Бохир ус ашиглан эрчим хүч үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Бохир ус ашиглан эрчим хүч үйлдвэрлэнэ

АНУ-ын нийслэл Вашингтон Ди-Си хотын иргэд байгаль орчинд хоргүй, нөхөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулж эхэллээ. Тус хотын ус түгээх, цэвэрлэх компани саяхан иргэдийн ашигласан бохир усыг цахилгаан үйлдвэрлэх, тариалангийн хөрс бэлтгэхэд эргүүлэн ашиглах  шинэ систем бий болгожээ.

Энэ систем нь үйлдвэрлэлийн хорт хаягдал, түүнчлэн ахуйн хаягдал усыг цэвэрлэх дулааны гидролизын аргад үндэслэсэн юм байна. Хаягдлыг халаах, задлах гэсэн хоёр үе шатаас тус систем бүрдэнэ. Хаягдал усыг халаасны дараа хоёр дахь дамжлагад нянгууд органик хаягдлыг задлах үеэр метан хий ялгарч, харин энэ метан хийг ашиглан турбинууд 13 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг байна.

Энэхүү шинэ системийн тусламжтай хотын эрчим хүчний нийт хэрэглээний гуравны нэгийг үйлдвэрлэх боломжтойгоос гадна ус цэвэрлэсний дараа үлдэх хаягдлын хэмжээг бууруулна гэж үзэж байгаа юм. Түүнчлэн хог хаягдлаас эрчим хүч гарган авсны дараа гарсан үлдэгдлийг ариутган, бусад хольц нэмж, хөрс болгон ашиглах гэнэ.

НҮБ-аас өчигдөр гаргасан тайланд мэдээлснээр бүх улс орны хаягдал усыг энэ аргаар боловсруулах тохиолдолд 9,5 тэрбум америк долларын өртөг бүхий байгалийн хий гарган авч, наад зах нь 138 сая айл өрхийг эрчим хүчээр хангах боломж бий болох юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж