УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин Монгол Улсын Ерөнхий прокурор /МУЕП/ Б.Жаргалсайханд өнөөдөр /2020.03.03/ хүсэлт хүргүүллээ.
Тэрбээр “Монгол Улсын Прокурорын тухай хуульд прокурор нь үйл ажиллагаандаа хуулийг нэг мөр хэрэглэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг баримтлах тухай заасан. Хуулийг нэг мөр хэрэглэхдээ орон нутаг, салбар, байгууллагын онцлогийг үл харгалзана хүний эрх, эрх чөлөө нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалахдаа зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна гэж заасан байдаг. Энд дурдагдсан салбар гэдэгт улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбар чиглэл орно. Харин байгууллага гэдэгт Улсын их хурал, Засгийн газар гэх зэргээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй төр, төрийн хэвшлийн бүх байгууллага хамаардаг. Ингэснээр аливаа салбараас үл шалтгаалан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр, хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэх зарчмыг хэрэгжүүлж байгаа хэлбэр юм. Хоёр жилийн өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд Монгол Улсын Засгийн газрын харьяа Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас илт сонирхлын зөрчилтэй гэдэг нь олон нийтэд ил болсон. Уг асуудал нь нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн учраас прокурор шүүхэд хандах ёстой.
УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙН АВСАН ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ БУЦААН САНД НЬ ТӨВЛӨРҮҮЛЭХ ЁСТОЙ
Учир нь нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн “Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт” гэх 20 дугаар зүйлийн 20.2 дэх хэсэгт Монгол Улсын төрийн тодорхой албан тушаалуудыг нэр заан, тэдгээрийн албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд нээлттэй тендер шалгаруулалтаас бусдаас төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч байж болохгүй гэж заасан байдаг.
Хуулийн энэхүү хориглолтыг зөрчсөн бол байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгох, төрөөс гарсан зардлыг буцаан төлүүлэх хууль зүйн зохицуулалттай.
МУЕП Б.Жаргалсайхан Үндсэн хуульд төрийг төлөөлж шүүх хуралдаанд орно гэсэн заалтын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж УИХ-ын нэр бүхий гишүүдийн авсан зээлийн хөрөнгийг буцаан санд нь төвлөрүүлэх ёстой. Гэрээ хэлцлүүдийг хүчингүй болгох хэрэгтэй. Хариуцлагаас тойрч, зугатаж ханалаа. Тиймээс МУЕП нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай прокурорын чиг үүргийг хэрэгжүүлэн хууль зөрчиж хийгдсэн нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд, албан тушаалтнуудын төрөөс баталгаа гарган авсан зээлийг төлүүлж төрийг алдагдалгүй болгох асуудлыг шийдвэрлэж өгсөн" гэлээ.
УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин прокурорт хүсэлт хүргүүллээ
Posted by News.mn on Monday, March 2, 2020
Э.БУРАМ
Холбоотой мэдээ