Дэлхийн хөлбөмбөгийн нэгэн цагийн оддын нэг Дэвид Бекхэм зодог тайлсан ч гэсэн хөлбөмбөгөөсөө холдохыг хүссэнгүй. Тэрбээр АНУ-ын хөлбөмбөгийн Мэжор лигт Интер Майами хэмээх өөрийн багаа хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар байгуулж, асар их хөрөнгө зарсан. Тэгвэл түүний Интер Майами баг өчигдөр/2020.03.02/ Мэжор лигийн анхны тоглолтоо Лос-Анжелес багийн эсрэг хийж харамсалтайгаар ялагдал хүлээлээ. Багийнхаа анхны тоглолтыг үзэх гэж 100 гаруй хөгжөөн дэмжигчид Майами хотоос Лос-Анжелес хотыг зорьжээ.
Энэхүү тоглолт Лос-Анжелес багийн Банг оф Калифорниа цэнгэлдэхэд зохион байгуулагдаж талбайн эзэд шинэхэн баг болох Интер Майами багийг 1-0 гэсэн харьцаатай яллаа. Тоглолтын агуулгын хувьд хоёр баг нээлттэй харилцан довтолж , нийтдээ 36 цохилт хийжээ. Тус тоглолтын цорын ганц гоолыг Лос-Анжелес багийн Мексик довтлогч Карлос Вела нэгдүгээр үеийн 44 дэх минутанд оруулж багаа ялалтад хөтөллөө. Карлос Вела өмнө нь Арсенал, Уэст Бромвич Албион, Реал Соссьедад зэрэг Европын томоохон багуудад тоглож байсан юм.
Интер Майами багийн ахлах дасгалжуулагч Диего Алонсо багийнхаа тоглогчидтой дөнгөж хоёрхон сарын хугацаанд хамтран ажиллаж байгаа ажээ. Тус баг нь 11 сая еврогоор Родолфо Пизарро, 8 сая еврогоор Матиас Пеллигрини, 5.5 сая еврогоор Хуалиан Гарранза зэрэг залуу тоглогчдыг эгнээндээ элсүүлсэн байна.
Интер Майами баг дараагийн тоглолтоо энэ сарын 8-нд Мэжор лигийн хүрээнд Д.С Юнайтед багийн эсрэг хийнэ. Харин шинэ цэнгэлдэхдээ хийх албан ёсны тоглолт нь энэ сарын 15-нд ЛА Галакси багтай юм байна. Дэвид Бэкхем Ла Галакси багт 2007-2012 онуудын хооронд тоглож байсан. Интер Майами баг нь 2018 онд үүсгэн байгуулагдаж, энэ сарын 14-нд шинэ цэнгэлдэх болох 18 мянган хүний суудалтай Интер Майами цэнгэлдэхээ ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ