Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснээс хойш найман хяналтын цэгт ачаалалтай байна. Өдрийн 16:30 цагийн байдлаар нийт 51 чиглэлд 164 тээврийн хэрэгслээр 6888 зорчигч замд зорчжээ. Сонгинохайрхан дүүргийн Эмээлт шалган нэвтрүүлэх цэг буюу 22 товчоогоор нийт 5152 тээврийн хэрэгсэл, 15910 зорчигч орж, гарсан байна. Үүнээс хот руу орсон 2637 тээврийн хэрэгсэл, 8265 зорчигч байгаа юм. Харин 2515 тээврийн хэрэгсэл, 7645 зорчигч нийслэлээс гарчээ.
Мөн нийслэлийн зүүн товчоо буюу Налайхын шалган нэвтрүүлэх цэгээр мөн 16:00 цагийн байдлаар нийт 3033 тээврийн хэрэгсэл, 13378 зорчигч орж, гарсан байна. Үүний 1750 тээврийн хэрэгсэл 10950 зорчигч нийслэл рүү нэвтэрсэн бол 1283 тээврийн хэрэгсэл, 2425 зорчигч Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөн хийжээ.
Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснээс хойш хоёр хоног хяналтын цэгүүд ачаалалтай байх төлөвтэй байна гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Хяналтын постуудад Тээврийн цагдаагийн алба болон Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагч нарт шалган нэвтрүүлэх цэгүүдэд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хот руу орж байгаа болон гарч буй зорчигчдын биеийн дулаан, халууныг хэмжиж байгаа бөгөөд сэжигтэй тохиолдол болон ямар нэгэн зөрчил илрээгүй байна. Мөн тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцохоос өмнө ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ