“iPhone” ухаалаг утасны хуучин загваруудын үйлдлийн системийг удаашруулж, хэрэглэгчдийг хохироосон үйлдлийнхээ төлөө АНУ-ын “Apple” компани хагас тэрбум ам.доллар хүртэлх нөхөн төлбөр олгох болжээ. Тус компани шинээр гаргасан бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд "iPhone 6-7 plus" болон "SE" загварын утаснуудын үйлдлийг удаан болгосон аж.
АНУ-ын Калифорни муж улсын Сан-Хосе хотын Дүүргийн шүүхээс мэдээлснээр “Apple” компани хуучин “iPhone” хэрэглэгч тус бүрд 25 ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ. Хэчнээн хэрэглэгч шүүхэд гомдол гаргаснаас шалтгаалан нөхөн төлбөрийн хэмжээ багасч болох ч багадаа 310 сая ам.долларыг “Apple” компани төлөх аж. Бүтэн хоёр жил үргэлжилсэн шүүхийн зарга “Apple” компани гэм буруугаа хүлээн зөвшөөрч, тохиролцох санал тавьснаар өндөрлөж байна. Тохиролцох гэрээг ирэх дөрөвдүгээр сарын 3-нд АНУ-ын шүүхээс баталснаар нөхөн төлбөр олгох ажил эхлэх аж.
“Apple” компани 2018 оны нэгдүгээр сард уучлал гуйж, хэрэглэгчдэдээ утасны баттерей шинээр солих үнийг 79 ам.доллароос 29 ам.доллар болгон бууруулж байв. Үүнээс үүдэж 2018 онд тус компанийн орлого бага зэрэг буурсан аж.
АНУ дахь iPhone 6, 6 Plus, 6S, 6S Plus, 7, 7 Plus or SE загварын хэрэглэгчид 2017 оны арванхоёрдугаар сарын 21-ээс өмнө гар утсаа худалдан авсан бол нөхөн олговор авах боломжтой аж.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Холбоотой мэдээ