Турк, ОХУ-ын эрх ашиг Сирийн асуудал дээр зөрчилдөж эхлэв

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Турк, ОХУ-ын эрх ашиг Сирийн асуудал дээр зөрчилдөж эхлэв

Турк, ОХУ-ын эрх ашиг Сирийн асуудал дээр зөрчилдөж эхлэв

АНУ-ын өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр Сирийн бүс нутгаас цэргээ гаргах шийдвэр гаргаснаар тус бүс нутагт Турк болон ОХУ геополитикийн гол тоглогчид болон үлдсэн билээ. Үүний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар ОХУ-ын Сочи хотноо уулзаж, Сирийн асуудлын талаар олон цагийн турш нухацтай ярилцсаны эцэст Сирийн найман жилийн иргэний дайныг төгсгөх “түүхэн” хэлэлцээр байгуулснаа зарласан юм.

Уг уулзалтын үр дүнд хоёр удирдагч харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд "Сирийн асуудалд АНУ оролцох орон зай үгүй боллоо” хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байв.

Гэхдээ Москва Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг дэмжин агаарын хүчээр хангаж байхад Турк дэглэмийг огцруулахыг хүсч буй босогчдын бүлгүүдийг дэмжиж ирсэн. Хэзээнээс тусдаа байсан ашиг сонирхол “түүхэн хэлэлцээр” хийгээд ч нэгдэж чадсангүй, саяхнаас дахин сөргөлдөж эхлэв.

Өнгөрсөн долоо хоногт Сирийн Идлиб мужид болсон зэвсэгт мөргөлдөөнөөс болж Турк, Оросын харилцаа эрс муудаж, Туркийн тал Оростой дайтахад бэлэн байгаагаа мэдэгдсэн.

Учир нь Оросын агаарын хүчнээр дэмжүүлсэн Сирийн Засгийн газар Идлиб дэх Туркийн армид цохилт өгсний улмаас тус улсын 34 цэргийн алба хаагч амь үрэгдсэн юм. Үүний дараа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Анкарад шуурхай хуралдаан зарлаж, Сирийн цохилтын эсрэг хариу арга хэмжээ авах тухай зэвсэгт хүчний удирдлагуудтайгаа хэлэлцжээ. Ингээд удалгүй Сири дэхь Туркийн зэвсэгт хүчин Ассадын цэргийн эсрэг байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн.

Хэдийгээр Орос улс ажиллагааг шууд гүйцэтгээгүй гэдгээ мэдэгдсэн ч Туркийн армийн цэргүүдийг босогчдын байрлалд байсныг мэдээгүй, Туркийн талаас урьдчилж мэдээлэл өгөөгүй гэдгийг ч мөн онцолсон юм.

Ингээд маргааш нь Туркийн Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөхүүдийн нэг Месут Хакки Часин “Оростой дайтахад бэлэн. Хэрэв байдал ийм дээрээ тулбал ОХУ-д муслим шашинтнууд их байдаг учир дотроосоо задрах аюултай” хэмээн сэдэгдсэн байна.

Удалгүй Турк улсын хүсэлтээр НАТО Сирийн асуудлаар шуурхай хуралдаан зарлан хуралдсан юм. Сирид болж буй нөхцөл байдлын улмаас нэг сая орчим иргэн дотооддоо шилжин суурьшиж, үүний 60 орчим хувийг хүүхдүүд эзэлж байгаа аж. Иймээс сөргөлдөгч талуудыг галаа зогсоохыг НҮБ, Евроын холбоо зэрэг олон улсын байгууллагууд уриалсаар байгаа юм.

Ерөнхийдөө Туркийн тал Сирийн армийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсаар байвал ОХУ ч зүгээр суухгүй нь мэдээж. Улмаар энэ нь түгшүүртэй байдлыг даамжруулах нөхцөл бүрдээд байна. Гэхдээ шинжээчид хоёр улсын хооронд зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсээд байгаа ч дайтах хэмжээнд хүрэхгүй гэж үзэж байна. Туркийн талаас л түрүүлж алхам хийхгүй бол ОХУ, Туркийн хооронд мөргөлдөөн гарах магадлал бага юм. Дайтлаа гэж бодоход Турк улс Оросоос цэргийн тоогоор дөрөв дахин, зэвсэглэлээр 10 дахин бага. Түүнчлэн ийм нөхцөл байдал үүсэх нь Оросын хувьд ч эдийн засгийн талаас хохиролтой учир харьцангуй хүлээцтэй хандаж байна.

Саяхан болсон үйл явдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бид хэнтэй ч дайтах гээгүй. Харин хэлэлцээрийг илүүд үзэж байгаа. Гэхдээ бидний эсрэг тэмцэхгүй байх нөхцөл байдлыг бий болгохын төлөө ажилласаар байх болно” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS, CNBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж