Улс төрийн намууд хэдийнэ сонгуулийн гараан дээр ирээд байна. Нам, эвсэл сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө, бие даан нэр дэвшигч дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. Харин аудитын байгууллага нь дүгнэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн зохицуулалттай.
Энэ дагуу улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25-ны өдрөөс өмнө намын Бага хурлаа хийж, 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж батлах учиртай. Гэвч дээрх хугацаанд багтаан намууд Бага хурал, ҮЗХ-ны хурлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Учир нь дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирус тархахаас урьдчилсан сэргийлэх зорилгоор энэ сарын 31-ний өдрийг дуустал аливаа олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон.
Нөхцөл байдалтай холбогдуулан Сонгуулийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж хугацааг хойшлуулах боломж хуулиараа байхгүй. Учир нь сонгууль болохоос хагас жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд гар хүрэх хориотой.
Тэгэхээр хуулийн хугацаанд багтаан сонгуульд оролцох нам, эвслүүд онлайнаар Бага хурал, ҮЗХ-ны хурлаа хийж мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна.