Английн Премьер лигийн Челси багийн ахлах дасгалжуулагч Фрэнк Лампард өнгөрөгч амралтын өдрүүдэд баг нь Борнмут багтай 2-2 харьцаатай тэнцсэнд болон багийнх нь довтлолгооны тамирчид тааруу байгаад бухимдалтай байгаагаа илэрхийллээ. Борнмут багтай тэнцсэн тус тоглолтод Испани зүүн жигүүрийн хамгаалагч Маркос Алонсо хоёр гоол оруулан багаа хожигдохоос аварсан юм.
Өдгөө 41 настай Фрэнк Лампард " Бид Борнмуттай хүнд тоглолт хийнэ гэдгээ төсөөлж байсан. Тэд ч тийм тоглолт үзүүлж чадлаа гэхдээ бид энэ тоглолтод хожих ёстой байсан юм. Бид сайн бөмбөг эзэмшиж, олон гоол оруулах боломжуудыг үүсгэсэн. Багийн маань үзүүлсэн тоглолт сайн байсан. Бидэнд илүү олон гоол хэрэгтэй байна. Маркос Алонсогийн хувьд тун сайн тоглолтыг үзүүлж чадсан. Гэвч би хамгаалагчийнхаа нэрийг гоолын самбар дээр байхыг хармааргүй байна. Би довтолгооныхоо тамирчдын нэрсийг самбар дээр хармаар байна. Гэвч тэд чадахгүй байна. Бид өнөөдөр ялах ёстой байсан ч энэ чинь Премьер лиг шүү дээ. Улирал хамгийн эгзэгтэй үедээ ирээд байна. Бид үүн шиг тоглолтыг үзүүлээд байвал улирлын төгсгөлд амьд гарахгүй. Хэрэв бид эхний дөрөвт орохыг том амжилт гэж харж байгаа бол биднийг урт зам хүлээж байна" хэмээжээ.
Лампардын Челси багийн хувьд довтлогчийн асуудал үнэхээр хэцүү харагдаж байгаа. Оливьер Жиру, Тамми Абрахам, Мичи Батшуай зэрэг тамирчид бэртэл гэмтэл болон формын асуудалтай байгаа. Багийн үндсэн довтлогч 22 настай Тамми Абрахамын хувьд УЕФА Аваргуудын лигийн хүрээнд Байерн Мюнхен багтай хийсэн тоглолтын үеэр шагайндаа бэртэл аван, хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байна.
Лондон хотын Челси баг Английн Премьер лигт 45 оноотой дөрөвдүгээр байранд бичигдэж байгаа бол тэдний араас Манчестер Юнайтед 42 оноотой, Волверхэмптон 42 оноотой, Тоттенхэм Хотспур 40 оноотой жагсч байна.
Холбоотой мэдээ