Монгол Улс 2020 онд 11 их наяд 797.8 тэрбум төгрөгийн орлого олно хэмээн төсөвтөө тусгасан. Харин зарлагын хувьд 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу хоёр их наяд төгрөгийн алдагдалтай байхаар төсвийг тооцоолсон. Төсвийн алдагдал ДНБ-ний 5.1 хувийг эзэлж буй.
Хэдийгээр Монгол Улс төсвөө ийнхүү тодорхойлсон ч Covid-19 вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, экспортын гол бараа болсон нүүрсний экспортыг зогсоосон нь эдийн засагт томоохон сорилт авчирч байна.
Нүүрсний экспорт 2020 оны нэгдүгээр сард хэвийн үргэлжилж, 2 сая тонн нүүрс экспортолсон бол хоёрдугаар сарын 1-17-ны хооронд 245 мянган тонн нүүрс экпортолсон гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээлж буй. Гэхдээ үүний 70 хувь нь сул коксжсон, коксжих чанаргүй нүүрс бол 30 хувь нь хүрэн нүүрс. Өөрөөр хэлбэл, экспортын гол бараа кокжсон нүүрс хоёрдугаар сарын 3-наас хойш ганц ч тонныг экспортлоогүй байгаа билээ.
Улмаар Монгол Улсын төсөв өнөөдрийн байдлаар 210 тэрбум төгрөгийн нэмэлт алдагдлыг хүлээгээд байгаа гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Хэдийгээр төсөв тодорхой хэмжээний алдагдал хүлээж байгаа ч Сангийн сайд төсөв тодотгохгүй. Төсвийн нийт зарлагын 70 хувийг эзэлж буй урсгалын зардлыг хэмнэх замаар дээрх алдагдалыг бууруулж, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлнэ гэлээ.
Мөн Монгол Улсын эдийн засаг нэг жил орчмын хүндрэлийг даван туулах чадвартай болсон тул өнөөдөр үүсч буй сорилтыг даваад гарна. Эрүүл ахуйн, хорио цээрийн халдваргүйжүүлэлт, ариутгалын нөхцөлийн шаардлагыг хангавал нүүрс, газрын тос бусад ашигт малтмалын экспортыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ гэдгийг Сангийн сайд Ч. Хүрэлбаатар хоёрдугаар сарын 28-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.
Үүний зэрэгцээ, Гаалийн ерөнхий газрын хэлж буйгаар, энэ жил бид 40 гаруй сая тонн нүүрс экспортлох боломжгүй болчхоод байгаа ч зуны улиралд нүүрсээ сайн экспортолж чадах юм бол дээрх зорилтдоо дөхөх боломжтой. Өвлийн улиралд нүүрсний экспорт харьцангуй багасчихдаг. БНХАУ-ын зүгээс нүүрс авахад бэлэн байна гэвэл бид нүүрсээ чадах чинээгээрээ экспортолно. Монгол Улс 2020 оны нэгдүгээр сард 2 сая 425 мянган тонн нүүрс экспортолж, 203 сая 353 мянган ам.долларын орлого олсон аж. 2019 оны нэгдүгээр сард 2 сая 118 мянган тонн нүүрс экспортолсон байдаг. Үнийн хувьд мөн адил өссөн. 2019 онд бид нэг тонн нүүрсийг 79.9 ам.доллараар экспортолсон бол 2020 онд 83.8 ам.доллараар борлуулж байна. Хоёрдугаар сард нүүрсний экспорт тааруухан байгаа ч хөл хорио тавигдвал энэхүү алдагдлаа нөхөх боломжтой. БНХАУ-ын зүгээс нүүрс авья л гэвэл бид экспортлоход бэлэн байгаа" гэсэн юм.
Онцлоход, Монгол Улс 2019 онд нийтдээ 36.4 сая тонн нүүрс буюу нэг сард 3 сая тонн нүүрс экспортолсон байна. Нүүрс нь Монгол Улсын экспортод 40 гаруй хувийг эзэлж байна.