УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болоход ердөө гурван сар үлдлээ. Хэдийгээр коронавирусийн айдас дунд улс төр нам "зогссон" мэт боловч усалж, тодрох болсон улстөрчдийн популизм ид олширч буй. Нам, эвсэл гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуулийн зохицуулалтай. Дээрх хугацаанаас өмнө улс төрийн нам, эвсэлүүд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр боловсруулж дуусгахаар зэхэж байна.
Улс төрийн намуудын сонгуульд барьж орох гол зэвсэг бол мөрийн хөтөлбөр. Аль нам нь иргэд, улс орноо хөгжүүлэх бодлого боловсруулна тэр хэрээр сонгуульд ялах магадлал нь өндөр гэсэн үг. Өмнөх сонгуулиудаар улс төрийн намуудаас дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрүүдийг харахад тооцоо судалгаа муутай, хэрэгжих боломжийг сайн судлаагүй зөвхөн сонгогчдын саналыг авах зорилготой мөрөөдлийн жагсаалтууд амладаг.
Гэтэл дэлхийн улс төрийн ихэнх намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь тухайн намынхаа суурь бодлоготой нийцсэн байдаг. Манайд эсрэгээрээ тухайн сонгуульд зориулан олны анхаарал татах гэсэн популист амлалтуудыг мөрийн хөтөлбөртөө тусгадаг нь суурь баримтлах бодлоготойгоо зөрчилдөхөд хүрдэг. Нөгөөтэйгүүр ялсан намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьдаг, нэхдэг тогтолцоо одоогоор манайд алга. Улс төрийн намууд нь мөрийн хөтөлбөрийг мөрөөдлийн жагсаалт мэтээр боловсруулж сонгогчдыг саналыг авах нь тэдний гол зорилго.
2020 оны УИХ-ын сонгуульд улс төрийн намууд өнөөх л хоосон хийрхэл, чамин үгсээр дүүрсэн мөрөөдлийн жагсаалтаа гаргах нь уу эсвэл бодлогын түвшинд ахисан, Монгол Улсын хөгжил, иргэдийн амьдралд наалдахуйц ажил хэрэгч мөрийн хөтөлбөр боловсруулж байгаа эсэхийг нь судаллаа.
Сонгуулийн тухай хуулийн 26.1-т Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Сондгой тоотой эсвэл байгуулаад нэг нам нь эвслээс гарахад эвсэл хүчинтэй байна гэж хуульчилсан.
МОНГОЛ АРДЫН НАМ: Өнөөгийн эрх баригч нам 2016 оны УИХ-ын сонгуульд "БИД ХАМТДАА" уриан дор
- Иргэдээ ядуурлаас аварч
- Эдийн засгаа хямралаас гаргаж
- Эх орноо өрнөөс салгаж
- Төрийн дампуурлыг засч
- Тэгш журамт, баян хүчирхэг МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА. Таны амьдралын үе шат бүрт зориулсан бодлогыг бид хэрэгжүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Үүний хэрэгжилт нь өнөөдөр ямар түвшинд байгааг сонгогчид дор бүрнээ тунгаана биз ээ. Эрх баригч нам 2020 оны сонгуульд дахин ялалтаа бататгахыг хүсэх нь тодорхой. Одоогоор тус нам мөрийн хөтөлбөр дээрээ ажиллаж байгаа бөгөөд 2016 онд амласан зорилго, зорилтуудаа үргэлжлүүлэх бололтой.
Түүхийг сөхвөл МАН-ын үе үеийн сонгуулиудад оролцож ирсэн уриануудыг нь онцолбол, 1992 онд "Эх орон ард түмнийхээ төлөө" гэсэн уриатай оролцож байжээ. 1996 онд мөн "Эх орон ард түмнийхээ төлөө" гэсэн уриатай сонгуульд оролцсон бол дараа нь 2000 онд "Төрөө хямралаас түмнээ ядуурлаас гаргая" гэсэн агуу уриатай орж байсан. Түүнчлэн 2004 оны үед "Таны төлөө тантай хамт", 2016 онд 65 суудал авахдаа “Бид хамтдаа” уриан дор "Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгийн хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журам баян хүчирхэг Монголыг цогцлоож чадна" гэсэн уриатай ялалт байгуулж байжээ.
АРДЧИЛСАН НАМ: 2016 оны сонгуулиар АН “Монгол хүн-2020” хөтөлбөртөө бага зэргийн засвар хийж боловсруулсан. Өөрөөр хэлбэл, Ажилтай орлоготой, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Аюулгүй орчинтой, Эрх чөлөөтэй Монгол хүн гэх мөрийн хөтөлбөр үндсэн концепцийн хувьд өөрчлөгдөөгүй. Харин 2020 оны сонгуульд улс орны өнөөгийн чиг хандлага, нөхцөл байдалд тохируулан шинэ мөрийн хөтөлбөрийг боловсруулж байгаа аж. Ардчилсан нам гишүүдийн оролцоотой бодлогын нам болох зорилтын хүрээнд шат дараалсан олон ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн. Энэ удаад ч мөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрт гишүүд, дэмжигчид, иргэдийн саналыг тусгахаар зорин ажиллаж буй. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар баримтлах бодлого чиглэлийг 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр тусгах юм байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт иргэдийн саналыг тусгах үндэсний IV аяны хоёрдугаар үе шат эхэлж, гуравдугаар сарын 1-20-ны өдрүүдэд цахим хэлбэрээр орон даяар үргэлжилнэ.
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ: УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулаад дуусч байгаа юм байна. 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө шинэчлэн найруулжээ. МАХН 2016 оны сонгуульд “Жаргалын найман хот” түүнийг дагасан 450 өрхийг тэг түрээсийн зарчмаар орон сууцжуулах хөтөлбөрийг дэвшүүлж байсан. Мөн оюутнуудын сургалтын төлбөрийг төрөөс даадаг болох, шинэ хотын бүтээн байгуулалтаар ажилгүйдлийг бууруулах зорилт тавьсан. Тэгвэл дээрх хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэхээс гадна Монголын Улсын иргэдээ төрийн хамгаалалтад авах бодлого боловсруулж мөрийн хөтөлбөрөө тусгажээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт хувьсалт хийж, мөнгөгүйн улмаас эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй байдлыг таслан зогсоохыг зорьжээ. Тухайлбал, Англи, Франц, Швед, Норвеги, Герман зэрэг улсын эрүүл мэндийн тогтолцоог нэвтрүүлэхээр мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Мөн гэр хорооллын өрхүүдийн тоог цөөрүүлж, орон сууцжуулах хөтөлбөрийг дэвшүүлж байгаа юм байна. Энэ хүрээнд иргэд урьдчилгаа төлөлгүйгээр мөн банкны зээлийн хүүнд хүүлүүлэхгүйгээр орон сууцанд оруулах тэр нөхцөлийг мөрийн хөтөлбөртөө боловсруулж байгаа талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга тодотголоо. Түүнчлэн хөдөө орон нутагт амьдарч буй малчдаа ч орхигдуулахгүйгээр малчид өвөлжөөндөө байшинтай болох тэр бололцоог хангахаар дэвшүүлсэн байна.
ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ НАМ /ШИНЭН/: УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 34 дэх нам болж өнгөрсөн оны есдүгээр сарын 12-ны өдөр Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Тус нам байгуулагдсан цагаасаа эхлэн 21 аймгаа хоёр удаа тойрчээ. Уулзалтын үеэр иргэдээс гарсан саналуудыг 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тусгаж байгаа аж. Тус намын мөрийн хөтөлбөрийн үндсэн концепци нь Монгол Улсад сахилга бат, дэг журам, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлд голлон анхаарах гэнэ. Түүнчлэн салбар салбарын мэргэжлийн холбоодоос авсан саналууд дээр үндэслэн мөрийн хөтөлбөртөө тусгах юм байна. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/-тай БНН, Монгол үндэсний ардчилсан нам/МҮАН/-эвсэж, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор санамж бичиг зураад байгаа билээ.
БҮГД НАЙРАМДАХ НАМ: Одоогоор мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа аж. 2020 оны УИХ-ын сонгуульд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/эвсэж орно. Энэ тухайгаа БНН-ын дарга Б.Жаргалсайхан хэлэхдээ “АН, МАН, МАХН гээд бусад бүх нам МАНАН бүлэглэийнх. 27 жил Монголын ард түмнийг үгээгүй гуйлгачин болголоо. Нийтээрээ ажилгүй, өр зээлд орсон. 2020 оны сонгуулиар сонгогчид саналаа шударга өгмөөр байна. Тав, арван төгрөгөөр саналаа өгдгөө одоо болих хэрэгтэй, өөрсдөө л хохирно шүү” гэв.
ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ: Тус намын хөгжлийн үзэл баримтлал ХҮН ДЭЭД үзэл. Үндэсний эрх ашиг, Монгол ХҮН гэсэн хөгжлийн үзэл баримтлалтай. Энэ хүрээнд 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө Монголын Улсын иргэдийн хөгжил хүү анхаарч боловсруулж байгаа аж.
МОНГОЛЫН НОГООН НАМ: МНН нь “Даян Дэлхийн Ногоонтнуудын тунхаг”-ийн үзэл санааг тусган Монгол улсад “Экологийн баримжаатай нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах” хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг эрхэмлэдэг. Тус намын хувьд 2016 онд боловсруулсан сонгуулийн мөрийн хөтөлбөрөөрөө оролцох юм байна. МНН нь 2016 оны УИХ-ын сонгуульд Монголын улс төрд “прагматик улс төрийн бодлого”-ыг дэвшүүлэн нийгэмд “хувьсгалт өөрчлөлт хийх” Цэвэр төрийн “Гурван цэвэр” хөгжлийн номлол буюу Цэвэр нийгэм, цэвэр эдийн засаг, цэвэр байгаль орчин гэсэн хүрээнд мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Энэ хүрээнд “олон нийтийг хамарсан ядуурал”, “нийгмийн баялгийн шударга бус хуваарилалт” болон “орчны бохирдолт” зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж Тусгаар тогтнол эв нэгдлийн намтай эвсэж оролцож байв. Тэгвэл 2020 оны сонгуульд МАХН болон “Гэр хорооллын хөгжил” намтай эвсэхээр саналаа хүргүүлжээ.
ҮНЭН БА ЗӨВ НАМ: Социал демократ үзэл баримтлал бүхий төвийг сахисан нам юм. Тус нам хөгжлийн хувьсгал, хариуцлагын хувьсгал, сонгуулийн хувьсгал, сэтгэлгээний гэсэн дөрвөн хувьсгал хийхээр зорьж буй. Энэ хүрээндээ 2020 оны сонгуульд улсаа засаж, хөгжүүлэх, үндсэн чиглэлийг таван бүлэг 30 зүйлд багтаан санал болгожээ.
Холбоотой мэдээ