З.Баянсэлэнгэ: АТГ намайг шалгаагүй

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ: АТГ намайг шалгаагүй

Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нийгэмд үүсээд байгаа дуулиантай асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрээр хэлэхдээ “Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг баривчилсантай холбоотой намайг шалгаж байна гэсэн мэдээлэл цацагдлаа. Би өглөөнөөс хойш ордонд байсан. Намайг шалгаж, мэдүүлэг авах гэсэн нэг ч хүн ирээгүй. Утсаар ярьсан ч хүн байхгүй. Тиймээс надтай холбоотой асуудлаар тайлбар өгөөч гэсэн албан бичгийг АТГ-т хүргүүлэхээр төлөвлөөд байна. Ер нь би аливаа асуудалд улс төрийн болоод хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж байсан удаа байхгүй. Цэвэр, шударга, зарчимч байр сууринаас өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байсан. Миний байр суурь улс төрийн фракци намын тоглоом болох ёсгүй гэж бодож байна. Хэрэв намайг буруу зүйл хийсэн гэж үзэж байгаа бол шалгуулахад бэлэн байна” гэсэн юм.

-Та 461-р хорих ангид очсон юм уу?

– Очоогүй.

-Өчигдөр орой очоогүй юм уу?

-Өчигдөр орой ч очоогүй. Бидний хэсэг нөхөд оройн 22 цагийн үед мэдсэн. Ингээд АТГ-аас мэдээлэл авахаар очсон боловч удирдлагууд нь байгаагүй. 

-Танай намын сайдыг АТГ шалгаж байна. Энэ тал дээр таны байр суурь?

-Надад мэдээлэл алга. Энэ бол цэвэр улс төрийн явуулга, захиалга байсан юм болов уу гэсэн хардлага төрж байна.

-Авлига өгсөн хүнийг нь барьсан юм болов уу?

-Мэдэхгүй. Надад үнэндээ мэдээлэл алга.

-МАН, МАХН-тай нэгдэх асуудал яригдаж байна. Таны байр суурь?

-Өчигдөр хоёр намын ахмадууд уулзаж намуудын удирдлагуудад албан бичиг өгсөн гэсэн. Тэр уулзалтын дараа ийм зүйл өрнөж байгаа нь бидний хардлагыг нэмэгдүүлж байна. Албан бичиг өгч, зарим газраас шахалт үзүүлснээр энэ асуудал шийдэгдэхгүй гэж би хэлмээр байна.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж