Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн танилцуулга

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн танилцуулга

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 83 зүйлээс бүрдэх бөгөөд хуульд дараах онцлог зохицуулалтыг тусгасан болно.

    1.Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно. 

Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулна. Тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байхаар хуульчлав.

    2.Нэр дэвшигчид тавигдах дараах шаардлагуудыг нэмж оруулсан.

1/банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

2/татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51, түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх.

Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болов.

Түүнчлэн хуульд гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн болон авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглосон.

    3.Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. 

Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна. Үүнд:

1/сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;

2/нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;

3/хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;

4/сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;

5/ухуулах байр ажиллуулах;

6/радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;

7/цахим орчин ашиглах;

8/өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх зэргээр сонгуулийн сурталчилгааг хийхээр хуульд тусгасан.

Мөн сурталчилгаа хийх тээврийн хэрэгслийн тоог хязгаарлаж, сонгуулийн сурталчилгааны зорилгоор нэг хэсэгт дөрвөөс илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглаж болно гэж заасан.

    4.Сонгуулийн сурталчилгаанд дараах хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэхээр зохицуулсан.

1/гурван хэвлэлийн хуудас сонин;

2/гурван хэвлэлийн хуудас сэтгүүл;

3/нэг хэвлэлийн хуудас ухуулах хуудас.

Нэг нам, эвслийн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар хамтран гаргаж болно.

Ухуулах хуудас болон зурагт самбарыг байрлуулах байршлыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлж, тогтоосноос өөр газарт зурагт самбар, ухуулах хуудас байршуулахыг хориглох, ухуулах хуудсын хэмжээг тодорхой зааж нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээнээс илүүгүй байх зохицуулалтыг хуульд тусгаж өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол хийсэн ажлын тайлангаа энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй байхаар зохицуулсан байна. 

Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглаж болох ба зурагт самбар, дэлгэц нь нэг хэсэгт 10-аас илүүгүй байна. Хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй, хөдөлгөөнт хэлбэртэй байж болох бөгөөд хэлбэр, загварт хязгаарлалт тавихгүй, сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд намын далбаа, уриа, таних тэмдгийг сурталчилгааны явцад ашиглах эрхтэй зэргийг хуульд тусгаж өгсөн.

Намын далбаа, уриа, таних тэмдэгийг нэр дэвшигчийн ухуулах байр, сонгогчидтой хийх уулзалт, хурал цуглааны танхимд, сурталчилгааны самбар, дэлгэц, ухуулах хуудас, сонгуулийн сурталчилгаанд ашиглах зөвшөөрөл бүхий тээврийн хэрэгсэл, сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдийн хэрэглэж байгаа хувцас дээр байрлуулж болох бөгөөд бусад газарт байрлуулахыг хориглосон. Нэр дэвшигч сонгуулийн хэсэг бүрд хоёроос илүүгүй ухуулах байр ажиллуулж болох бөгөөд нэг нам, эвслээс нэр дэвшигчид хамтран нэг ухуулах байранд үйл ажиллагаа явуулж болно.

Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байна. Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа /60 минут/-ны хорин таваас илүүгүй хувь /15 минут/ нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдоно.

Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан зар сурталчилгаа, мэдээ, мэдээллийн төлбөрийн дундаж хэмжээнээс хэтрэхгүй байхаар хуульд тусгасан. 

Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудсыг ашиглаж болно:

1/нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;

2/цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;

3/бусад цахим хуудас.

Цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэхээр хуульд тусгасан.

Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор дараах хууль бус сурталчилгааг хориглохоор /үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглохоор/ заасан. Үүнд:

1/мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх;

2/нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

3/сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

4/ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

5/хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

6/сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

7/хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах зэрэг хориглох заалтуулдыг хуульд заасан.

Мөн нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг, түүнчлэн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно.

Сонгуулийн явуулах зардлыг хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрдэхээр зохицуулалсан. Мөнгөн хандив нь иргэний хувьд таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээдийн хувьд хорин сая төгрөг хүртэл байх, мөн бэлэн мөнгөөр хандив өгөх, авахыг хориглосон. 

Сонгуулийн зардлын дансанд хуримтлагдах хөрөнгийн хэмжээнд тусгайлан хязгаар тогтоохгүй боловч тухайн сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгуулийн зардлын данснаас зарцуулах зардлын хэмжээ хуульд заасны дагуу тогтоосон сонгуулийн зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна.   

Нэр дэвшигч нь гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, 18 нас хүрээгүй хүн, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд, үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс хандив авахыг хориглосон.

Улсын Их Хурлын Тамгын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж