“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж эхэлсэн. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 4-р тойрог буюу Булган аймгийг хүргэж байна.
Золиосны тойргоор нэрлэгдэж ирсэн Булганд өнөө жил “Сод Монгол”-ын ерөнхий захирал Ц.Анандбазар, “Булган АЗЗА” компанийн захирал Б.Батсайхан, Засаг дарга асан Д.Эрдэнэбат, хуульч Б.Гүнбилэг, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар нэр дэвшин өрсөлдөх чимээ дуулдаж байна.
Өөрөөр хэлбэл, энэ тойрогт Ардчилсан намаас Олимпийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нэр дэвшихгүй болжээ. Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх болсон тул УИХ-ын сонгуулийг орхисон юм байна.
Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин энэхүү сонгуульд өрсөлдөхгүй өнжинө.
Хөгжлийн индексээрээ сүүл мушгиж ирсэн Булган аймагт МАН-аас нэр дэвшигчид голлон ялж иржээ. Тодруулбал, долоон удаагийн УИХ-ын сонгууль болоход 1996 онд Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшигчид ялалт байгуулж, бусад зургаан сонгуульд ялагдсан байна. Нэг ёсны Ардын намынхныг хавтгай ялагдаж ирсэн сонгуулиас аварч ирсэн цөөн тойргийн нэг нь гэж тодорхойлж болно. Эрх баригчид энэхүү давуу талаа бодолцсон уу, Булган аймагт ногдох мандатын тоог нэмснээр 2020 оны УИХ-ын сонгуулиас эл тойргийг хоёр УИХ-ын гишүүн төлөөлөх болж буй.
Ардчилсан намыг төлөөлөн дээрх сонгуульд “Булган АЗЗА” компанийн захирал Б.Батсайхан өрсөлдөх тухай яригдаж байна. Тэрбээр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы төрсөн дүү аж. Том бизнес эрхэлж байсан удаагүй ч жижиг бизнесээс олсон орлогоосоо нутгийнхандаа хандив өгөх, буудлагын спортыг дэмжиж, хөрөнгө оруулах зэргээр ахаасаа илүү бядтай хандаж ирсэн гэх яриа бий. Булган аймгийн Ардчилсан намын даргаар ажилладаг байжээ.
“Булган АЗЗА” төрийн өмчит компанийг удирддаг ч албаа өгсөн эсэх нь тодорхойгүй аж.
Булган аймгийн Засаг дарга асан Д.Эрдэнэбатад нам нь нэр дэвших квот олгох эсэхээс хамаарч сунгаанд өрсөлдөх нь илүү тодорхой болох аж. Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012-2016 онд сайн, муугаар олонтаа нэрээ дуудуулсаар Булган аймгийг удирдсаар нутгийнхандаа танигджээ. Хөрөнгөлөг гишүүдийн тоонд ч багтдаг. Хэрэв түүнд нэр дэвших боломж олдохгүй бол Булган аймгийн Ардчилсан намын дарга Б.Ариун-Эрдэнэ сэлгээгээр орж ирж мэдэх нь. Гэхдээ түүнд УИХ-ын сонгуульд өрсөлдөх амбиц байхгүй, харин аймгаа удирдах сонирхолтой. Самбо бөхийн дэлхийн аварга, аймгийн арслан гэдгээр нутгийнхандаа танигджээ.
МАН-аас нэр дэвшин өрсөлдөхөөр бэлтгэлээ эртнээс хангаж, хөрөнгө хаясан горилогчийн нэг нь “Сод Монгол”-ын босс Ц.Анандбазар аж. Өнгөрсөн 2019 онд тойрогтоо хамгийн их ажилласан хүнээр нэрлэгдэж байна.
Өмнө нь буюу 2012 оны УИХ-ын сонгуульд тэрбээр МАН-аас нэр дэвшихээр болж, бэлтгэл хангасан ч Авлигатай тэмцэх газраас саатуулснаар боломжоо алдаж байжээ. Гэхдээ УИХ-д нэр дэвшигчид тодорч, Сонгуулийн ерөнхий хороонд нэрсийн жагсаалт хүргэгдсэний дараа суллагдсан аж. Энэ үйл явдлыг тухайн үед улс төрийн хүрээнийхэн өрсөлдөгчийнх нь зүгээс шидсэн чулуу гэж тайлбарлаж байв.
УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, хуульч Б.Гүнбилэг МАН-аас нэр дэвшиж магадгүй гэх таамаг бий. Одоогоор тэрбээр эл тойрогт өрсөлдөнө гэдгээ мэдэгдэх болсон ч бие даах уу, МАН-аас нэр дэвшин өрсөлдөх үү гэдгээ нууцалж буй. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, академич Ж.Болдбаатарын хүү гэдгээр олонд танигдсан, Монголын хуульчдын холбоог удирдаж байсан. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй ч М.Энхболдын хүн гэдгээрээ МАН-аас нэр дэвшин өрсөлдөх квот олж авч чадахгүй байх талтай тухай ч яригдах болсон.
Автын инженер мэргэжилтэй, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тойрогтоо дахин өрсөлдөнө. 2014 оноос эхлэн Булган аймгаас уяатай байх болсныхоо үр дүнг үзэж, 2016 оны УИХ-ын сонгуульд ганц мандаттай тойрогт өрсөлдөн, ялсан.
У.Хүрэлсүх танхимаа байгуулсны дараа түүнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилсон ч газрын дарга нь нэгнийхээ аминд хүрсэн, төмөр замын ноцтой осол аваар гарсан зэрэг шалтгаанаар чөлөөлөгдсөн.
Сул гишүүн болсон үеэс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч, аймгуудад нэлээд ажилласан ч УИХ, Засгийн газрын гишүүд нь ЖДҮХС-гаас тэрбум, тэрбумаар нь зээл авсан хэрэг мандаж, эл ажлаа үргэлжлүүлэх аргагүй болж, тойрогтоо ажиллахаас өөр сонголтгүй болгосон байдаг.
УИХ-ын гишүүдээс хамгийн түрүүнд сонгуулийн PR-аа эхлүүлсэн нэр дэвшигч ч гэж тодорхойлж болно. Учир нь тэрбээр жилийн өмнө таксины жолооч хийн, ард түмний ахуй амьдрал доройтсон тухай нүүр хуудсаараа жиргэж, шуугиулсан удаатай.
Булган аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд
1992 он: Ж.Болдбаатар (МАХН), С.Гүндэнбал (МАХН)
1996 он: Я.Эрхэмбаяр (Ардчилсан холбоо эвсэл), Д.Дашпүрэв (Ардчилсан холбоо эвсэл)
2000 он: Л.Энэбиш (МАХН), Ч.Раднаа (МАХН)
2004 он: Ч.Раднаа (МАХН), Ц.Цэнгэл (МАХН)
2008 он: Э.Мөнх-Очир (МАХН), Ц.Цэнгэл (МАХН)
2012 он: Ё.Отгонбаяр (МАН)
2016 он: Ж.Бат-Эрдэнэ(МАН)
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ