Цэвэр агаарт гарахыг хориглох нь коронавирусээс сэргийлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Цэвэр агаарт гарахыг хориглох нь коронавирусээс сэргийлж чадах уу?

Цэвэр агаарт гарахыг хориглох нь коронавирусээс сэргийлж чадах уу?

 Дэлхий нийтийг түгшээж байгаа коронавирусийн халдвараар урьдчилан сэргийлж, төр засгаас шат дараалсан олон арга хэмжээг авч, цагдаа, мэргэжлийн хяналт, эмч мэргэжилтнүүд хүн амынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа нь сайшаалтай. Гэвч нөгөө талаараа эрх баригчдын шийдвэрийн дагуу "хөл хоригдсон"  иргэд Богдхан уул, Зайсан толгой руу цэвэр агаарт гарах эрхгүй гэртээ “хашигдаж”, өдрийг цахим орчинд өнгөрүүлэхэд хүрсэн. 

 Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/223 дугаар захирамжийн дагуу  баар,  кинотеатр, дэн буудал, сүм хийдүүдийн үйл ажиллагааг зогсоосон төдийгүй амралт,  цанын баазууд үүдээ хаагаад байна. Гэтэл цэвэр агаарт гарч, уул хаданд авирангаа дархлаагаа дэмжих хүсэлтэй хүмүүс олон байгаа юм. 

Нийслэлийн аялал жуулчлалын газраас амралт, сувиллын газар, цанын баазыг энэ сарын 30-н хүртэл үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн. Тус газрын дарга Д.Батсүхийн хэлснээр өнөөдрийн байдлаар 40 орчим амралтын газар үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоожээ. Эдгээр газрууд нь Нийслэлийн аялал жуулчлалын газарт албан ёсны бүртгэлтэй аж. Хотын ойролцоох ногоон бүс, амралтын газар, цанын баазууд ямар учраас вирус тархах эрсдэлтэй ангилалд багтах болсныг Нийслэлийн аялал жуулчлалын газар дараах тайлбарыг өглөө.

ЯВГАН АЯЛАЛ, АМРАЛТЫН ГАЗАР ВИРУСИЙН ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.БАТСҮХ:

-Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы захирамж, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр  гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн дэн буудал, амралт, сувилал, цанын баазууд гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулахгүй. Уг захирамжийн хэрэгжилтийг биелүүлэх үүднээс Нийслэлийн аялал жуулчлалын газарт бүртгэлтэй нийслэлийн ногоон бүс, амралт сувиллын газруудад үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох тухай мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна. Одоогоор үйл ажиллагаа явуулсан амралтын газар байхгүй.  Хэдийгээр цэвэр агаарт гарах нь чухал ч хэн нэгний болгоомжгүй үйлдлээс болж коронавирусийн халдвар дэгдэхийг үгүйсгэхгүй. Тухайлбал, Богдхан ууланд амралтын өдрүүдэд зургаан мянга гаруй иргэн аялдаг.  Ууланд нарийн жимээр иргэд олноороо явах үедээ амны хаалт зүүхгүй байх, нус цэрээ нийх, тамхи татах зэрэг болгоомжгүй үйлдлээс коронавирусийн халдвар тархах магадлал өндөр. Иймд явган аялагчдын гол маршрут болсон Богдхан Уул, Чингэлтэй хайрхан орчимд иргэдийг явган аялах, амарч зугаалахыг хориглоод байна. Мөн амралтын газар хүмүүс найз нөхдөөрөө цуглах, нэг дор бөөгнөрөх, нэг тавагнаас хоол идэх зэрэг нь халдварт өвчин үүсэх өндөр магадлалтай. Дэлхий дахинд хурдацтай тархаж буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд төрийн байгууллагаас гаргаж буй шийдвэрийг дагаж, хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Нийслэлийн аялал жуулчлалын газраас захирамжийн биелэлтийг хангуулах үүднээс холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

АМНЫ ХААЛТ ЗҮҮГЭЭГҮЙ БОЛ ГЭР БҮЛЭЭРЭЭ САЛХИНД ГАРАХЫГ "ЗӨВШӨӨРӨХГҮЙ"

Хэдийгээр нийслэлийн ногоон бүс, амралт жуулчны баазууд хаалгаа барьж, хөл хорио тогтоосон ч нийслэлийнхэн амралтын өдрүүдийг дөрвөн хананы дунд бүгэж, цахим орчинд өдрийг үр ашиггүй өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа.  Тиймээс  өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн онцгой байдлын газраас цагдаа, мэргэжлийн хяналт, дүүрэг, хороодын ажилтан зэрэг нийт  90 гаруй алба хаагч иргэд олноор цуглаж болзошгүй есөн амралтын газар 20 уулын аманд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Хяналт шалгалтаар 1093 автомашинтай 3852 иргэнийг уулын амнаас буулгаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 НОБГын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч  Б.МЯГМАРЖАВ:

-Цагаан сарын баяр амралтын өдрүүдээр хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор нийслэлийн оршин суугчид уулын аманд салхинд гарах тохиолдол их байсан. Бид тухай бүрт нь шаардлага тавьж иргэдэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч зохион байгуулсан.  Мөн амралтын өдрүүдэд  нийслэлийн оршин суугчид гэр бүлээрээ салхилах гэж олноороо цугларах тохиолдол цөөнгүй гарч байна. Агаар дуслын замаар дамжих халдварт өвчин, коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагаас иргэд тогтмол цэвэр агаарт салхинд гарах зэрэг зөвлөмжийг хүргүүлсэн байдаг.

Зөвлөмжийн хүрээнд иргэд олноороо биш гэр бүлийн хүрээнд агаар салхинд гарч болно. Гэхдээ амны хаалтаа зүүсэн, хүн бүр аюулгүй байдлаа хангасан тохиолдолд энэ нь боломжтой. Ийм тохиолдолд заавал иргэдэд шаардлага тавихгүй.

Зөвлөмж өгч ажиллана. Харин олон хүн цуглардаг уулын аманд чаргаар гулгах, амралт зугаалгын хэлбэрээр хоол унд хийж идэхгүй байх шаардлагатай” гэлээ.

Нийслэлийн онцгой байдлын газраас холбогдох албаны хүмүүстэй хамтран иргэд олноороо цугларч болзошгүй төвийн бүсийн зургаан дүүрэг, Богдхан, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх гэсэн нийслэлийн дөрвөн ногоон бүсэд хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Хяналт шалгалтыг амралт, аялал жуулчны бааз, нийслэлийн ногоон бүсэд 12:00-22:00 цаг хүртэл явуулж байгаа аж. Иргэдийн хувьд амралт чөлөөт цагаараа ууланд гэр бүлээрээ эрүүл агаарт өнгөрүүлэхийг илүүд үзэж байгаа ч энэ нь коронавирусийн халдвар дэгдэх эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй хэмээн Нийслэлийн онцгой комиссоос болгоомжилж байна.

ХОТЫН НОГООН БҮС ОРЧИМД ОЛОН ХҮН ЦУГЛАХ ШАЛТГААН НЬ ГЭР БҮЛИЙН АЯЛАЛ

Нийслэлийн онцгой комиссын Нарийн бичгийн дарга Д.ОЮУНБАТ:

-Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас гаргасан  шийдвэрээр амралт, жуулчны бааз, цанын бааз, сүм хийдүүдийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Одоогоор амралт, жуулчны бааз ажиллахгүй. Харин сувиллын үйл ажиллагааг хориглоогүй. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг цуцалж, хөл хорио тогтоосон ч иргэд гэр бүлээрээ цэвэр агаарт гарах, олноороо цугларах тохиолдол гарлаа. Баярын өдрүүдээр албан хаагчид Туул голын мөсөн дээр гэхэд л  хүүхдүүдээ гулгаж тоглуулахаар олон хүн цугларсныг таслан зогсоож, иргэдэд зөвлөмж өгч ажилласан.

Иргэд гэр бүлээрээ цэвэр агаарт гарч болно. Гэхдээ энэ нь олон хүн цугларах, хүний бөөгнөрөл үүсгэх  улмаар коронавирусийн халдварт өвчин дэгдэх эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэх магадлал өндөр. Тиймээс амралт, жуулчны баазын үйл ажиллагааг түр зогсоож, нийслэлийн ногоон бүсэд аялах, явган алхахыг хориглосон шийдвэр гаргасан. Нийслэлийнхний хувьд гэр бүлийн хүрээнд олны хөлөөс зайдуу ууланд гарах, аялах боломж нь хязгаарлагдмал байгаа.

Иймд хотоос ойрхон бүсэд хүмүүс гэр бүлээрээ агаарт гарч, хүүхдүүдтэйгээ цэвэр агаарт өнгөрүүлэх гэсэн хүмүүсийн бөөгнөрөл үүсч байгаа нь улмаар халдварт өвчин дэгдэх магадлал өндөр байна. Учир нь коронавирусийн халдвар нь агаар дуслын замаар дамждаг гэдгийг та бүхэн мэднэ. Бидний зүгээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхээр бид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч байна гэлээ.

ДЭМБаас хүн өдөрт 30 минут буюу түүнээс дээш хугацаагаар идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл 10,000 алхах шаардлагатай гэж зөвлөдөг. Идэвхтэй хөдөлгөөн хийснээр сэтгэл санаа тайвширч, стресс, бухимдлаас сэргийлэх, биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, цусны даралт ихсэхээс сэргийлэх, үе мөчний хөдөлгөөн сайжруулах зэрэг олон талын чухал ач холбогдолтой.

ЦЭВЭР АГААР ДАРХЛААГ ДЭМЖИХ БОЛОВЧ ОЛНООРОО АЯЛАЖ, ЗУГААЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Угтаа бол цэвэр агаарт иргэд гэр бүлээрээ амарч,  чөлөөт цагаа өнгөрүүлэх нь халдварт өвчний тээгч болох бус дархлаагаа дэмжих, вирусээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг эмч мэргэжилтнүүд ч зөвлөдөг. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад “Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд аль болох тайван байх, сайн унтаж амрах, аарц, адууны махаа хэрэглэ, гараа тогтмол угаа цэвэр агаарт алх гэдэг зөвлөмжийг өгч байгаагийн учир нь дархлааг дэмжих юм. Дархлаа сайн бол коронавирусийн халдварыг давж гарна. Хэдийгээр цэвэр агаар  дархлааг дэмжих, вирусийн өвчлөлөөс сэргийлэх ач холбогдолтой боловч олноороо салхинд гарахгүй байх нь зүйтэй. Цэвэр агаарт, ууланд нэг болон хоёр хүн явж байгаа тохиолдолд бид явган аялахыг нь хориглоогүй. Хүний бөөгнөрөл гэдэг нь таваас дээш хүн байхыг хэлж байгаа юм. Найз нөхдөөрөө агаар салхинд гарах, нэг тавагнаас хоол идэх, нэг аяганаас цай уух зэрэг эрсдэлтэй нөхцөл байдлыг л бид хориглож, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байгаа юм” хэмээсэн юм.

Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы захирамжаар өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 30-н хүртэл амралт, жуулчны бааз, нийслэлийн ногоон бүсэд аялахыг хориглосон ч гэр бүлийн хүрээнд амны хаалтаа зүүн аялж байгаа нөхцөлд ямар нэгэн хориг тавих шаардлагагүй гэдэгт албаны хүмүүс санал нэг байна. Харин найз нөхдөөрөө болон олон хүн цугларах газарт аялж, зугаалахыг хатуу хориглож байгаа гэнэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж