“Пипл ин Нийд” бусад ТББ-тай хамтран 250 өрхөд дэмжлэг үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

“Пипл ин Нийд” бусад ТББ-тай хамтран 250 өрхөд дэмжлэг үзүүллээ

“Пипл ин Нийд” бусад ТББ-тай хамтран 250 өрхөд дэмжлэг үзүүллээ

Монгол Улсын хөрш зэргэлдээ орнуудад тархаад байгаа шинэ коронавирусын (Covid-19) халдвараас сэргийлэх зорилгоор Улсын онцгой байдлын комиссын 2020оны нэгдүгээр сарын 24-ний шийдвэрээр сургууль, цэцэрлэгийн өмчийн байдал үл харгалзан гуравдугаар сарыг дуустал хаах шийдвэр гаргаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг Засгийн газраас хориглоод байна. Энэхүү арга хэмжээ нь чухал ач холбогдолтой боловч эмзэг бүлгийн өрхүүдийн эрсдэлт нөхцөл байдлыг нэмэгдүүлж болзошгүй байна. Хөл хорио тогтоож сургууль цэцэрлэгийг хааснаар дээрх бүлгийн хүүхдүүд өдөр тутмын наад захын хүнс тэжээлээр дутах, халуун дулаан байранд тав тухтай, анхаарал халамжийн дор сурч хүмүүжих боломж хязгаарлагдаж байна. Тухайлбал, бага насны хүүхдүүд өдрийн шаардлагатай илчлэгийнхээ нэлээд хувийг сургууль, цэцэрлэгийнхээ хоол хүнснээс олж авдаг.

“Хөл хорио тогтоосноор хүүхдийн хичээл сургууль, хоол тэжээлд нөлөөлж байгааг бид олж харлаа. Ялангуяа 24 цагийн цэцэрлэгийн үйлчилгээнд найддаг эцэг эхчүүдэд энэ байдал хүндээр тусч байна ” гэж “Пипл ин Нийд” ТББ-ын төслийн менежер Б.Ганчимэг хэлэв.

Ийм учраас “Пипл ин Нийд” байгууллагын “Цэвэр гар” аяны хүрээнд Улаанбаатар хотын Хан Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд болон тэдний гэр бүлд, нийтдээ 250 айл өрхөд эрүүл ахуй, хоол тэжээлийн иж бүрдлийн тусламж олголоо.

“Коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой хорио цээрийн арга хэмжээ нь эмзэг бүлгийн зарим айл өрхөд хүнд тусахаар байна. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд бүхий л нөөцөө дайчилж буй Засгийн газарт болон түншүүддээ тэр дундаа “Намуун сан”-гийн хамт олонд талархаж байна" гэж “Пипл ин Нийд” ТББ-ын Суурин төлөөлөгч Тим Женкинс онцгойлон дурдсан.

“Пипл ин Нийд” байгууллага нь Чех улсын хувь хүмүүсийн өгөөмөр хандив дэмжлэгээр нийт 5000 евро цуглуулж эрүүл ахуй, хоол тэжээлийн иж бүрдлийг 250 айл өрхөд олгосон бөгөөд үүнд “Намуун сан”-гийн буцалтгүй тусламж хэлбэрээр 5 сая гаруй төгрөгийн тусламж багтааж байгаа. Энэ дашрамд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Оюутны сагсан бөмбөгийн холбоо зэрэг байгууллагуудад сайн дурын баг бүрдүүлж өгсөнд  талархаж байна.

Хэдийгээр тодорхой тооны айл өрх, хүүхдүүдэд дэмжлэгийг хүргэж байгаа ч “Цэвэр гар” аянд илүү олон хүүхдийг хамруулахад нэмэлт дэмжлэг шаардлагатай байна. Иймд “Пипл ин Нийд” байгууллага нь  Breathe Mongolia болон Mongolia Live-тай хамтарч нийт 300 хүүхэд, тэдний гэр бүлд бэлэн мөнгө хандивлахыг уриалсан дэлхийн хэмжээний хөрөнгө босгох кампанит ажлыг эхлүүлээд байна.

Хөрөнгө босгох кампанит аяны хүрээнд нэг хүүхдэд 40 ам.долларын хандивыг цуглуулж, энэ нь нэг сарын хугацаанд хүүхдийн хоол тэжээл, эрүүл ахуйг хангах боломжтой гэж тооцоолсон. Тэдгээр гэр бүлийг коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх тухай мэдээллийн товхимол, хоол хүнсний зүйл, эрүүл ахуйн хэрэгслээр хангаж өгнө. Хоол хүнсэнд гурил (10 кг), будаа (5 кг), элсэн чихэр (1 кг), наранцэцгийн тос (1 л) орно. Эрүүл ахуйн хэрэгсэлд шүдний оо (200 гр), шүдний сойз (4 ширхэг), гарын саван (2 ш), угаалгын саван (3 ш), ариутгалын шахмал (100), гэр бүлийн гишүүдэд зориулсан шүүлтүүртэй маск багтаж байна.

Та хандивын аянд нэгдэх хүсэлтэй байвал, доорх холбоосоор ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай https://www.facebook.com/donate/714095845794682/2653875311556912/

Чех улсад төвтэй “Пипл ин Нийд” (ПИН) ТББ нь 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байв. Ингээд ПИН хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж, олон нийтийг чадавхижуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн Монголд тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өдгөө онцгой байдлын тусламжаас гадна тогтвортой амьжиргааг дэмжих, хоршоо, иргэний нийгмийн байгууллагууд ба төрийн албаныхны чадавхийг нэмэгдүүлэх, дээд боловсролыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах болон агаарын бохирдлын тухай иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: People in Need (PIN) in Mongolia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж