Байшингийн буланд машины төрөл бүрийн дугуй, обуд, олгой хаймар зэрэг өрөөстэй байх бөгөөд тос, маслоны хурц үнэрт хамар цоргино. Юмхнаар юм хийнэ гэдэгчлэн обуд болон дугуйг давхарлан дээр нь модон хавтан тавьснаар ширээ хийжээ. Харин ард талын жижиг тавиурт ойр зуурын туслах хэрэглэгдэхүүн өрөөстэй байв. Энэ газар бол Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн эцэст байрлах, дугуй засварчин Б.Алдарын ажлын газар. Тэрбээр шинэ коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагын автомашины дугуйг өчигдрөөс /2020.03.1/ үнэ төлбөргүй засварлаж эхэлсэн билээ.
Түүний энэхүү шийдвэр нь “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэх үгтэй утга дүйсэн цагаа олсон зөв шийдвэр гэдгийг цахим хуудаснаа олон хүмүүс онцолж буй. Тиймээс залууст үлгэр дуурайлал болохуйц амьдралын төлөө шударгаар хөдөлмөрлөж яваа Б.Алдарын талаар өгүүлэхийг хүслээ.
Биднийг өчигдөр /2020.03.02/ 12.00 цагт дээрх дугуй засварын газарт очиход төсөөлснийг бодоход эл хуль орчин угтлаа. Харин Б.Алдар “Хэдхэн минутын өмнө цагдаагийн машины дугуйг засварлаад явуулчхаад байж байлаа. Цагдаа, эмнэлгийн байгууллагын машин өдөртөө ажил ихтэй байдаг учраас өглөө, оройдоо л ирдэг. Одоо бараг ирэхгүй дээ” хэмээн жуумалзан инээсээр угтах нь тэр. Түүний хувьд Улаанхуаранд төрж өссөн бөгөөд нүдээ аниад явсан ч хаана юу байгааг андахгүй учраас “дош” нь гэхэд буруудахгүй.
Б.Алдар багаасаа л техник сэтгэлгээндээ сайн байсан, нөгөө талдаа энэ мэргэжилдээ дуртай учраас долоон сарын өмнө хуурай дүүгийнхээ хамт дугуй засварын газраа ажиллуулж эхэлжээ. “Да хүрээ” автомашины захыг түшиглэн байрлах тус дугуй, авто засварын газарт машин зарах эсхүл худалдах хүмүүс ирж дугуйгаа засварлуулдаг гэнэ. Ингэхдээ том оврын машинаас бусад жижиг оврын машины бүх төрлийн дугуй солино. Нэг дугуй солиход 2500 төгрөг, харин нөхөх нь 3500 төгрөгийн үнэтэй байх аж.
Тэрбээр зүгээр суух дургүй нэгэн. Хүн ямар ч ажлыг гололгүй хийж л байвал хэзээ нэгэн цагт үр шим өгөөжөө өгнө гэдэгт итгэдэг. Тиймдээ ч өөрийнх нь дугуй засвараар үйлчлүүлсэн хүмүүсийн машины дугуйг сэтгэлээ гаргаж чанартай засварлаж өгдөг гэдгийг энэ үеэр хэлж байлаа.
ТУС УРИАЛГА БОЛ МИНИЙ ЧИН СЭТГЭЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ
Б.Алдар “Коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлэг, онцгой байдал, цагдаагийн байгууллагын ажилтнууд бидний үр хүүхэд, ард түмний төлөө нойр, хоолгүй ажиллаж байгаа учраас би дээрх шийдвэр буюу уриалгыг гаргасан. Ямартай ч коронавирусийн дэгдэлтийг намжтал шийдвэр маань хэрэгжинэ. Өчигдөр дээрх байгууллагын автомашины дугуйг үнэгүй засварлаж өгнө гэдгээ мэдэгдсэн зарлалын самбарыг дүүгээрээ хийлгээд засварынхаа хажууд байршуулсан юм. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бүх байгууллагуудад нээлттэй гэдгийг онцолмоор байна. Надад хамгийн ойрхон санагдсан гурван байгууллагын хаягийн зургийг л онцолсон нь тэр.
Хүмүүс самбарын зургийг дарж цахим хуудаснаа нийтэлснээр зохих ёстой байгууллагын хүмүүс олж харсанд их талархаж байгаа. Өчигдөр гэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон цагдаагийн байгууллагынхан ирж машиныхаа дугуйгаа янзлуулсан. Ойролцоох пост дээр гарч байгаа цагдаа нар ч их ирж байна. Хол, ойр хамаагүй хүрч ирээд дугуйгаа үнэгүй засварлуулаарай. Тус уриалга бол миний зүгээс туслах чин сэтгэлийн илэрхийлэл юм шүү. Энэ дашрамд бүх үйлчилгээний байгууллагууддаа мөн хүнд хэцүү цагт өөрийн чадах зүйлсээрээ цаг наргүй ажиллаж байгаа төрийн алба хаагчдадаа туслахыг уриалж байна” гэсэн юм.
САЙХАН СЭТГЭЛИЙН ҮЗҮҮРТ ШАР ТОС ГЭДЭГ ҮГ БИЙ
Б.Алдарыг сэтгэл сайтай гэдгийг хамт ажилладаг дүү нь хэлээд дараах хоёр түүхийг ярьж өгсөн юм. Нэгэн өдөр Б.Алдар руу шөнийн 03.00 цагт танихгүй залуу “Гэр рүүгээ харьж явсан чинь машины дугуй хагарчихлаа. Машины цонх хагарсан учраас хаяад явж чаддаггүй. Гарч ирээд засварлаад өгөөч хө” хэмээн гуйжээ. Тэрбээр нойроо харамлалгүй танихгүй залууд тусалсан байна. Дараа нь “Машины дугуйны обуд нь хагараад хотоос зайдуу байна. Шинэ дугуй авч ирээд засварлаад өгөөч” гэсэн залууд мөн тусалж л байжээ. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг үг бий. Хэдийгээр өнгөрсөн үед болсон үйл явдал боловч бусдад зөв үлгэр, дуурайлал болохуйц сайхан түүх учраас онцлон дурдсан нь энэ юм.
Түүний хувийн амьдралаас дурдвал тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Гэр нь ажлаас нь таван алхмын цаана байдаг учраас эхнэр нь өдөр хоол, цай дөхүүлээд өгдөг гэнэ.
Гэртээ хүүхдүүдээ хараад суух нь эхнэрийнх нь хувьд маш том дэмжлэг гэдгийг ч тэрбээр онцолж байв. Б.Алдар цаашдаа коронавирусийн халдвар намжсаны дараа Дарханы замд дугуй засвар ажиллуулах бодолтой байгаа аж.
Төрийн захиргааны байгууллагууд бүгд бэлэн байдалд шилжиж аюулт өвчнөөс иргэдийгээ хамгаалах үйлсэд оройлон зүтгэж буй. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч хандив тусламж өргөж, нийтийн эрүүл энхийн төлөө сэтгэлээ нэгтгэж байна. Далайд дусал нэмэр гэж. Иргэн бүрийн хандив, тусламж, сэтгэлийг их бага гэж голох аргагүй билээ.
Холбоотой мэдээ