Шинэ төрлийн коронавирусийн халдвар авч Хятадын Ухань хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 98 настай өвчтөн бүрэн эдгэрч өчигдөр /2020.03.01/ эмнэлгээс гарсан тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.
Энэхүү өвчтөн нь “Covid-19” халдвар аваад эдгэсэн хамгийн өндөр настай хүн болж байна.
Өндөр настан Ху нь Ухань хотын Жянань дүүрэгт амьдардаг бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр халуурч эхлээд 13-ны өдөр эмнэлгийн байгууллагад хандсан байна. Тэрбээр коронавирусийн халдвар авсан 55 настай охиныхоо хамтаар эмнэлэгт хэвтэж байсан аж.
Түүнд вирусийн эсрэг эмчилгээ хийж, биеийн байдлыг нь 24 цагийн турш хянаж байжээ. Ийм өндөр настай хүн эдгэрсэн нь бусад өвчтөнүүдэд итгэл найдвар өгч байгааг эмнэлгийн эмч ажилтнууд онцолсон байна. Одоогийн байдлаар нийт халдвар авсан хүмүүсийн 60 орчим хувь эдгэрээд байгаа билээ. Халдвар авсан хүмүүсийн хувьд өндөр настай болон суурь өвчтэй хүмүүст харьцангуй хүнд тусч байгаа ба нас барж буй хүмүүсийн дийлэнх хувь нь мөн л өндөр настнууд болон олон төрлийн суурь өвчлөлтэй хүмүүс байгаа юм.
Эх сурвалж: XINHUA