Эрдэнэс Тавантолгой ХК ногдол ашиг тараах болсонтой холбоотойгоор Даваа гариг бүр иргэдэд мэдээлэл өгч байгаа. Энэ хүрээнд өнөөдөр /2020.03.02/ ээлжит мэдээллээ хийлээ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: Иргэд мэдээлэл маш муу байна. Мэдээлэлтэй хэсэг нь маш сайн мэдээлэлтэй байна. Мэдээлэлгүй хэсэг нь 1072 гэж юу болохоо ч мэдэхгүй хүмүүс маш их хандаж байна. Өнөөдрийн байдлаар 1072 мэдээллийн төв болон онлайнаар бүртгэж буй системээр 80 мянган иргэн шинээр бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан байна. Шалгагдсан гэдэг нь бүртгэгдсэн гэсэн үг. 1072 хувьцааны дансаа цахимаар бүртгүүлцгээе аянг эхлүүлж байна гэв.
Мөн тэрбээр компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд тайлбар өгсөн юм. "Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой нэгдүгээр сарын нэгнээс хойш нийт 1.6 сая тонн нүүрс Цагаан хадан дээр болон бусад газар руу экспортолсон. Экспортын үйл ажиллагаа нэгдүгээр сарын 24-ныг хүртэл тасралтгүй явсан. БНХАУ-ын АИХ тухайн жилийн квотоо тогтоох, төлөвлөгөөгөө батлах хурлаа гуравдугаар сард хийдэг. Үүнээс өмнө квот тогтоогдоогүй байдаг тул нэгдүгээр сард жилийн жилд нүүрсний экспорт бага байдаг. Хоёрдугаар сараас өсч эхэлдэг. Энэ өсөлт тодорхой хэмжээнд буурсан нь үнэн. Гэхдээ төлөвлөгөө тасраад, компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн хэмжээнд хүрээгүй байна. Гуравдугаар сарын 02-н хүртэл ямар нэгэн санхүүгийн эрсдэл үүссэнгүй. Үүнээс хойш төлөвлөгөө тасалдах эрсдэл үүсч байна. Зүүн Цанхиас 580 мянган тонн нүүрс Цагаан хадан дээр буюу давхар экспортолсон. Баруун Цанхиас 1.1 сая орчим тонн нүүрс Цагаан хаданд буулгасан. Зарим хэсгийг нь экспортолсон. Иймээс нэгдүгээр болон хоёрдугаар сарын эрсдэл багатай давлаа. Үүнийгээ дагаад экспортын орлого тасалдах, борлуулалтын орлого буурах, үр ашгийн хэмжээ багасах төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаа эрчимтэй явуулах боломж хомсдож байна. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл, Монгол Улсаас гадна дэлхийд бий болчихлоо. Компанийн нэн тэргүүний бодлого бол үндэсний эрх ашиг, монгол хүний эрүүл мэнд. Иймээс бид эрсдэлийн төлөвлөгөөгөөрөө нөхцөл байдлыг даваад гарах бүрэн боломжтой.
Компанийг өргүй болгосон, хөл дээр нь босгосон шигээ хөгжлийн зам руу нь ямар нэгэн саадгүй хөтлөөд явна. Эрдэнэс Тавантолгойн менежментийн багт эргэлзэх зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Хэрвээ гуравдугаар сарын 15-наас өмнө болон хойно экспорт эхлэхгүй бол эрсдэл үүснэ. Улсын Онцгой Комиссоос өгсөн чиг үүрэгт, гуравдугаар сарын 15-наас экспортыг эхлүүлэх бэлтгэл ажлыг ханга гэсэн. Бид хангаад явж байна. Нүүрсний тээвэр гуравдугаар сарын 15-нд эхлэхдээ өндөржүүлсэн бэлэн байдал, тусгай хяналтын дор явагдана. Үүнтэй холбоотой зардлыг Эрдэнэс Тавантолгой компани өөрөө хариуцна.
Ингэхдээ тээврийн жолооч нар ариун цэврийн дэглэмийг сахисан байхаас гадна хил давахдаа бичиг баримтаа тусгай цонхоор өгнө. Нүүрсээ буулгаад буцаад ирэх нь эрсдэл багатай хэмээн үзэж Хятадын талтай тохирсон. Энэ мэдээллийг бид Улсын Онцгой комисст хүргүүлсэн. Үүний дагуу энэ долоо хоногт УОК Цагаан хад болон уурхай дээр ажиллаж, нүүрсний экспортыг эхлүүлэх эсэхийг шийднэ" гэв.
Үүнээс гадна, Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн удирдлагуудтай холбоотой гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл цахим орчинд тархаад байгаа асуудал дээр тайлбар өгсөн юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Тус компанийн удирдлагууд хөл хорио тогтоосон онцгой үед Өмнөговь аймаг руу огт яваагүй. Миний хувьд портер автомашин хувьдаа эзэмшдэггүй. Бэлэн мөнгө байхгүй. Бусдын адил өр төлбөртэй, машин, байрны зээлээ төлөөд явж байна. Нэр төрд халдсан хүнийг хуулийн байгууллагаар шалгуулна. Энэ бол нийгэмд хор уршигтай мэдээлэл. Зохиол маягийн юм биччихээд үүний хойноос үнэн юм шиг хөөцөлдөж болохгүй. Зүгээр байгаа хүнийг хэлмэгдүүлэх нь сэтгүүл зүй хөгжсөн улсад утгагүй зүйл. Холбоод байгаа улстөрчтэй ямар ч холбоо байхгүй. Өнөөдрийг хүртэл Эрдэнэс Тавантолгойтой холбоотой хуулийг зөрчихгүй, өмнө нь зөрчөөгүй, цаашид ч зөрчихгүй. Надад албан тушаал, улс төр хөөцөлдсөн зүйл байхгүй, УИХ-д нэр дэвшихгүй. Эхлүүлсэн төслөө хөгжил рүү нь хөтлөхийн төлөө ажиллаж байна" гэдгийг онцлон тэмдэглэв.
Эрдэнэс Тавантолгой ХК үйл ажиллагаа хэсэг бүлэг бүхий хүмүүсийн үйл ажилллага биш болсон 2.5 сая иргэний хяналт дор үйл ажиллагаага явуулж байна. Эдгээр 2.5 сая иргэн 2019 оныхоо ногдол ашгийг анх удаа авах гэж байна гэв. Зарим нэг иргэд ногдол ашигаараа өөр зүйлд хөрөнгө оруулалт хийе гэсэн энэ боломжтой. Тэдгээр иргэд Монгол Улсын Засгийн газарт цэцэрлэг, сургууль барих, төмөр зам барихад нь ногдол ашгаа хандивлаж болно. Түүнээс биш ногдол ашгаа авья гэж байгаа хүмүүсийн өмнөөс компани, Засгийн газар дуугарч болохгүй гэв.
2018 оны ногдол ашиг байна. Үүнийг дан байдлаар 54 тэрбум төгрөгийг иргэдэд олгоно.
Ашигтай ажилласан бол үр ашгаа бага ч бай, их ч бай ногдол ашгаа авах нь бизнесийн хууль. Энэ хуулийн хүрээнд ажиллаасай. Эхлүүлсэн төслөө хөл дээр нь босгосон, цаашид монголчуудын 200 жил тэжээх төслийн хөгжлийн зам нь ямар нэгэн саадгүйгээр хөтөлнө гэлээ.
Мэдээллийн дараагаар Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн зүгээс 1072 хувьцааны ногдол ашиг авах гэж буй иргэддээ анхааруулсан мэдээлэл өгсөн юм.
ИРГЭД ХУВЬЦААНЫ ДАНСТАЙ ЭСЭХЭЭ ШАЛГАЖ БАЙЖ ДАНСАА НЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ
Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгальмаа: Эрдэнэс Тавантолгой ХК 2019 оны ногдол ашгаа тараахаар нийтэд зарлаж байгаа. Өнөөдрийн байдлаар 1 сая 854 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Дансаа нээлгээгүй иргэд онлайнаар болон үнэт цааны компани дээр очиж, нээлгэж болно. Иргэд маань хувьцааны дансаа давхардуулж нээлгэж байгаа тул хамгийн эхэнд данстай эсэхээ шалгахыг зөвлөж байна. Манай компанийн сайтаар орж шалгах боломжтой. Мөн 158989 дугаар өөрийн регистрийн дугаараа латин үсгээр оруулахад мэдээлэл нь гарч ирнэ.
Үүний зэрэгцээ, хэрвээ та ногдол ашгаа авах гэж байгаа бол бүртгүүлсэн үнэт цаасны компани дээрээ очиж, ямар арилжааны банкны харилцах дансаа баталгаажуулах ёстой. Үүгээр ногдол ашгийг баталгаажуулсан данс руу шилжүүлнэ. Хэрвээ та давхар өөр компанийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компанийн ногдол ашиг тэрхүү харилцах данс руу нь орно. Хэрвээ харилцагч арилжааны банкаа эсвэл харилцах дансаа өөрчилбөл тухайн үнэт цаасны компани дээр очиж, шинэ дансаа баталгаажуулах ёстой.
Холбоотой мэдээ