Цаг үеийн зарим асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Шинэ коронавирусийн тархалтаас болж тодорхой хилийн боомтууд зогссонтой холбоотойгоор хамгийн эхлээд үзүүлж буй нөлөө бол нүүрсний экспорт. Энэ хэрээр төсвийн орлого тасрах нь. Өнөөдөр эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Коронавирус гэж айхтар өвчин дэлхийд гарч, дэлхийн болон Монголын эдийн засагт таагүй байдал үүсч байна. Энэ жил 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс эхний нэг сарын байдлаар төсвийн орлого 210 тэрбум орчим төгрөгөөр тасалдсан. Цаашид эдийн засагт учруулах эрсдэл хэр удаан үргэлжлэх үү гэдэг нь өвчний тархалтаас хамаарна. Одоогоор нөхцөл байдлыг дүгнэхэд эрт байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газраас авч хэрэгжүүлж ирсэн ажлуудын нэг нь эдийн засгийн нэг жилийн хүндрэлийг давах чадавхыг бий болгосон. Нэг жилдээ Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй үед нөхцөл байдлыг дордуулахгүйгээр аваад явах чадамжтай гэсэн мэдээллийг Сангийн сайд ч хэлсэн. Энэ чадавх дээрээ тулгуурлан нөхцөл байдалд зөв үнэлэлт, дүгнэлт өгч асуудалд хандвал эрсдэлийг даван туулах боломж бидэнд бий.
-Төлөвлөсөн 42 сая тонн нүүрс экспортлох боломжгүйд хүрч магадгүй гэсэн болгоомжлол байна. Төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортлохын тулд ямар арга хэмжээг авах шаардлагатай байна вэ?
-Нүүрсний экспортыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэхдээ зөв менежментээр явуулбал алдангийг нөхөх боломжтой. Өмнө нь хэвийн үйл ажиллагаатай үед Гашуунсухайтын боомтоор 2000 гаруй машин гардаг. Гашуунсухайтын боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг тооцоод үзвэл дээрх тооны машин гаргах боломж бололцоо нь хомс. Тэгэхээр нүүрсний машины тоог нь бууруулж, бүтээмжийг нь дээшлүүлэх боломж байгаа. Компаниуд нь хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж, төр нь бодлогоор дэмжих гэх мэт хаана хаанаа шуурхай ажиллаж байж нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрнэ.
-Эдийн засгаа дэмжих бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн тулд улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай гэдгийг зарим эдийн засагч хэлж байгаа. Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарсан уу?
-Яарч сандран төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж миний хувьд үзэж байгаа. Нөгөөтэйгүүр төсвийн хоёр сарын тасалдалтаар тодотгол хийх нь зохистой биш. Цааш өвчний тархалт хэр хугацаанд үргэлжлэхээс шалтгаалж, төсөвт тодотгол хийх эсэхийг шийдэх нь зөв байх. Магадгүй гуравдугаар сарын төгсгөл, дөрөвдүгээр сард төсөвт тодотгол хийх асуудал яригдахыг үгүйсгэхгүй. Тэр хүртэл нөхцөл байдал сайтар дүгнэж харах хэрэгтэй.
Хэрэв одоо төсвөө тодотгочихвол коронавирусийн өвчлөлийн тархалт буурахгүй энэ хэвээр дөрөв, тавдугаар сард үргэлжилбэл дахиад төсвөө тодотгох нөхцөл байдалд хүрч болзошгүй.
Тэгэхээр цаашдын явцыг харж байж зохих арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Төсөвт тодотгол хийхээр болбол хөрөнгө оруулалтууд, зардлуудыг эрэмбэлэх шаардлага бий.
-Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед эдийн засгийн дархлааг сайжруулах боломжийг та юу гэж харж байна вэ?
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн өсөлт нь тогтвортой байж ирээгүй. Энэ хэрээр эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь бага гэсэн үг. Өөрөөр хэлбэл ААН-үүд, ард иргэдийн амьдрал, улс орны хөгжилд онцгой нөлөөлсөн өсөлт болж чадахгүй байгаа. Тийм учраас эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангасан бодлогуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Олон улсад үүсч буй нөхцөл байдал, эрсдэлүүдийг тооцоолж, эдийн засгаа улам хүчтэй болгох, хуримтлалтай болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг жилийн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг давах чадавхыг бий болгосон шиг цаашлаад дахин хоёр жилийн хүндрэлийг даван туулах чадавхтай эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Ингэхийн тулд баялгийн менежментээ зөв хийх ёстой. Маш их хэмжээний баялаг гарч байгаа ч харамсалтай нь менежмент алга. Хоёрдугаарт, төрийн зохицуулалтуудыг хийх хэрэгтэй. Гуравдугаарт, төрийн менежментүүдийг өөрчлөх сайжруулах шаардлага бий. Энэ бүхнийг зөв тооцоолж ажилласны үр дүнд гарах эрсдэлүүдээс урьдчилан сэргийлж давж гарна.
-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед банкуудын зээлийн хүүг царцаах шаардлагатайг зарим ААН, иргэд илэрхийлж байгаа. Энэ нь хэр боломжтой вэ?
-Зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн хугацаанд 20 гаруй банк дампуурсан гэдэг. Өнөөдөр 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Төрийн болон Хөгжлийн банкнаас бусад нь бүгд хувийнх. Хувийн банкуудаас нэг банк нь 10 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Үлдсэн нь цөөхөн хувьцаа эзэмшигчтэй буюу гэр бүлийн банк болчихсон. Энэ банкуудын өөрийн эргэлтийн хөрөнгө нь маш бага. Арилжааны банкууд 500 тэрбум гаруй төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсныг та бүхэн мэдэж байгаа. Монголбанкны ерөнхийлөгчийн өгсөн мэдээллээр нэг банкны өөрийн хөрөнгийг 100 тэрбум болгоё гэсэн ч өнөө хэр 100 тэрбум төгрөгт хүрээгүй. 100 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөгүй банкийг ямар банк гэх юм бэ.
Хамгийн аюултай нь Монголд өнөөдөр өндөр хүүтэй хадгаламжууд их байна. Банкны секторын зээлийг хүүг бууруулахын тулд эхлээд хадгаламжийн хүүг бууруулах хэрэгтэй. Ингэснээр зээлийн хүү буурч цаашлаад зээлийг хүүг царцаах боломжтой.
Ойрын хугацаанд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж, бодлогын хүүг буруулах юм байна. Эдийн засагч хүнийхээ хувьд хэлэхэд бодлогын хүүг бууруулах боломж үүссэн. Бодлогын хүүг нэг хувь бууруулахад л эдийн засагт дэм өгдөг. Дагаад зээлийн хүү буурч, хөрөнгийн урсгал нэмэгдэж, энэ хэрээр иргэд, бизнес эрхлэгчдэд очих дарамт буурна.
-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд Засгийн газраас хэд хэдэн тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах болов уу гэсэн хүлээлт зарим намын зөвлөл болон гишүүдэд байна?
-Тийм ээ. Ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага бол бий. Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч нийгэм, эдийн засгийн хүрээнд авч хэлэлцэх асуудлууд цөөнгүй байна. Өчигдрөөс нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг нээлээ. Хөдөө гадаа ажиллаж байсан гишүүд түрүүчээсээ ирж байгаа байх. Миний хувьд сар шинэ хүртэл тойрогтоо ажиллаж байгаад ирсэн. Одоогоор ажил дээрээ сууж, хуулийн төслүүд дээр ажиллаж байна.
–Тэтгэврийн тогтолцоог хэрхэн өөрчлөх саналыг боловсруулах ажлын хэсэгт та орж ажиллаж байгаа. Тэтгэврийн шинэчлэлийг хэрхэн хийх вэ?
-Монголд нийгмийн даатгалын нэг л тогтолцоотой. Хоёр дахь тогтолцоо буюу хувийн тэтгэврийн тогтолцоо гэж дэлхийд бий. Ажлын хэсгийн гишүүд Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байна. Хувийн тэтгэврийн тогтолцоо нь улсад төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хувийг нь хувийн тэтгэврийн сандаа төлдөг байх тэр зохицуулалт юм. Тэтгэвэртээ гарахад орлогын хоёрдох эх үүсвэр нь бий болно гэсэн үг. Төрийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг байх, мөн хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг ийм зохицуулалтыг манай улс бий болгох ёстой. Ингэснээр хөрөнгийн зах зээл өргөжиж, төгрөгийн ханшийг тогтвортой барих зэрэг олон давуу талтай тогтолцоо гэж дэлхий нийтэд үздэг. Ажлын хэсэг ирэх хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийг хэлэлцэхээр ажиллаж байна. Мөн С.Бямбацогт, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд бид Хөгжлийн бодлого төлөвлөлийн тухай хуулийг өргөн барьсан. Энэ хууль батлагдвал Монгол Улсын хөгжилд өндөр ач холбогдолтой. Хөгжлийн нэгдсэн бодлого боловсруулах бие даасан байгууллага байгуулах шаардлагатай.
Холбоотой мэдээ