1995 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Оросын телевизийн од, нэрт сэтгүүлч Владислав Листьев гэрийнхээ орцонд буудуулан амиа алдсан. Энэ аллага Орос орныг тэр даяар донсолгосон юм. Тухайн үеийн Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин аллагыг мөрдөх ажлыг биечлэн удирдсан ч энэ дуулиант хэргийн үнэн мөн өнөөг болтол илрээгүй л байна.
Алагдах үедээ Влад Нэгдүгээр суваг телевизийн захирлаар ажиллахын хажуугаар сэтгүүлчийн ажлаа хийсээр байсан юм. Оройн 19.00 цагт шууд эфирт цацагддаг ярилцлагын "Час пик" нэвтрүүлгээ “Өнөөдөр гуравдугаар сарын 1, хаврын эхний өдрийн мэндийг бүх хүнд хүргэе. Бид бүгдээрээ хаврыг ямар нэг найдлага тавин хүлээдэг. Харин найдлага хамгийн сүүлд бөхдөг” хэмээн нэвтрүүлгээ эхлүүлсэн Влад хоёр цагийн дараа алуурчны бууны суманд амиа алдсан.
“Харьж явна” гэж хамгийн сүүлд эхнэртэйгээ холбоо бариал Останкино дахь телевизийн байрнаасаа гарсан ч тэр гэртээ орж чадаагүй. Гэртээ орохоор шатаар өгсч явахад нь хэн нэгэн замыг нь хаагаад буудлаа. Эхний сум баруун мөрөнд нь туссан бол хоёр дахь сум толгойд нь туссан юм.
Оройн 23.00 цагийн үед Нэгдүгээр сувгийн мэдээгээр Влад Листьев буудуулан амиа алдсан гэсэн мэдээг сонссон олон хүн эхэндээ итгээгүй гэдэг.
Социализмын үеийн үзэл суртал ноёлсон телевизийн сэтгүүл зүйг жинхэнэ мэргэжлийн сэтгүүл зүй болгосон хүн бол Влад. Хоёр найзын хамт хөтөлдөг байсан "Взгляд" нэвтрүүлгээр өмнө нь орос оронд хаалттай байсан олон сэдвийг хөндөн тавьж, нийгэмд чухамдаа гал өдөөсөн.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Владын аллагын хэргийг шалгах хэд хэдэн мөрдөх хэсэг ажилласан ч алуурчныг өнөөг болтол зарлаагүй л байна. Нэг зүйл тодорхой нь энэ аллага түүний сэтгүүлчийн зам мөртэй холбоотой. Алуулахаасаа ердөө нэг сарын өмнө тэр Нэгдүгээр сувгийн захирлаар томилогдсон бөгөөд түүний хийсэн эхний ажил телевизийн зар сурталчилгааны ажлыг цэгцэлж, орж байгаа мөнгөн урсгалд хяналт тогтоосон. Магадгүй энэ алхам нь түүнд дайсан бэлдсэн гэсэн хувилбартай олон хүн санал нийлдэг.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ