмийн энэ олон тулгамдсан асуудлаа шийдвэрлэж, хөгжихийн тулд шийдвэр гаргах төвшинд жендерийн тэгш байдлыг хангах шаардлага байгаа юм.

Түрүүн би Скандиновын орнууд  дэлхийн хамгийн хөгжсөн орон болсон тухай дурдсан. Тэдгээр орнууд ямар бодлого хэрэгжүүлсэн бэ гэхээр шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоогоо нэмэгдүүлж, жендерийн тэгш байдлыг хангаж чадсанаар эдийн засгийн зөв бодлогоор дамжуулаад нийгмийн хамгааллын бодлогыг маш өндөр төвшинд хэрэгжүүлж чадсанд оршино. Энэнийх нь үр дүнд өнөөдөр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ нь үнэ төлбөргүй болсон байдаг.  Татварынх нь тогтолцоог судлахаар өндөр орлоготой нь өндөр татвар, бага орлоготой нь бага татвар төлдөг. Татварынх нь өмнөх, хойнох гарааг амьдралд нийцүүлж уяж өгсөн байдаг. Энэ нь эмэгтэй хүн асуудлыг илүү нарийн олж хардагтай холбоотой байх.

Өнөөдөр дээрх орнуудын  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эрүүл мэнд, Сангийн сайдынх нь албанд эмэгтэйчүүд сонгогдон ажиллаж байна.

-Монголын улс төрийн нэг гажуудал гээд хэлэхэд буруудахгүй болов уу. УИХ-ын байнгын хороодын дарга нар нь гол төлөв эрэгтэй гишүүд байдаг. Хуулийн төсөл дээр ажиллах болоход мөн л эрэгтэй гишүүдээ ахалж томилдог. Ажлын хэсэг байгуулсан ч мөн л энэ хүйсээс сонголт хийдэг. Дотор нь ажилладаг танд энэ илүүтэй мэдрэгддэг болов уу?

-Ний нуугүй хэлэхэд зөв харжээ.  Нэг асуудлыг судлахаар ажлын хэсэг гаргаад даргыг нь томилох болоход автоматаар эрэгтэй гишүүнийг л тавьдаг.  Эрчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй, унагаадаг,  хүлээн зөвшөөрдөггүй бохир улс төр нам дотор ч байна. Шүүмжлээд хэлэхээр хүлээн зөвшөөрөхгүй харин ч “Эмэгтэйчүүд та нар хоорондоо зохицож биенээ дэмжихгүй байхад ажил явахгүй шүү дээ” гэж ам тагладаг. Гэтэл цаагуураа хуйвалдчихсан л байдаг л даа.

Дараа нь хариуцаж байсан ажлыг нь эмэгтэй гишүүнд  шилжүүлээд ажиллуулахаар маш хариуцлагатай, маш олон асуудлыг олж хардаг, гүйцэтгэл нь сайн байдаг.

Ерөнхий сайд ч “Эмэгтэйчүүд маань эх хүн болохоор нийгмийн хамгааллын асуудалд илүү анхаарал хандуулж, асуудлыг шийдвэрлэдэг юм байна” гэж хэлж байсан.

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны зүгээс агаарын бохирдлыг бууруулах асуудлаар Ерөнхий сайдад хандан шаардлага тавиад гарц гаргалгааны талаар ярилцан, газар дээр нь хамт ажллах үед  “Эмэгтэй хүн УИХ-ын байнгын хороог ахлаад ажиллахаар их өөр юм байна шүү. Тавьж байгаа шаардлага зөв, хамтдаа шийднэ” гээд хэлж байсан, үр дүн ч гарсан. Жишээлбэл, агаарын бохирдлыг бууруулж чадсан. Монгол Улсын Ерөнхийлөгч ч агаарын бохридлыг бууруулах нээлттэй хэлэлцүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороо анхаарал, хяналт тавьж ажиллаж байгааг онцолсон. Хариуцсан ажлынхаа ард гарах, гүйцэтгэл сайтай гарах нь шийдвэр гаргах төвшнд ажиллаж байгаа хүний гол чанар байх ёстой.

Тэгэхээр цаашдаа бид юу хийх ёстой вэ гэхээр эмэгтэйчүүд нэгдэж, сонгогчдын боловсролд нөлөөлж, эмэгтэй нэр дэвшигчээ шийдвэр гаргах төвшинд гаргаж ирэх, эмэгтэйчүүдийг санхүүгийн хувьд дэмжих зэрэг нь маш чухал байгаа.

Улс төрийн намын удирдлага, эрэгтэй гишүүд эмэгтэй гишүүддээ итгэж, хүлээн зөвшөөрдөг болох нь ч мөн чухал байна.

-УИХ-ын сонгууль товлогдоход улс төрийн намууд чадварлаг эмэгтэйчүүдээ нэг тойрогт сойж хооронд нь өрсөлдүүлж унагасан тохиолдлууд олон гарсан.  2020 оны УИХ-ын сонгууль яах бол. Томсгосон 26 тойргоор УИХ-ын сонгууль зохион байгуулагдахаар энэ үзэгдэл хэр олон тойрогт давхцах бол?

-Жижиг можаритор байхад өмнөх сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчийг хооронд нь тулгаж өрсөлдүүлдэх, эсвэл хүчтэй эмэгтэйг гаргаж ирэхгүйн тулд хөрөнгөтэй бизнесмен хүнтэй нүүр тулгаж, галын шугам руу явуулдаг байсан.

Ойрын жишээ гэвэл 2016 оны УИХ-ын сонгуулийн  хамгийн халуун цэг рүү эмэгтэй нэр дэвшигч явсан. Том компанийн захирал, том даргатай эмэгтэй нэр дэвшигчдийг тулгаж байсан.

Одоо мөн адил эрэгтэй нэр дэвшигчийн адил төвшинд өрсөлдөж байж гарч ирнэ.  Хэрэв тойрог нь таван мандаттай бол хоёр нь эмэгтэй, гурав нь эрэгтэй нэр дэвшигч байх зэрэг зарчмыг Улс төрийн намын тухай хуульд тусгуулахаар гишүүд ажиллаж байна.

-Эмэгтэй нэр дэвшигчид УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд зардал гээд нэлээд асуудал босдог. Хаанаас хандив гуйж босгох вэ гээд. Энэ асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх бололцоо байдаг уу?

-УИХ ын сонгуулийн тухай хуульд эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдэд ижил заалт үйлчилж байгаа. Тус хуулийн 40.2-т Иргэн гурван сая, хуулийн этгээд 15 сая төгрөгийн хандив өгч болно.  Зардлын тухайд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 75.2-т Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежертэй байх ба шадар туслагч 500 сонгогч тутамд нэгээс илүүгүй, ухуулагч 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй гэж заасан. Энэ л өөрөө маш их зардал шүү дээ. Эрэгтэй, эмэгтэй гэхгүй адилхан босгоно. Сурталчилгаа, самбараас эхлээд PR гээд бусад зардлуудыг оруулбал дахиад л их зардал шаардлагатай.

Энэ бүхэн Монголд эмэгтэй нэр дэвшигч гарч ирэхэд чанга байна гэдгийг улстөрч эмэгтэй гишүүд ярьж байгаа.

Бусад улс орнууд энэ асуудлыг яаж шийдвэрлэдэг вэ гэхээр эмэгтэй нэр дэвшигчийнхээ сонгуулийн зардлын 50 хувийг нь хөнгөлдөг. Герман, БНСУ эмэгтэй нэр дэвшигчээ намын нэрсийн жагсаалтад оруулж, парламентдаа сонгодог. Санхүүжилт багатайгаас эмэгтэй нэр дэвшигч нь унах магадлал өндөр учраас бодлогын дэмжлэг үзүүлж, шууд сонгодог юм.

Үр дүнд нь Герман улсын канцлераар 2005 оноос хойш Ангела Меркель тасралтгүй ажиллаж байна. Батлан хамгаалах, Байгаль орчин, Барилга, Гэр бүл ба залуучууд, Хөдөлмөрийн сайд нь мөн л эмэгтэйчүүд. Шведийн Их  хурлын гишүүдийн 43.8 хувь нь, Финляндын парламентын гишүүдийн 41.5 хувь нь эмэгтэйчүүд байна.

Монголын хувьд тэс өөр.  Иймээс эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийн нэгэн адил  өрсөлдөх нөхцөлд шударга өрсөлдөөн л хамгийн чухал. Эмэгтэй нэр дэвшигчийг дарамтлах, сүрдүүлэх,  элдэв хорон сэдэл гаргахгүйгээр эрэгтэй нэр дэвшигчид шударга өрсөлдөх нь хамгийн зөв зарчим юм. Эмэгтэйчүүд бид ч УИХ д сонгогдсон бол хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлдэг, амласнаа хэрэгжүүлдэг, гүйцэтгэл сайтай ажилладаг, нийтийн эрх ашгийн төлөө баттай зогсох нь чухал юм гэдгийг хэлмээр байна.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж