Коронавирусийн өмнө “хүчгүйдсэн” долларын тэрбумтнууд

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

Коронавирусийн өмнө “хүчгүйдсэн” долларын тэрбумтнууд

Коронавирусийн өмнө “хүчгүйдсэн” долларын тэрбумтнууд

Шинэ төрлийн коронавирусийн халдвар өнгөрсөн Даваа гариг (2020.03.02)-ийн байдлаар дэлхийн 65 оронд тархаад буй юм. Энэхүү өвчин дэлхийн эдийн засаг болон дэлхийн баячуудын хувьд том сорилт болж байна. Бид энэ удаа “Дэлхийн эдийн засаг” буландаа коронавирусийн халдварын улмаас дэлхийн баячууд хэр их хохирол амсч байгаа тухай мэдээллийг онцолж буй юм.


Гадны хэвлэлүүдэд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт дэлхийн баячууд коронавирусийн халдварын улмаас олон тэрбум долларын хохирол амсч байгаа талаар мэдээлж эхэлсэн. Гэхдээ хамгийн их хохирол амссан арван тэрбумтаны дунд Азийн нэг ч бизнесмен байхгүйг “Forbes” онцолжээ. “Covid 19”-ийн дэгдэлтийн улмаас хамгийн их алдагдал хүлээсэн 10 тэрбумтны жагсаалтыг дэлхийн хамгийн баян хүн, “Амазон”-ыг үндэслэгч Жефф Безос тэргүүлсэн байна. Тэрбээр долоо хоногт 14.1 тэрбум долларын алдагдал хүлээжээ.

Жагсаалтын хоёрдугаарт, хөрөнгө оруулагч, дэлхийн дөрөв дэх баян хүн Уоррен Баффет 9,8 тэрбум долларын алдагдлаараа бичигдсэн байна.

Жагсаалтын гуравдугаарт “Tesla” болон “SpaceX” компанийн захирал Элон Маск орсон бөгөөд түүний хөрөнгө 8.9 тэрбум доллараар буурчээ.

Коронавирусийн халдварын улмаас хамгийн их хохирол амссан арван тэрбумтны тоонд Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг (хасах 8.5 тэрбум), сервер болон програм хангамжийн “Oracle” компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон (хасах 7.7 тэрбум), “Louis Vuitton Moët Hennessy” группийн эзэн, Европын хамгийн баян хүн Бернард Арнаулт (хасах 7.4 тэрбум) нар тус тус орсон байна.

Мөн “Google”-ийг үүсгэн байгуулагч Ларри Пейж, Сергей Брин нар хамгийн их алдагдал хүлээсэн 10 тэрбумтны тоонд багтжээ. Тэдний алдагдал 7,3 болон 7 тэрбум доллараар хэмжигдэж байгаа аж. Жагсаалтад “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс (хасах 6.6 тэрбум), “Zara” сүлжээг үүсгэн байгуулагч Амансио Ортега (хасах 6.1 тэрбум) тус тус багтжээ. Долоо хоногт эдгээр бүх бизнес эрхлэгчдийн нийт хохирол 83 тэрбум доллар давсан байна.

Өмнө нь “Bloomberg” агентлаг дэлхийн хамгийн баян эрхмүүд коронавирусийн халдварын улмаас долоо хоногт нийт 444 тэрбум доллар алдсан хэмээн тооцоолж байв. Тус агентлагийн мэдээлснээр, дэлхийн хамгийн баян хүмүүсийн 80 хувь нь коронавирусийн халдварын улмаас алдагдал хүлээжээ.

Мөн энэхүү үхлийн аюулт өвчний тархалт “Carnival Corp”-ийн үйл ажиллагаанд шууд нөлөөлсөн байна. Мики Арисоны энэхүү компани нь “Diamond Princess” аяллын хөлөг онгоцыг эзэмшдэг. Тус онгоцоор зорчиж явсан таван хүн вирусийн халдварын золиос болжээ. Мики Арисон долоо хоногт нэг тэрбум доллар алдсан байна.

Коронавирусийн халдварын улмаас хамгийн их алдагдал хүлээсэн дэлхийн 10 баян

  1. Жефф Безос, Amazon – 14.1 тэрбум
  2. Уоррен Баффет, Berkshire Hathaway” – 9.8 тэрбум доллар
  3. Элон Маск, Tesla – 8.9 тэрбум доллар
  4. Марк Цукерберг, Facebook – 8.5 тэрбум доллар
  5. Ларри Эллисон, Oracle – 7.7 тэрбум доллар
  6. Бернард Арнаулт, LVMH – 7.4 тэрбум доллар
  7. Ларри Пейж, Alphabet – 7.3 тэрбум доллар
  8. Сергей Брин, Alphabet – 7 тэрбум доллар
  9. Билл Гейтс, Microsoft – 6.6 тэрбум доллар
  10. Амансио Ортега, Inditex – 6.1 тэрбум доллар

ТӨМРИЙН ХҮДЭР, КОКСЖИХ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨСНӨ

Коронавирусийн тархалтын улмаас дэлхийн эдийн  засгийн идэвх суларч, дэлхийн тэргүүлэгч компаниудад ч хүндхэн цохилт болж буй юм. Тухайлбал, “Apple” компанийн хувьд коронавирусийн халдварын улмаас үйлдвэрлэлийн алдагдал үүсч байгаа аж. Гэвч тус компанийн Гүйцэтгэх захирал Тим Күк "Шинэ коронавирус “Аpple” компанийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд төдийлөн их нөлөө үзүүлэхгүй” гэж хэлжээ.

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас энэ оны нэгдүгээр улирлын борлуулалт нь төлөвлөгөөндөө хүрэхгүй болсныг Apple компаниас өмнө нь мэдэгдэж байв. Хятадад дэлгүүр, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь богиносч, үйлчлүүлэгчдийн тоо буурсан нь iPhone-ий борлуулалтад муугаар нөлөөлж эхэлжээ. Хятад улс нь iPhone-ий хамгийн том зах зээлд тооцогддог бөгөөд Apple-ийн нийт орлогын 15 хувь нь Хятадын зах зээлээс бүрддэг аж.

“Apple” энэ оны нэгдүгээр улиралд 63-67 тэрбумын орлого олох төлөвлөгөөтэй байсан байжээ. Зарим шинжээчид Хятадын зах зээл дэх iPhone-ий борлуулалт нэгдүгээр улиралд 50 хувиар буурна гэж тооцоолжээ.

Судалгааны “Dun & Bradstreet” компанийн шинжээчдийн үзэж буйгаар, коронавирусийн халдвар дэлхий дахины таван сая гаруй компанийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. Хөрөнгө оруулалтын "Plato Investments” сангаас тооцоолсноор, БНХАУ-ын Засгийн газар эдийн засгаа дэмжихийн тулд дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа идэвхжүүлэх бололтой. Өөрөөр хэлбэл гангийн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр төмрийн хүдэр болон коксжих нүүрсний хэрэглээ өсөх магадлалтай юм байна.

Оросын “ВТБ Капитал” төвийн Дэлхийн зах зээл дээрх макро эдийн засгийн салбарын тэргүүн Нила Маккиннона “Дэлхийн эдийн засаг коронавирусийн тархалтын улмаас долдугаар сар хүртэл алдагдал хүлээнэ” гэж хэлжээ. Тэрбээр коронавирусийн тархалтаас болоод 2020 оны нэг, хоёрдугаар улиралд дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүн тэг өсөлттэй гарна гэж төсөөлсөн байна.

“DHL’s Resilience 360” индексийн тооцооллоор, өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын Ухань хотод хөл хорьсноор бүх үйлдвэрлэлийн 50 хувь, технологийн ханган нийлүүлэлтийн 25 хувь нь зогсчээ. “Hyundai” автомашины брэнд Хятадаас автомашины тоног, эд анги орж ирэхгүй болсноор Өмнөд Солонгос дахь бүх үйл ажиллагаагаа зогсоосон байна.

КОРОНАВИРУС ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ “ДОНСОЛГОВ”

АНУ-ын томоохон 500 компанийн хувьцааны ханшийг илтгэдэг S&P индекс өнгөрсөн Баасан гариг (2020.02.28)-т багагүй доошилж, үнэлгээ нь 203 тэрбум ам.доллараар буурчээ. “Dow Jones” индекс 1200 орчим нэгжээр доошилж, өнгөрсөн долоо хоногийн Даваа гариг (2020.02.24)-аас хойш бараг 3500 нэгжээр буурсан үзүүлэлттэй гарсан байна.

“Forbes”-т мэдээлснээр, Японы “Nikkei” Баасан гаригт 3.67, Хонконгийн “Hang Seng” 2.4, Хятадын “Shanghai composite” индекс 3.71 хувиар буурчээ. Английн “FTSE 100” индекс 3.3, Германы DAX 3.6 хувиар уруудсан бол Европын “Stoxx 600” индекс өмнөх долоо хоногт мөн л 2008 оны санхүүгийн хямралаас хойш байгаагүй өндөр хувиар доошлов.

Эх сурвалж: FORBES, BLOOMBERG, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж