“Playtime” амьд хөгжмийн наадамд гудамжны урлагийнхан нэгдэнэ”

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

“Playtime” амьд хөгжмийн наадамд гудамжны урлагийнхан нэгдэнэ”

“Playtime” амьд хөгжмийн наадамд гудамжны урлагийнхан нэгдэнэ”

Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа граффити уран бүтээлч бол Хиско буюу Х.Хоснаран. Тэрбээр Австралийн Мельбурн хотод амьдарч, уран бүтээлээ туурвидаг бөгөөд эх орондоо ирээд буцжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Сар шинийн өмнөхөн эх орондоо ирээд буцсан гэж дууллаа. Эх орондоо хэр удав?

-Сайн байна уу. Би сар шинийн өмнөхөн эх орондоо ирээд буцлаа. Эх орондоо өмнө нь дандаа зуны улиралд ирдэг байсан. Би Монголынхоо өвлийн улирлыг үзэлгүй яг 10 жил болжээ. Өвлийн хүйтнээс гадна хөл хориотой цаг үеэр ирээд буцлаа даа.

-Энэ удаа Монголд ирэхдээ олон ажил амжуулсан гэж дуулсан. Хийж бүтээсэн зарим ажлаасаа танилцуулж болох уу?

-Миний хувьд Монголдоо ирэх болгондоо л хэд хэдэн ажил бодож, төлөвлөж ирдэг. Энэ удаа зорьж ирсэн нэг том ажил маань “Оюутолгой” уул уурхайн компанийн захиалгат зургийн ажил байсан юм. Уурхайн гүний ам руу орох шинэ хоолойд нийт 50 орчим метр урттай ханын зураг зурсан. Энэ ажлыг нэлээд хэдэн сар төлөвлөж, олон хүний оролцоотойгоор бүтээлээ. Уг бүтээлээрээ уурхайн гүнд өдөр болгон орж ажиллах уурхайчдадаа өнгө үзэмжтэй, өөдрөг сэдэвтэй, урлагийн үзүүлэн бүтээл хийж сэтгэлийн дэм өгөх зорилготой. Тиймээс ч зургийн сэдэв, дизайн дээр тус компанийн олон мундаг залуустай хамтран ажиллаж, зөвлөгөө авч ажилласан.

Би бүтээлээ хийхээсээ өмнө аюулгүй ажиллах сургалтанд сууж, компанийн дотоод бүтэц, үйл ажиллагаатай нь танилцан бараг л уурхайчин болох дөхсөн. Би дөрвөн зураачтай энэ ажлыг хоёр долоо хоногт гүйцэтгэж дуусгасан. Надтай хамтран ажилласан Jaggie, Beggie, Shader болон Гаваа нартаа баярлаж, талархсанаа илэрхийлж байна. Монголынхоо том бүтээн байгуулалтыг нүдээрээ харж, хамт олных нь дунд нэг хэсэг амьдарч, ажил, амьдралыг нь мэдрэх боломжийг олгосон тус компанийн хамт олонд талархаж байна.

-Өнгөрсөн жил Австрали улсын өмнөд нутгийн Кароонда тосгонд тус бүр 30 метрийн өндөртэй, 10 орчим диамерттэй хамгийн том бүтээлээ зурж, олонд нийтэд сонирхуулсан. Энэ жил өөр том бүтээл дээр ажиллах уу?

-Австрали улсын Кардоонда тосгоны бүтээл нь миний зурсан гурав дахь зураг байсан. Том хэмжээтэй зураг зурахад биеийн болон сэтгэл зүйн хувьд их ачаалалтай ажил болохоор нэг хэсэг энэ ажлаас түр завсарласан гэж ойлгож болно. Гэхдээ ийм бүтээл хийх санал олноор ирсээр байгаа. Одоохондоо үнийн санал, хэрхэн гүйцэтгэх тал дээр тохиролцож байна. Тийм учраас бүтэх эсэхийг нь хэлэхэд эрт байгаа. Бодож, төлөвлөөд явахад болох биз. Миний ажил төлөвлөгөөний дагуу явдаггүй. Заримдаа огт төлөвлөөгүй байхад том ажил ч гэнэт орж ирэх нь ч бий.

-Та энэ жил олон улсын фестивалиудад оролцох уу?

-Ноднин АНУ, Мексик болон ОХУ-аар аялж, бүтээлээ хийсэн. Энэ жил эдгээр олон улсын фестивальд дахин оролцох урилга хүлээн авсан. Гэхдээ одоогоор нарийн төлөвлөгөөгөө гаргаагүй байна. Мөн би энэ жил Европ руу аялж, зургаа зурах сонирхолтой байгаа. Тэндхийн фестивалиуд руу хандаад үзнэ.

Нэг мэдээ дуулгахад, энэ жилийн “Playtime” амьд хөгжмийн наадмын хүрээнд графитти болон хип хоп урлагийг багтаасан нэгэн тусгай хэсэг талбай шинээр үүсгэхээр ярилцаж, тохирсон. Зөвхөн графитти зургаас гадна гудамжны урлагийн бүхий л төрлүүд нэг дор цугларч өөр уур амьсгалыг бүрдүүлэх юм. Гурван өдрийн турш гудамжны урлагаар амьсгалж, залууст таниулах зорилготой ажиллана. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Австрали, Англи, АНУ, Япон улсаас зураачдыг урина. Монголын маань уран бүтээлчид урилгаар, сонгон шалгаруулалтаар оролцоно. Энэ талаар тодорхой мэдээлэл удахгүй гарах байх.

-Одоо ямар бүтээл дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Удахгүй миний амьдарч байгаа Викториа мужийн Yarram гэдэг нэгэн тосгонд очиж нийт 11 том, жижиг хэмжээний ханан дээр зураг зурах төсөл рүү орох гэж байна. Энэ төслийн бэлтгэл ажилд нэлээд хэдэн сарыг зарцуулсан. Намайг бүтээлээ зураад дууссаны дараа тосгоныг “Heescotown” нэрээр нэрлэж, жуулчин татах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Зургийн сэдэв нь уг тосгоны түүх болон байгалийн баялаг, оршин суугчдыг дүрсэлж олонд таниулах юм.

-Гудамжны урлагийн томоохон төлөөлөл болсон уран бүтээлчийн хувьд хотын соёл гэж юуг хэлэх вэ?

-Иргэд хотынхоо орон зайг өөрийн болгож, хамгаалж арчилдаг, түүхэн дурсгалаа хадгалдаг тэр орчинг хэлнэ гэж боддог. Хот болгон байнгын өөрчлөлт хувьслын дунд оршдог. Хамгийн гол нь хөгжил дэвшлийн хувьсал дунд соёл урлаг гэгч зүйл дүр төрхийг нь хадгалж чаддаг. Би соёл урлагаар дамжин иргэдийн үзэл бодол, хандлага нь нэгдмэл болдог гэж үздэг. Энэ сэдвээр ном бичээд ч барагдахгүй том сэдэв л дээ.

-Улаанбаатар хотын аль хэсэгт өөрийн бүтээлээ үлдээхийг хүсдэг вэ?

-Манай Улаанбаатар хотод олон нийтийн уран бүтээл дутуу байдаг. Социализмын үед олон тооны том ханын зураг хөшөөнүүд байдаг байсан. Аливаа хот олон нийтийн урлагийн бүтээлээрээ хэн бэ гэдгээ илэрхийлдэг. Тэр хотод урлагийн бүтээл хэр олон байгаагаар нь хөгжлийг харж болдог. Энэ бол ард иргэддээ өгөх ёстой хамгийн том хөрөнгө оруулалт юм. Хамгийн гол нь хотод төрж өсч буй хүүхдүүдэд хотоороо бахархах мэдрэмжийг урлагаар дамжуулан төлөвшүүлэх хэрэгтэй.

Тиймээс би гэр хороолол дахь хүүхдүүд рүү чиглэсэн төслүүдэд хамтран ажилладаг. Хотод амьдарч буй нийгмийн давхарга бүрт хүүхдүүд бий. Би тэдэнд аль болох чадлаараа тусалж, урлагийг таниулахын төлөө зүтгэх болно. Надад хотынхоо төвд том ханан дээр бүтээлээ хийх хүсэл байвч гэр хороололд зураг зурсан нь илүү утга учиртай, илүү нөлөөтэй байх гэж бодож явдаг юм.

-Одоогоор дэлхийн хэчнээн улсад өөрийн бүтээлээ зурж, сонирхуулаад байна вэ?

-Үнэнийг хэлэхэд бүтээлийнхээ тоог нь алдсан. Одоогоор Австрали улсад ханын зургаар дагнаад 10 гаруй жил боллоо. Энэ хугацаанд эхэн үедээ завсарлахгүйгээр дор хаяж долоо хоногт 1-2 ханан дээр зураг зурдаг байлаа.

Сүүлийн хэдэн жил ханын тоо нь арай цөөрч, хэмжээ нь томрох болсон. Дээр нь гадаадад очсон улс орон болгондоо нэг ч гэсэн ханан дээр зургаа зурах болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж