Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Хонь ба чоно

Үхлийн тахал нөмөрсөн хөршийндөө “айл хүний амь нэг” болохыг мэдрүүлж, БНХАУ-д хугас өдөр айлчлаад ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулгыг магтсан пи-ар амралтын хоёр өдөр олон нийтийн сүлжээнд бялууртал хөврөв. Магтаал хэтрээд ирэхээрээ гоё үгс ч муухай болдог ажгуу. Хэрэвзээ, Ч.Сайханбилэг Хятадад 30 мянган хонь амлаад ирсэн бол аль хэдийн олон нийтийн сүлжээгээр "цаазалчихсан" байх биз.

Ши Жинпиньд аавынх нь зургийг, ард түмэнд нь “байхгүй” хонио бэлэглээд ирсэн Ерөнхийлөгч Х.Баттулга улстөрчийн хувьд мэдрэмжтэй нүүдэл хийсэн байхыг үгүйсгэхгүй. Эдийн засгийн хувьд энэхүү айлчлалын үр ашгийг одоогоор магтан сайшаахад эртэднэ.

Мэдээж, айлын хүүхдийн үсний найранд очоод авгайгаасаа нууж халзан цагаан хонь амлахаас Төрийн тэргүүн хөрш улсдаа айлчилж, 30 мянган хонь хандивлахаа дэлхий даяар зарлах нь тэс өөр амлалт юм. Тэгэхээр Монгол Улс 30 мянган хонио хятадуудад өгөх нь гарцаагүй, гэхдээ хууль дүрмээрээ бол Ерөнхийлөгч Х.Баттулгад ийм эрх мэдэл бий юу. 

Монгол Улс парламентын тогтолцоотой улс болохоос Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш. Монгол Улсын парламентын эрхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга удаа дараа халдаж байгаа нь  ёстой л “чоно борооноор” болж байна. Товчхондоо, ҮАБЗ-ийн дарга Х.Баттулгад улс төр, хууль, эдийн засгийн эрх мэдэл бүхэлдээ төвлөрснийг энэхүү айлчлалаараа дахиад баталсан хэрэг.

Айлчлалын оройгоос аймаг, сумдын Засаг дарга нар, улстөрчид уралдаж ирээд Ерөнхийлөгчид хонио хандивлаж байна. УИХ-ын сарын “тэмдэг” болсон Х.Наранхүү 2000 хонь өгнө л гэнэ. Баянхонгор, Баян-Өлгий, Увс аймгийн засаг ноёд мянга, мянгаар нь хонь бэлэглэхээр болж. Монгол Улсын нэр нүүрийг бодсондоо биш л дээ, Ерөнхийлөгч Х.Баттулгад зусардаж байгаа хэрэг.  Х.Баттулга “бүх хүний дарга болсон” хойно, одоо яая гэх вэ?

Ерөнхийлөгч хүсвэл хэн нэгнийг гүтгэн харлуулж, хэн нэгнийг яллагдагч болгож, хэн нэгэнд эрүү үүсгүүлж, хэн нэгэнд хэрэг тохож, хэн нэгэнд хэрэг зохиож чадна гэсэн ойлголт нийгэмд нэгэнтээ бий болжээ. Хамгийн сүүлд гэхэд  М.Энхсайханыг  "хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй гүйцэтгэсэн үйлдэлд" гэж терроризм гэх зүйл ангиар прокуророос яллагдагчаар татаж.

Инээдтэй нь, М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцээгүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар төслөө буцаан татсан байдаг.

М.Энхсайханы хийсэн буруу нь гэвэл Зам тээврийн сайд байхдаа Х.Баттулгын гаргасан фактуудыг ил болгосон явдал. Энэнд л хорсож явдаггүй юм бол М.Энхсайханы боловсруулсан гэрээг УИХ-аар хэлэлцэхээс өмнө З.Энхболд гацааж, гацаасандаа баяртай байгаагаа Ерөнхийлөгчийн албан бус зөвлөх Л.Эрдэнчимэг баяртайгаар ярилцлага өгч байв. Тэрбээр энэ талаар хэвлэлийн хурал хийхдээ “Оросын эрх ашгийг бас бодолцох ёстой” гэж байсан одоо гүүглэдээд үзэхэд гараад ирнэ дээ.

Коронавирусээс болж Монгол Улс нүүрсний экспортоо энэ сарын 15 хүртэл хаасан. Хил хааснаар Монгол Улс нүүрсний экспортоос өдөрт 22 тэрбумыг алдаж буй гэх статистик баримт бий. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засагт их наядын хохирол амсах тухай ч мэдээлэх болсон.

Хэрэвзээ, Монгол Улс Гашуунсухайтын төмөр замаа тавьчихсан бол өдөрт 22 тэрбумыг алдахгүйгээс гадна илүү их ашиг олох боломжтой байлаа. Даанч, Чингис бондын 280 сая ам.доллараар тавьсан Гашуунсухайтын төмөр замын шороон далан эдийн засгийн үр ашиггүй “үзмэр” л  болж дээ. Эдийн засгийн бодит хохирол гэж ийм л баримтуудыг хэлэх байх.

Ши даргын  "Дуслын төдий ачлалын хариу буцаад ирэхдээ булгийн ус шиг оргилмуй” хэмээх талархлын үгийг анти чайна үзэлтэй “эх орончид” эх адаггүй сэвж байгааг харвал Хятадаас хариу туслана гэсэн горьдлого эрх баригчдад байх шиг. Иймээс Ерөнхийлөгчийн урд хөршид хийсэн айлчлалын гол зорилго нь 2021 оны сонгуулийн зардлаа Хятадаас босгох шоу битгий байгаасай л гэсэн болгоомжлол байна. Тэгвэл хонь байтугайгаа л өгөх хэрэг гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
24
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж