Замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.11.06-нд нийтлэгдсэн

Замын хөдөлгөөний ачаалал 20 хувиар нэмэгджээ

Нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг зөөж, шилжүүлэх, дугуй түгжих үйлчилгээ зогссоноор хөдөлгөөний ачаалал 20 хувиар нэмэгджээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотод замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг илрүүлж таслан зогсоох, түгжрэлийг бууруулах чиглэлээр ачигч , чирэгч автомашиныг ажиллуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-ын дагуу Замын цагдаагийн газар хувийн дөрвөн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогссон, зам тээврийн осолд холбогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодсон зөрчлүүдийг гаргасан этгээдийн тээврийн хэрэгслийг журамлан тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж эхэлсэн. Харин 2013 оноос Замын хөдөлгөөний удирдлагын төвийн харъяанд ачиж журамлах алба байгуулагдаж ачиж журамлах үйл ажиллагааг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчиж зогссон тээврийн хэрэгслүүдэд хэрэгжүүлж эхэлсэн байна. 2014 оноос эхлэн Замын цагдаагийн газартай долоон аж ахуйн нэгж гэрээ байгуулан замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд бусдын хөдөлгөөнд саад болж зогссон тээврийн хэрэгслүүдийг ачиж журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласнаар замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, саатал үүсдэг байдал 20 хувиар буурч, гудамж замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар 15 хувиар нэмэгдсэн байна.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлөөр ачиж зөөвөрлөгдсөн тээврийн хэрэгслийн судалгааг сүүлийн гурван жилээр гаргахад 2013 онд 8994, 2014 онд 32481, 2015 оны 8 дугаар сарын байдлаар 34218 байна. Харин нэгдүгээр эгнээнд тавьсан автомашиныг зөөж, шилжүүлэх, дугуй түгжих арга хэмжээ авах нийслэлийн Засаг даргын захирамж нь зарим хуулийн заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн эцсийн шийдвэр гарах хүртэл дээрх ажиллагааг түр түтгэлзүүлэх шийдвэр гарсны дагуу  09 сарын 10-ны өдрөөс хойш зогссон байна.

Уг зохицуулалт хэрэгжиж эхлэснээс хойш иргэд нэгдүгээр эгнээнд автомашинаа орхих, замын хөдөлгөөнд саад учруулах нь байдал эрс буурч байсан ч шүүхийн шийдвэрийн дагуу түр зогссоны дараа дахин байршуулах тохиолдол нэмэгдсэн гэдгийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд, хөдөлгөөний ачааллыг зохицуулах тус ажиллагааг хуульд нийцүүлэн зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн зохих журмыг боловсруулан НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хариуцаж ажиллана.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж