Гандан, хийдүүд цахимаар засал ном уншиж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Гандан, хийдүүд цахимаар засал ном уншиж байна

Гандан, хийдүүд цахимаар засал ном уншиж байна

Монголчууд сар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэдэг уламжлалтай. Энэ өдрүүдэд сүсэгтэн олны хөлд гандан хийдүүд дарагддаг байлаа. Учир нь, шинийн 15-ны дотор засал номоо хийлгэснээр үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үржигддэг гэсэн ойлголт сүсэгтнүүдэд байдаг.  Гэвч, хулгана жилийн хувьд шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор сүм, хийдүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон билээ.

Төмөр хулгана жилийн засал номоо уншуулах хүсэлтэй сүсэгтэн олонд хандаж Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц “Шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх гэж иргэд яардаг учраас энэ жил  өвчний аюул холдсоны  дараа засал номыг тусгай лам нар өдөр товлож байгаад  хийнэ” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг My.gandan.mn  цахим сайтаар айлтгаж байна. Харин Зүүн хүрээ Дашчойлин хийд Dashichoiling апп-аар дамжуулан  тус хийдийн ойр орчимд байх үедээ Zuun Khuree гэсэн Wi Fi сүлжээнд үнэ төлбөргүй нэвтэрч, номоо захиалах бөгөөд хэрэв хол зайнаас захиалах бол апп-аас ном захиалгын программ руу нэвтрэх эрхийн купоныг  худалдан авч номоо захиалах юм байна. Төлбөрөө аль ч банкны карт ашиглан төлж болох аж.

АЛЬ Ч ҮЕД ИРГЭД НОМ УНШУУЛЖ, ЗАН ҮЙЛ ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ

ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДИЙН ОЛОН НИЙТТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ ДАРГА Ж.ОДГАРЬД:

-Ерөнхийдөө сүсэгтэн олон шинийн 1-15-нд ном уншуулж, засал номоо хийлгэдэг нь эртнээс тогтсон ёс заншил, зан үйлийн нэг юм. Нөгөө талаас бар сарын шинийн нэгэн буюу  хаврын тэргүүн сарын 15-ны хугацаанд бурхан багш эрт хувилгаан үзүүлж, ном номлосон үе. Энэ үед алив буяны үйлийг үйлдвэл үлэмж илүү буюу  эгэл жирийн өдрөөс илүү тустай гэж сүсэгтэн олон, бурхны шавь нар үздэг. Ер нь аль ч үед иргэд ном уншуулж, зан үйл хийлгэх боломжтой ч заавал цагаан сарын шинийн 1-15-нд засал, номоо хийлгэхийг зорьж эрхэмлэдэг нь ийм учиртай. Гэхдээ сар бүрийн шинийн нэгнээс 15-н хүртэлх хугацаа биш юм гэдгийг ойлгох нь зүйтэй" гэв. 

Бурхны шашинд шинийн 15-нд багтаан ном уншуулж, засал хийлгэнэ гэж айлдаагүй гэж зарим лам нар үзэж буй ч  иргэдийн олонх нь Цагаан сарын шинийн нэгнээс 15-нд багтаж засал, номоо хийлгэх эртний уламжлалаа дагадаг. Мөн залуусын хувьд жилийнхээ заслыг хийлгэх тал дээр ач холбогдол өгдөггүй бол ахмад настнууд энэ ёс заншлыг илүү эрхэмлэдэг гэдгийг лам нар хэлж байв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж