Хуучирсан мэдээ: 2019.08.12-нд нийтлэгдсэн

Оросын арван кремль

Улс орны бахархал болон түүхийн дурсгал болсон орос кремлиуд

Хэдэн зуун жилийн турш «кремль» хэмээх орос цайзууд нь газар нутгаа харийн түрэмгийллээс хамгаалж байсан бөгөөд тэдний эргэн тойронд дөрвөн зуу гаруй хот, суурин газар баригдсан байдаг. Өдгөө энэхүү кремлиуд нь улс орныхоо бахархал буюу түүхийг нь өөртөө агуулсан содон дурсамж болон хайрлан хадгалагдаж иржээ. «Моя планета» хамгийн сонирхолтой болон содон кремлиудын талаар өгүүлнэ.

«Кремль» хэмээх үгийг Дундад зууны эхэн үеэс хэрэглэж ирсэн бөгөөд өнөөдөр түүний гарал үүслийг янз бүрээр тайлбарладаг.

Тухайлбал, «кремь» хэмээн хамгийн сайн барилгын мод ургадаг хэсгийг хэлдэг, «кремлёвый» гэж бат бөх ой модыг, харин «кремлевник» гэж намгана дээр ургасан шилмүүст ойг нэрлэдэг учир хотын хамгаалалт гэсэн утгаар нь холбон тайлбарладаг аж. Энэ утгаараа «Кремль» гэдэг нь «жижиг модон цайз» гэсэн утгатай ба анхны кремлиуд үнэхээр тийм байжээ.

Өөр нэг хувилбарын дагуу «кремль», «кром» гэсэн үгнүүд нь «крома» буюу зах хязгаар, үзүүр гэсэн үгтэй үндэс нэгтэй ба энэ утгаараа «кремль» («кром») нь цайзын зах хязгаар гэсэн утгаар хэрэглэгддэг байсан байж болох юм. Үүнээс гадна «кром» нь хотын буюу хамгаалалтад орсон тосгоны хойд хэсэгт байрлах «агуулах» гэсэн утгатай үндэс нэг бөгөөд «укромный» (нуугдмал), «закрома» (нөөц) гэсэн утгатай байжээ.

  1. Сибирийн цорын ганц кремль Тоболск:

Татар-монголын дайралтаас болгоомжлох шаардлагагүй учир Уралын зүүн талд томоохон чулуун цайзууд байдаггүй. Тиймээс Тобольскийн цогцолборыг засаг захиргааны болон худалдааны зориулалтаар хотын төвд босгожээ. Иртыш мөрний эрэг дээрх цагаан чулуун гайхамшгийг XVII-XVIII зууны турш бүтээн байгуулсан учир энэхүү кремль нь өөрийн барилгадаа барокко, сонгодог классицизм, Италийн сэргэн мандалтын болон эртний Оросын уран барилгын уламжлалыг хачин сайхан нэгтгэж чадсан.

Троицкий хэмээх голын өндөр эрэг дээр эхний ээлжид Сибирийн хамгийн эртний сүмүүдийн нэг болох Софийский сүмийг сүндэрлүүлж, дараа нь түүнийгээ хэд хэдэн дугуй болон дөрвөлжин цамхаг бүхий дөрвөн метрийн өндөр хэрмэн ханаар тойруулжээ.

Өдгөө Тоболскийн кремль нь 32 объектоос бүрдэнэ. Үүнд зочин гийчдийг хүлээн авах талбай, сүм дуганууд, хонхны цамхаг болон хэд хэдэн музей багтана. Засаг даргын ордонд очвоос танд Сибирийн түүхийн талаар дэлгэрэнгүй ярьж өгөх бөгөөд эртний жороор нь хийдэг жинхэнэ сибирь мөөхийгөөр дайлна. Харин «Мастеруудын байшинд» та ардын гар урлалтай танилцахаас гадна бас өөрийн гараараа дурсгалын эд зүйлс хийж болно.

  1. Хамгийн жижиг кремль Верхотурье:

Оросын хамгийн жижиг кремль нь Екатеринбургээс 300 км зайд орших Тура голын хадан эрэг дээр баригдсан. Уралын нуруунд ийм цайз хоёр байсан боловч «Чердынский» хэмээх модон кремль нуран үгүй болж, харин Верхотурье дэх шатсан цайзын оронд чулуун кремлийг босгожээ. Цайзын хэрэм нь хэд хэдэн цамхагтай боловч 300 жилийн өмнө хоёрхон га цомхон талбай дээр Троицкий сүмийн хонхны цамхаг, засаг захиргааны тасалгаанууд, жасын сан болон цэргийн жанжны гэр орон зэрэг багтдаг байв.

Түүхийн нугачаанд зөвхөн зүүн хана ба түүнтэй холбоотой таван толгой бүхий сүм нь үлдсэн ч сүмийн барилгын чимэглэл хадгалагдан үлджээ. XXI зуунд цорын ганц Уралын кремлийг сэргээн засварлаж эхэлсэн ба түүний хэрэм, цамхаг болон бусад барилгуудыг шинээр барив. Одоо бол кремль рүү дүүжин гүүрээр болон ёслолын гол хаалгаар орох боломжтой. Троицкий сүмийн хонхны цамхгаас хот тэр чигээрээ харагдах ба түүний түүхтэй орон нутгийн музейд дэлгэрэнгүй танилцаж болно. Энэхүү музей нь ганц ч хадаасгүйгээр баригдсан дүнзэн байшинд байрладаг.

  1. Хамгийн шинэхэн кремль Йошкар-Ола:

XVIII зуунаас хойш Орост чулуун цайз барихаа больсон хэмээн урт удаан хугацааны туршид үзэж байсан ч Марий Эл Бүгд Найрамдах Улсын эрх баригчид энэхүү онолыг зөрчиж чаджээ. 2009 онд Йошкар-Олы хотын төвд буюу модон шоронгийн оронд Царевококшайский кремлийг барьжээ. Энэхүү кремль нь Оросын хамгийн шинэ бөгөөд хамгийн их маргаан дагуулсан цайз болов. Цогцолборын бүрэлдэхүүнд Царевококшайск болон Ижил мөрний Поволжье бүсийн эртний бусад хотуудын үүсгэн байгуулагч Их эзэн хаан Федор Иоанновичийн Орос дахь цорын ганц хөшөөг босгожээ.

Энэхүү кремлиэс холгүй бас нэг орчин үеийн цайз сүндэрлэнэ. Түүний бүрэлдэхүүнд Москвагийн Кремлийн Спасская цамхгийн нарийн хуулбар болох хонхон цагтай Благовещенская цамхаг багтах ба Благовещенский сүмийг Василий Блаженныйн сүмийн загвараар барьжээ. Үүгээр зогсохгүй, Марий Эл Улсын нийслэлд фламанд стилийн байшингуудтай Брюгге голын эргийн гудамж, Венеци хэв маягийн талбай болон жижигхэн Эйфелийн цамхаг хүртэл байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү хотын гоёмсог содон уран барилга нь бүх цаг үеийн болон бүх ард түмний уламжлалыг шилдэг хослуулж чаджээ.

  1. Хамгийн өмнөд кремль Астрахань:

Эртний Орос Улсын зүүн өмнөд хилийн хамгаалалтын цайз нь дайсанд эзлэгдэшгүй лут бэхлэлт байсан ба түүнийг тал бүрээс нь Ижил мөрөн ба түүний салаа урсгалууд гэх зэрэг байгалийн саад тотгорууд тойрон хүрээлсэн. Тариачдын бослогын үеэр Астраханий кремлийг Степан Разины зэвсэглэсэн бүлэглэл маш удаан хугацаанд хамгаалж чадсан ба эзэн хааны цэргүүд бараг жил хагасын турш тэднийг бүсэлсний эцэст сая нэг буулган авч чаджээ.

Газар нутаг нь овон товон ихтэйгээс гадна өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байсан учир цагаан чулуун цамхагт цайзын хана нь гурвалжин хэлбэр үүсгэдэг. Нүсэр барилгыг хэдэн зууны турш барьсан ба одоогийн байдлаар түүний бүрэлдэхүүнд Троицкий болон Успенский хэмээх 100 жилийн зөрүүтэй барьсан 2 сүмийн барилга давамгайлна. Түүнчлэн цайзад Астраханий цэргийн анги байрлаж байсан учир их буу хадгалах болон засварлах байгууламжууд, зэвсгийн агуулах болон казармууд байна.

«Красные ворота» буюу гоёмсог хаалганы ажиглалтын тавцангаас хуучин Астрахань хотыг болон Ижил мөрний цэлийсэн усыг харж болох бол угсаатны зүйн музейд Каспийн тэнгисийн эрэг дагуу энх амгалан оршин суудаг байсан олон үндэстэн ард түмний ахуй амьдрал, зан үйлийн талаар мэдэж болно.

  1. Хоёр соёлын шилдэг хослол Казань:

Хоёр соёлын уулзварын бэлгэ тэмдэг болсон Казаний кремль нь маш өвөрмөц цогцолбор юм. Псковын уран барималчдын босгосон цагаан чулуун хэрмийн цаанаас Кул-Шарифын оюу ногоон өнгөтэй ислам цамхгууд харагдана. Ижил мөрний эрэг дээр эртний Булгар улсын үед энэхүү цайзыг барьж эхэлсэн бол Догшин Иван хаан Казанийг байлдан дагуулсны дараа чулуун кремль нь баригдсан байдаг. Эдүүгээ энэхүү кремлийн цомхон талбар дээр ислам болон үнэн алдартны шашин, Өрнөд болон Дорнод, хуучин болон шинэ үе энх тайвнаар зэрэгцэн оршино.

Кремлийн хамгийн эртний барилга бол 450 жилийн өмнө Псков хэв маягийн дагуу баригдсан Благовещенский сүм билээ. Харин хамгийн залуу барилга нь тансаг Кул-Шарифын сүм бөгөөд түүнийг Казань хотын 1000 жилийн ойд зориулан сэргээн засварласан. Тун холгүй эртний Казаний домог болсон унаж буй Сююмбике цамхаг байрлах бол урьд өмнө нь амбан захирагч амьдардаг байсан ордонд кремлийн цогцолборын хамгийн чухал буюу хамгийн орчин үеийн барилга болох Татарстаны ерөнхийлөгчийн ордон байрлана.

Кремлийн зургаан музейнүүд нь бүс нутгийн түүхийг бүх талаас нь буюу чулуужсан амьтадаас эхлэн шашин шүтлэг, соёлын тухай дэлгэрэнгүй өгүүлнэ.

  1. Цэргийн хүчирхэг цайз Зарайск:

Бусад кремлиудтэй харьцуулахад Зарайский кремль тоглоомон мэт жижигхэн харагдаж болно. Тухайлбал, Коломенскийн кремлиэс Зарайск арав дахин бага боловч Москва орчимд бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн цорын ганц кремль юм. Долоон цамхагтай тэгш өнцөгт цайз нь хоёр голын бэлчирт жижиг хотынхоо хамт байрлана. Зарайский кремль нь итали ордны хэв маягаар баригдсан бөгөөд түүний багахан талбайд хоёр сүмийн, нэг сургуулийн болон нэг музейн барилгууд багтана. Кремлийн ханын гадна талд сүмийн ногоон талбай хагалсан байх ба цайзыг хувийн жижиг байшингууд хүрээлнэ.

Гэсэн хэдий ч энэхүү бяцхан цайз нь сайтар бэхлэгдсэн цэргийн сүртэй байгууламж байсан ба Самуун цагт энд Оросын түүхийг орвонгоор нь өөрчилсөн үйл явдлууд өрнөж байв. Тухайлбал, Зарайскийн цайзад Дмитрий Пожарский тайж сайн дурын ардын цэргийнхнийг цуглуулан, Москва руу хөдөлж, эртний нийслэлээ Польшийн түрэмгийлэгчдээс чөлөөлжээ. Энэхүү ялалтыг бид өдгөө ч жил бүрийн 11 дүгээр сарын 4-нд тэмдэглэдэг билээ.

  1. Москвагийн Кремлийн ихэр Коломна:

Москвагийн кремлийн дүү буюу нэр төртэй өрсөлдөгч Коломенский кремль нь Орос Улсын гол бэлгэдэл болсон ахаасаа хүч чадал, хэмжээ хязгаараараа огтхон ч дутахгүй. Үүгээр үл барам Коломенский болон Московский кремлиуд нь олон давхаргат цамхаг, хаалга, цонхны хэлбэр, ханын өрөлт зэрэг олон талаараа адил юм. Яагаад гэвэл энэхүү 2 цайзын төслийг Италийн архитектор Алевиз Фрязин боловсруулсан бөгөөд тэрээр Коломна дахь хотын бэхлэлтийг нийслэлийн бэхлэлтийн загвараар барьсан гэж үздэг.

Энэ цайз нь Москва хотыг өмнөд зүгээс хамгаалдаг байсан бөгөөд түүний хананууд нэг бус тулааныг санаж байгаа байх. Успенский сүмийг Куликовын талд ялалт байгуулсны дараа Донын Дмитрийн тушаалаар барьсан ба энэхүү сүм нь өнөөдөр ч ажиллаж байгаа.

Коломенский кремль бол жинхэнэ цаг хугацааны машин юм. Энд дундад зууны үеийн өмсгөл хуяг зүүж, эртний зэвсгээр галлаж, Марина Мнишекийн нуусан эрдэнэсийг эрэн хайж болно. Домогт өгүүлснээр бол хоёр хуурамч Дмитрийн гэргий Марина Мнишекийг энэхүү кремлийн нэгэн цамхагт хорьсон ба тэрээр баривчлагдахаасаа өмнө хотын хаа нэгэн газар эзэн хааны эрдэнэсийн санг нууж амжсан бөгөөд эдгээр эрдэнийг өдгөө болтол олж чадаагүй билээ.

  1. Хамгийн эртний кремлиүдийн нэг Агуу Новгород:

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол модон цайзыг X зууны дунд үед буюу 1000 гаруй жилийн өмнө барьсан юм байна. Харин бидний мэдэх одоогийн чулуун хана, цамхгуудыг XV зууны үед сэргээн засварлаж, дахин босгожээ. Кремлийн зүрх сэтгэл болон Великий Новгород хотын бэлгэ тэмдэг нь Оросын хамгийн эртний хийд болох Софийский сүм бөгөөд түүнийг 1045 онд барьж эхэлсэн.

Бат бөх чулуун хэрэм, нууцлаг Магдебургийн үүд хаалга, бурхдын эртний хөргүүд, ханын зургууд гээд энд байгаа бүхий л зүйлс түүхээр амьсгалж байгаа мэт. XIX зуунд өнгөрснийг хүрлээр цутгалсан ба Софийский сүмийн өөдөөс харуулан «Орос орны мянган жил» (Тысячелетие России) хөшөөг босгожээ. Энэ нь Рюрик тайжаас эхлэн II Александр хүртэлх хаад болон баатруудын дүрсээс бүрдсэн сүрлэг цогцолбор юм. Түүнчлэн кремлийн талбай дээр хэд хэдэн сүм, музей ажилладаг бөгөөд цайзын ханан дээрээс үлгэр домгийн Волхов болон Худалдааны дүүргийг харж болно.

  1. Хамгийн хүчирхэг кремль Псков:

Оросын хамгийн эртний кремль гэх нэрийг горилогч Псковский Кром. Түүний шороон хамгаалалтыг Х зууны эхээс барьж эхэлсэн бол чулуун барилгууд нь XIII зуунд байгуулагджээ.

Кремль нь өөрийн гэсэн хамгаалалтын цамхгуудтай бэхлэгдсэн таван хэрэмтэй Европын хамгийн том цайзын төвд баригдсан байсан боловч өнөөдөр түүнээс зөвхөн Довмонтовын хотхон болон Кромын балгас хадгалагдан үлдсэн байна. Кремлийн төв хэсэгт Троицкий сүм болон түүний хонхны цамхаг байх бөгөөд энэхүү хонхнууд нь өдгөө дуугарч буй Оросын хамгийн эртний хонхнууд болно.

Псковын Бүгд Найрамдах Улсын бүхий л чухал шийдвэрүүд болон хууль цаазыг сүмийн өмнөх «вечевой» төв талбай дээр баталдаг байжээ. Кремль нь оюун санааны болон засаг захиргааны төв байснаас гадна Оросын хамгийн хүчирхэг цайз байсан юм. Псковский Кром Польшийн түрэмгийлэгчдийн, Ливоны морьт цэргүүдийн, шведүүдын болон литовчуудын халдлагыг няцааж, хотоо 26 удаа харийн довтолгооноос хамгаалж чаджээ.

  1. Нүүдэлсэн кремль Свияжск:

Модон Свияжский кремлиэс балгас ч үлдээгүй боловч түүхэнд түүний ул мөр нь тодоос тодоор үлджээ. Свияги голын цутгаланд буюу уулын орой дээр Догшин Иван хаан бэхлэгдсэн хотхоныг барьж, эндээс Казань руу аянд гарч, эртний хотыг байлдан дагуулсан билээ. Дайсны хамар дор бат бөх хана барих боломжгүй байсан тул кремлийг Угличийн ойд бариад, дараа нь задалж, дүнз болгоныг дугаарлаад, Ижил мөрний дагуу сал урсгасны ачаар цайзыг одоо байх байсан газарт нь дөрөвхөн долоо хоногийн дотор угсарч чадав.

Модон Свияжск цайзаас үлдсэн цорын ганц барилга нь XVI зууны дунд үеийн Троицкая сүм бөгөөд энэхүү сүм нь Ижил мөрний сав нутгаар үнэн алдартны шашин тархан дэлгэрсэн өлгий билээ. Өнгөрснийг сануулах зан үйл өдгөө ч хэвээрээ ба «Ленивый торжок» түүхэн цогцолборт дархны алх тогшсоор, модон зууханд талх шарагдсаар, самоваранд цай буцалсаар байна. Харин арлын адагт буюу орох гүүрнээс холгүй Ижил мөрний усанд сэлж болно.

Эх сурвалж: https://russia.travel/journals/328799/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж