ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (Covid-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр энэ сарын сарын 2-11 хооронд Монгол Улсад ажиллана.
Энэ хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Сэлэнгэ, Өмнөговь аймагт ажиллах юм. Өнөөдөр /2020.03.02/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн болон яамны удирдлагууд ХӨСҮТ-д ажиллаж байгаа ДЭМБ-ын зөвлөх багтай цахимаар холбогдож, цаашид манай улсад ажиллах хугацаанд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх мэдээллийг сонслоо.
Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдвар сүүлийн өдрүүдэд Хятадаас бусад улс орнуудад хурдацтай тархаж өнөөдрийн /2020.03.02/ байдлаар дэлхийн нийт 60 гаруй оронд тархаж 89 мянга орчим хүн уг халдвараар өвчилж, 3000 гаруй хүн нас бараад байна. Гэхдээ нийт халдвар авсан өвчтөнүүдийн 60 орчим хувь буюу 44,519 хүн эдгэрчээ.
Монгол Улсад тус вирусийн халдвар авсан тохиолдол илрээгүй бөгөөд холбогдох албаныхан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа билээ.