Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор сүүлийн өдрүүдэд БНСУ-аас дамжин орох монгол иргэдийн хөдөлгөөн эрчимжсэн учраас Сэлэнгэ аймгийн ачааллыг бууруулах зорилгоор зэргэлдээ аймагт тусгай эмнэлгийн ор бэлджээ. Тодруулбал, Улсын Онцгой комисс гуравдугаар сарын 1-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоосон. Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор л нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд БНСУ, Япон, Итали, Иран Улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, монгол иргэдээ оруулах хэдий ч 14 хоног тусгаарлаж ажиглахаар болсон юм.
Тухайлбал, өчигдөр 22.30 цагт Сүхбаатар боомтод Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг 54 зорчигчтойгоор ирсэн бөгөөд мөн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тусгай чиглэлийн автомашин гарган Хиагт хотоос есөн том хүн, хоёр хүүхэд нийт 11 монгол иргэнийг татан авч 19:10 цагт улсын хилээр нэвтрүүлсэн байна. Улмаар хяналт тандалт хийж, Дархан-Уул аймагт ажиглалтад авахаар хүргүүлжээ.
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас мэдээлснээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 80 монгол иргэн ажиглалтад тусгаарлагдаж байгаагаас сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 16 иргэний 13-ийх нь хариу сөрөг гарч, гурван хариу хүлээгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас ОХУ-аар дамжин ирж буй монгол иргэдийг зохион байгуулалттайгаар эх оронд нь авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч иргэд мэдээллээ үнэн зөв өгөхгүй байх, цаг хугацаа алдуулах зэргээр төрийн албан хаагчдын ажилд хүндрэл учруулах явдал гарсаар байгаа аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ