У.Браудерын хэргийн тухай
Олон жилийн турш Оросын Холбооны Улсын хууль хяналтын байгууллагууд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн толгойлогч болон үүсгэн байгуулагч болох АНУ-д төрсөн Их Британийн иргэн У.Браудерыг болон уг бүлэглэлийн гишүүд болох түүний хамсаатнуудыг эрэн сурвалжилж байгаа билээ. Энэхүү бүлэглэлийг 1997 онд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр Орост болон гадаадын бусад улс орнуудад эдийн засгийн гэмт хэрэг үйлдэж, санхүүгийн болон бусад материаллаг ашиг, үр өгөөжийг олох зорилготойгоор байгуулсан байдаг.
ОХУ-ын Эрүүгийн хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-т заасны дагуу зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэн байгуулж, толгойлох нь гэмт хэрэгт тооцогдох учир 2018 оны 11-р сарын 16-нд Оросын Холбооны Улсын Ерөнхий прокурорын газар цуглуулсан нотолгоондоо үндэслэн У.Браудерыг сэжигтнээр татан, түүний эсрэг эрүүгийн хавтаст хэрэг үүсгэх тухай тогтоол баталсан.
Ийм гэмт хэрэг нь онц ноцтой гэмт хэргийн зэрэглэлд хамрагдах ба түүнийг үйлдсэний төлөө 20 хүртэл жилийн хугацаагаар хорих, өмч хөрөнгийг нь хураах зэрэг хэлбэрээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Үүний зэрэгцээ ийм гэмт хэрэг нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцоор зохицуулагдана. Тиймээс энэхүү конвенцын хэм хэмжээг хэрэгжүүлэх үүднээс сэжигтэн У.Браудерыг олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад бүртгүүлж, харин түүний эд хөрөнгө нь цаашид хураагдах зорилготойгоор баривчлагдах болно.
У.Браудер болон эрүүгийн гэмт бүлэглэлийн гишүүд болох бусад этгээдүүд нь залилангийн аргаар Оросын Холбооны Улсын төсвөөс их хэмжээний буюу 5.4 тэрбум рубльтэй тэнцэх мөнгийг завшжээ. Түүнчлэн тэднийг татвараас зайлсхийж онц их хэмжээний хохирол учруулсан, мөн бусад ноцтой гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж байгаа.
Одоогийн байдлаар Оросын шүүх нь У.Браудерыг эчнээгээр хоёр удаа яллаж, есөн жилээр хорих тухай тогтоол гаргасан. Түүний хэд хэдэн хамсаатнууд мөн яллагдсан. Сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдүүд Эрүүгийн хуулийн 210 дугаар зүйлийн дагуу хариуцлагад татагдаагүй ба зөвхөн залилан үйлдсэн хэргээр шийтгэгдсэн. Хожим нь түүний зарим хамсаатнууд жигтэй сонин байдлаар нас барав. Эхэндээ тэдний үхэл өвчний улмаас тохиосон, зүй ёсны гэж үзэж байлаа. Гэвч цаашдаа тэдний үхэл гадны нөлөөтэй байж магадгүй гэх мэдээллийг авав. Тухайлбал, зүй ёсны үхэлд хүргэх зүрхний болон элэгний дутагдлыг үүсгэж, хурдан хугацаанд өвчнийг сэдрүүлэх хөнгөн цагааны нэгдэл агуулсан химийн хорт бодис хэрэглэсэн байж болзошгүй гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна.
Биологийн материалыг шинжилсний үр дүнд эдгээр хүмүүс нь амьд сэрүүн байхдаа хөнгөн цагааны органик бус, усанд уусдаг хортой нэгдлийн архаг хордлоготой байсан гэх дүгнэлт хийх боломжтой байна. Бид энд 1993 оны 1-р сарын 13-ны өдөр баталсан НҮБ-ын Химийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөх болон хэрэглэхийг хориглох, түүнийг устгах тухай конвенцод хамрагдахгүй боловч хүний амь насанд далд аюултай химийн бодисын тухай ярьж байна.
Одоогийн байдлаар цуут Сергей Магнитскийн үхэл зүй ёсны байсан эсэх, үүнд У.Браудер хамаатай эсэх тухай хувилбар шалгагдаж байна. С.Магнитский нь У.Браудерын хамгийн ойрын хамсаатнуудын нэг байсан ба У.Браудер нь гэмт хэрэгт оролцсоноо нуун дарагдуулахын тулд С.Магнитскийг егүүтгэх сэдэлтэй байсан учир энэхүү таамаглал нь мөрдөн байцаах ажиллагааны үндсэн хувилбар болоод байгаа.
Оросын Холбооны Улсад хөнгөн цагааны хорт нэгдлүүдийн дэлгэрэнгүй, зорилтот судалгаа хийлгэж байгаагүй. Гэхдээ АНУ, Франц болон Италийн эрдэм шинжилгээний байгууллагууд хэдэн арван жилийн турш иймэрхүү судалгааг хийсээр ирсэн. Шинжлэх ухааны нийтлэлүүдээс нь үзэхэд хөнгөн цагааны хорт нэгдлүүд хүний бие махбодод хэрхэн үйлчилдэг, хурц ба архаг хордлого нь хэрхэн илэрдэг зэрэгт онцгой анхаарал хандуулдаг. Эдгээр орнуудад хөнгөн цагааны янз бүрийн нэгдлүүдийн үйлдвэрлэл, тэдгээрийн аюултай үр дагаврын талаар баялаг туршлага хуримтлуулжээ.
У.Браудер болон түүний хамсаатнууд нь мөн түүнчлэн АНУ-ын эрх ашгийг хохироосон гэмт хэргүүдийг нэг бус удаа үйлдэж байсан ба энэ тухай мэдээлэл нь ОХУ-ын Прокурорын Ерөнхий газарт байгааг АНУ-ын эрх бүхий байгууллагуудад нэг бус удаа мэдээлж байсан билээ. Жишээ нь, 2016 оны тавдугаар сард Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд У.Браудерын толгойлсон үндэстэн дамнасан гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд Америкийн «Ziff Brothers Investments» хөрөнгө оруулалтын сан хэрхэн оролцож байгаа тухай мэдээллийг хүргүүлсэн.
2016 оны долдугаар сард «Ziff Brothers Investments» сангийн эздийн оролцоотойгоор У.Браудер нь ОХУ болон АНУ-ын нутаг дэвсгэр дээр татварын болон бусад эдийн засгийн гэмт хэрэг хэрхэн үйлдэж байсан тухай 1,100 гаруй хуудас бүхий холбогдох материалыг АНУ-ын Хууль зүйн яаманд илгээсэн. Нэмэлт мэдээллийг 2016 оны 8-р сард АНУ-ын Хууль Зүйн Департамент руу явуулсан.
Хожмоо ОХУ-ын Прокурорын Ерөнхий газар нь АНУ-ын хууль сахиулагчдад илгээсэн материалынхаа талаар есөн удаа, үүний дотор 2017-2018 онуудад АНУ-ын хууль зүйн сайд Жефф Сешнсэд хоёр удаа сануулсан байдаг. Гэвч өдийг хүртэл АНУ-ын хууль хяналтын байгууллагууд нь өөрсдийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлийг хүртэл таслан зогсоохыг хүсээгүй юм.
Оросын тал АНУ-ын түншүүд маань У.Браудерын хэргийг ноцтой хүлээн авч, энэхүү олон улсын гэмт хэрэгтнийг мөрдөн байцааж, эрүүгийн хариуцлага хүлээлгүүлэх үйл ажиллагаанд туслах болно гэдэгт найдаж байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Холбоотой мэдээ