ЭМЯ-аас мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Sunday, March 1, 2020
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.02/ коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү:
ХӨСҮТ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд тусгаарлагдсан 2, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9, нийт 11 иргэний коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариу сөрөг гарсан.
Гуравдугаар сарын 1-нд ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 3 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, тандалт судалгаа лабораторийн шинжилгээ хийж байна.
Ажиглалтад өчигдөр ХӨСҮТ-д 8, Сэлэнгэд 13 хүнийг тус бүр авсан. Улсын хэмжээнд ажиглалтад 335 иргэн байна.
“ЦЭРГИЙН АМРАЛТЫН ГАЗРЫН ТУСГААРЛАХ БАЙРАНД 76 ХҮНИЙГ АЖИГЛАЖ БАЙНА”
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:
Эрүүл мэндийн яам өчигдөр /2020.03.01/ мэдээлэл хийснээс хойш тохиолдлын удирдлагын тогтолцооны баг маань Улсын онцгой комисст холбогдох мэдээллийг хэлэлцүүлсэн. Улсын онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын авто тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг зогсоохоор бэлтгэл ажлуудыг хангаж байна. Үүний дагуу зам дагуу байгаа сумдын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд шаардлагатай тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх бэлтгэлийг хангаад байна. Өчигдөр бид Батлан хамгаалах яамтай хамтран Бага баян дахь амралтын газарт тусгаарлах байрыг бэлдсэн. Тэнд өнөө өглөө газардсан Нурсултан-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар, Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцноос ирсэн, ажиглалтад авах шаардлагатай 76 зорчигчийг түр тусгаарласан.
Алтанбулаг, Сүхбаатарын хилийн боомтууд дээр ОХУ-аар дамжин БНСУ, Япон улсаас орж ирсэн иргэдийг тусгаарлан, ажиглаж байна. Өнөө өглөө “Нарлаг Монгол” гэдэг галт тэргээр ирсэн иргэдээс түр тусгаарлан ажиглах шаардлагатайг нь авч ажилласан. Сэлэнгэ аймагт ачаалал нэмэгдээд ирвэл Дархан-Уул аймагт амралт сувиллын байр болон коллежийн байруудад түр тусгаарлан ажиглах байрыг бэлдээд байна. Засгийн газрын нөөц сангаас шийдсэн 4.2 тэрбум төгрөгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан. Дараагийн яригдаж буй 6.5 тэрбум төгрөгийг яг задаргаагаараа Засгийн газрын тогтоол батлагдсан байгаа.
“МОНГОЛ УЛСАД СЭЖИГТЭЙ ТАВАН ТОХИОЛДОЛ, АЖИГЛАЛТАД 335 ХҮН БАЙНА”
Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өнөөдрийн байдлаар дэлхийн 64 оронд COVID-19 халдвар бүртгэгдээд байна. Иргэд ариун цэвэртээ анхаарч, амны хаалтаа зүүснээр гахайн хавдар, гар, хөл, амны өвчин, салхин цэцэг гэх мэт агаар дуслын замаар халдварладаг өвчнүүд 1.3-2.9 дахин буурсан байна. Томуу өвчин буурч, өнгөрсөн жилийн өдийд нийслэлд 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол одоо 280 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсад одоогоор нийт сэжигтэй таван тохиолдол, ажиглалтад 335 хүн байна. Түр ажиглалтад байгаа иргэдээс одоогоор ажиглалтад байх хугацааны төлбөр төлсөн иргэн байхгүй. Итали улсад загварын шоунд оролцсон иргэдийн биеийн байдал хэвийн байгаа.
Коронавирусийн халдвараас хохирол багатай даван туулах нь гол зорилт. Нэг л хүн өвдвөл хэчнээн хүчирхэг эдийн засагтай орон байлаа ч, анагаахын шинжлэх ухаан нь хөгжсөн орон байлаа ч хүчин мөхөстөж байна. Монгол оронд эл халдвар орж ирэх юм бол олон зүйл дээр бид хүчин мөхөстөнө, тиймээс урьдчилан сэргийлэх нь чухал байна.
“ДЭЛХИЙН 38 ОРОНД ХАЛДВАР ЗӨВХӨН ГАДНААС ОРЖ ИРСЭН ТОХИОЛДОЛД ГАРСАН”
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа:
Гуравдугаар сарын 1-ний ДЭМБ-ын мэдээгээр 24 цагийн дотор COVID-19 халдварын 1739 шинэ халдвар бүртгэгдэж, нийт 87.137 тохиолдол болсон байна. Үүнээс 53 нас баралт нэмэгдэж, нийт нас баралтын тоо 2977 болсон. Шинээр Эквадор, Монако, Катар, Азербайжан, Ирланд улсад халдвар бүртгэгдсэн. Сүүлийн мэдээгээр Итали улс руу зорчсоноос Чех, Шотланд, Доминикан зэрэг улсуудад халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д 579 шинэ тохиолдол бүртгэгдэж, 35 нас баралт мэдээлэгдсэн. Тус улсын Хубэй мужид 34, Ухань хотод нэг нас баралт гарсан. Нийт 42 мянган хүн эдгэрсэн. Дэлхийн 38 оронд халдвар зөвхөн гаднаас орж ирсэн тохиолдол гарсан бол 20-иод улсад халдвар дотоодын дэгдэлт байдлаар тархаж байна. БНСУ-д 586 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нийт 3736 тохиолдол болсон. Солонгост өдөрт дунджаар 11 мянган хүн лабораторийн шинжилгээ өгч, хавьтлын судалгааг хийж байна. Шинжилгээний хариугаа хүлээж буй 33 мянган хүн байгаа бол 60 мянган хүний лабораторийн хариу сөрөг гарчээ. Өмнөд Солонгост зургаан голомт байгаагаас хамгийн том голомт болох шинчонжи сүмд анх нэг хүн халдвар авч, 16 хүнд халдвар тараасан.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
А.СҮРЭН
Холбоотой мэдээ