40 гаруй мянган иргэн өнөөдөр нийслэлд орж ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.03.03-нд нийтлэгдсэн

40 гаруй мянган иргэн өнөөдөр нийслэлд орж ирнэ

40 гаруй мянган иргэн өнөөдөр нийслэлд орж ирнэ

БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн "тахал" гэгдэж буй коронавирустэй дэлхийн улс орнууд тэмцээд гурван сар болж  байна. Монгол Улсын хувьд шинэ коронавирусийн  халдварын тархалт, үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй. Тодруулбал, Улсын Онцгой комисс /УОК/ хоёрдугаар сарын 26-ны өдөр хуралдаж хот руу орох, гарах урсгалыг  гуравдугаар сарын 2-ныг хүртэл хязгаарласан.  

Өнгөрсөн хугацаанд орон нутгаас  хот руу явахын тулд  гэдсэндээ хувцас хийн жирэмсэн хэмээн худал хэлсэн, нас барсан иргэний гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн, аймгийн Онцгой байдлын газарт өгсөн зэрэг зөрчил  гарсан удаатай.

Тэгвэл  УОК  өнгөрсөн ням гаригт хуралдан өнөөдөр /2020.03.03/ 06.00 цагт хот руу зорчих хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэсэн билээ. Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл  нийслэл хотод буцаж орж ирэх юм. Ингэхдээ бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болжээ. Энэ дагуу,

–  Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт

–  Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт

–  Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт

–  Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт

–  Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна.

ХӨСҮТ-ИЙН БАГ 24 ЦАГААР ХОЁР ХОНОГ АЖИЛЛАНА

Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллах юм. Мөн Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэхээр төлөвлөжээ.  Харин Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор зорчигчийн асуумжийн хуудсаар асуумж авах аж. Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдэх юм байна. 

ОЛОН ГАРЦТАЙ ГАЗРУУДАД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ АНГИЛЖ ОРУУЛНА

Харин замын хөдөлгөөний ачааллын талаар Тээврийн цагдаагийн албаны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат  ярихдаа “Хөдөлгөөн нээхтэй холбогдуулан орон нутгаас 14 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 40 мянган иргэн нийслэл хотыг зорих төлөвтэй байна. Замын ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Үүнд  цагдаагийн байгууллагаас нийт 98 цэгт шалгалтыг зохион байгуулна. Дээрээс нь хөдөлгөөнд байдлаар эргүүл зохион байгуулна. Мөн постуудад камерын бичлэгээр баримтжуулах үйл явц явагдана. Зам тээврийн ослын дийлэнх нь хурд хэтрүүлснээс шалтгаалдаг. Тиймээс орон нутгийн замд хурдаа хэтрүүлэхгүй, дүрмээ чандлан биелүүлж явахыг зөвлөж байна.Хан-Уул төвийн Өлзийт хорооллын пост нэг гарцтай. Харин 22-ын товчоо зургаан гарцыг нээхээр төлөвлөсөн. Олон гарцтай газруудад тээврийн хэрэгслийг ангилж оруулж байна. Тухайлбал, том оврын автобус нэг эгнээгээр, суудлын тэрэг нэг эгнээгээр гэх мэт. Энэ үед үзлэг шалгалт бүгд явагдана.

Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтаа өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулна. Ингэхдээ 20-30 км зайд цагдаагийн түр болон байнгын пост ажиллаж хөдөлгөөнд хяналт тавина. Нэг постонд цагдаа онцгой, эмнэлгийн алба хаагчид болон мал эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг 15-20 хүний баг ажиллана. Төрийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн хугацаанд ажиллаж байна.Зам хаалттай байхад 6000 гаруй тээврийн хэрэгслийг буцаасан тоон мэдээлэл бүртгэгдсэн. Нийслэл хотод ажлын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ” гэлээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж