Коронавирусийн эсрэг тэмцэлд Абэ Шинзо ялагдах уу?

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

Коронавирусийн эсрэг тэмцэлд Абэ Шинзо ялагдах уу?

Коронавирусийн эсрэг тэмцэлд Абэ Шинзо ялагдах уу?

Абэ Шинзо өнгөрсөн хугацаанд улс төрийн олон сорилтыг даван гарснаар Японы түүхэнд хамгийн удаан засаг барьсан Ерөнхий сайд болсон. Гэвч тэрбээр үхлийн аюулт коронавирусийн халдварын эсрэг тэмцэлд ялагдаж болзошгүй байна. Японд коронавирусийн халдвар буюу “Сovid-19” өвчний анхны тохиолдол нэгдүгээр сарын 23-нд илэрсэн. Тэгвэл гуравдугаар сарын 1-ний байдлаар Японд халдвар авсан хүний тоо 242 болж, зургаан хүн нас бараад байна. Түүнчлэн Ёкохама боомтод тусгаарлагдсан хөлөг дээрх халдвар авсан хүнийг оролцуулбал энэ тоо 700 гарах юм. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ халдварт өвчний тархалтын эсрэг өнөөдрөөс (2020.3.2) орон даяар бүх сургуулиудыг хаах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт танилцуулжээ. Тэрбээр халдварын оргил үе энэ долоо хоногт болно гэж тооцож буйгаа мэдэгджээ. Сургуулиудыг хаах гэнэтийн шийдвэр олон сая эцэг, эхчүүдийг өдөр өнжүүлэх хайн сандралдахад хүргэв. Абэ Шинзо Бямба /2020.02.29/ гаригт хэвлэлийн хурлын үеэр халдварын тархалтыг зогсоохын тулд шийдэмгий арга хэмжээ аваагүй гэх шүүмжлэлийн эсрэг Япон нь хөрш Өмнөд Солонгосыг бодвол нөхцөл байдал ноцтой биш хэмээн мэдэгджээ.

Японы Засгийн газар нь Хятадын эсрэг бүхэлд нь аяллын хориг тавилгүй зөвхөн халдварын голомтоос ирэх хүмүүсийг хязгаарласан нь ард иргэдийн зүгээс хүчтэй шүүмжлэл дагуулжээ. Санкей сонинд нийтэлснээр Японы иргэдийн гуравны хоёр нь Хятадын эсрэг түр хугацааны аяллын хориг тавих саналтай аж. Гэтэл Абэ Шинзо нь 2012 оны сүүлд Засгийн эрхэнд гарснаас хойш дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад улстай харилцаагаа сайжруулахын тулд нэлээд хүчин чармайлт гаргасан юм. Мөн Хятадын дарга Ши Жиньпин ирэх дөрөвдүгээр сард Япон улсад айлчлахаар товложээ.

Түүнчлэн ирэх зургадугаар сард Японд болох Зуны Олимпийн наадам халдварт өвчний шалтгаанаар цуцлагдаж магадгүй нөхцөл байдал үүссэн. Зуны Олимпийн наадмыг зохион байгуулахад Японы засгийн газраас 26 тэрбум ам.доллар зарцуулжээ. Хэдий Олимпийн наадмыг цуцлахгүй байсан ч халдварт өвчнөөс шалтгаалан жуулчдын тоо эрс бага байхыг ажиглагчид тооцоолсон байна. Гэтэл Японы засгийн газраас жуулчдыг татах бодлогодоо зуны Олимпийн наадмыг гол үйл явдал болгон төлөвлөжээ.

Японы Эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ одоо илэрсэн халдварын тоо бол дөнгөж мөсөн уулын орой байж магадгүй хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Японы хойд хэсгийн Хоккайдо муж өнгөрсөн Баасан гаригт онц байдал зарлаж, хүмүүсийг гуравдугаар сарын 19-ныг хүртэл гэрээсээ гарахгүй байхыг анхааруулжээ. Улмаар Японы эдийн засаг хямралд ороход ойрхон байна. Өнгөрсөн Баасан гаригт Японы “Topix” индекс сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн муу үзүүлэлтийг үзүүлсэн ба өнгөрсөн арванхоёрдугаар сартай харьцуулбал 14 хувиар унажээ. Японы эдийн засаг 2019 оны сүүлийн улиралд 6.3 хувь болж агшсан ба ажилгүйдэл 2,4 хувь болж өссөн байна.

Абэ Шинзогийн хувьд Олимпийн бэлтгэл, сөрөг хүчнийхний хуваагдал зэргээс шалтгаалан нэр хүнд нь нэлээд өсөөд байсан. Гэтэл Либерал ардчилсан намын тэргүүлсэн Японы засгийн газар өнгөрсөн аравдугаар сард татвар нэмэгдүүлсэн, авлигын хэд хэдэн дуулиан зэргээс шалтгаалан хэдийн суларсан. Японы засгийн газрыг дэмжигчдийн тоо өнгөрсөн 2018 оны долдугаар сараас хойших хамгийн доод хэмжээнд хүрснийг “Bloomberg Economics” өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Түүнчлэн Санкей сонинд нийтэлснээр эрх барих намын рейтинг 36 хувьд хүрч унасан байна. Коронавирусийн халдвараар олон улсад 86 мянган хүн өвчилж, 3000 орчим хүн нас бараад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж