Covid-19: Энэ бол алуурчин биш зүгээр л вирус

Хуучирсан мэдээ: 2020.03.02-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Covid-19: Энэ бол алуурчин биш зүгээр л вирус

Covid-19: Энэ бол алуурчин биш зүгээр л вирус

Билгийн тооллын XVII жарны нэгэн мөчлөг Хотол төгс хэмээх төмөр хулгана жилээр эхэлж байна. Төмөр хулгана жил маань тун төвөгтэй нөхцөл байдалд айлчлан ирлээ. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ халдварт өвчинтэй тэмцэж байгаа амаргүй цаг үед хулгана жилээ бид угтан авлаа. Аргын тооллын 2020 оны эхний өдрөөс шахам дуулдаж эхэлсэн коронавирусийн халдвар өчигдрийн  (2020.03.01) байдлаар 60 гаруй оронд батлагдаж, халдварын улмаас нас барсан тохиолдлоо мэдээлж байгаа улс орны тоо нэмэгдсээр байна.

Хятадын Ухань хотоос голомтлон тархаж буй вирус хоёр сарын хугацаанд дэлхийн бүх тивд албан ёсоор халдварласан хэмээн бүртгэгдлээ.

Сүүлийн 10 хоногт дэлхийн 33 улсад халдвар бүртгэгдэж, Хятад болон Азийн бүс нутагт бүртгэгдэж байсан халдвар Европ, Америк тивийн зарим улс оронд хурдацтай тархаж байна. Анхны голомт Хятадын Уханиас гадна Өмнөд Солонгос, Итали, Иранд  халдвар голомтлон тархаж байгаа учраас Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага эрсдлийн хамгийн өндөр түвшинд байгааг өнгөрсөн Баасан гаригт анхаарууллаа. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага одоогоор цар тахлын хэмжээнд хүрсэн гэж зарлаагүй байгаа ч ингэж мэдэгдэх нь цаг хугацааны л асуудал болсон гэдэгтэй илүү олон мэргэжилтэн санал нийлэх боллоо.

Шинэ төрлийн коронавирус гэгдэж буй уг вирусийн халдвартай тэмцэх арга аргачлал, эмчилгээг дэлхийн эмч мэргэжилтнүүд одоо уйгагүй судалж, зогсоохыг оролдож байгаа ч дэлхий нийтийн өнөөгийн амьдралын хэв шинжээс хамаарч халдвар дэндүү хурдан зөөвөрлөгдөн тархаж байна.

Сарьсан багваахайгаас панголин хэмээх муурын төрлийн амьтнаар дамжин хүнд халдварласан гэж таамаглаж байгаа Covid-19-ээс сэргийлэх аргыг л мэргэжилтнүүд зөвлөж байна. Гараа угаа, олон хүн цугласан газар битгий оч, амны хаалт зүү, хоол хүнсээ сайтар боловсруулж ид гэсэн энгийн зөвлөгөө. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн том сувгууд хүртэл гараа хэрхэн зөв угаах зааварчилгааг өгч байна.

Айдас хүйдэст авталгүйгээр, энгийн зөвлөгөөнүүдийг дагаж, зэрэгцэн оршихоос өөр сонголт одоогоор байхгүй. Ямар нэг дайсан, алуурчин биш. Ариун цэврийг сахиж, халдварын тархах арга замуудын талаар мэдээлэлтэй байж, өөртөө болоод бусдад хүндэтгэлтэй, хариуцлагатай хандаж чадвал айх зүйлгүй.

Энэ бол зүгээр л вирус. Та өөрөө л олж очоогүй бол таныг чиглээд санаатайгаар ирэхгүй.

Covid-19 дэлхийн улс орнуудын эдийн засагт их бага хэмжээгээр сөрөг нөлөөлөл үзүүлэх нь ойлгомжтой болсон. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн индексүүд бүгд буурч байгаа бөгөөд  Форбесийн жагсаалтад багтдаг топ компаниуд 2020 оны бизнесийн төлөвлөгөөгөө эргэн тодотгох шаардлага үүсчээ. Топ бизнесүүд төдийгүй бараг бүх бизнес, тэр дундаа вирусийн тархалт өндөртэй байгаа улс орнууд шинээр үүсэн нөхцөл байдалд тохируулан стратеги, төлөвлөгөөгөө тодотгох шаардлага бий болж байна. Голомт болоод байгаа Хубэй мужид дэлхийн том бизнесүүд, тэр дундаа, машин үйлдвэрлэл, гар утасны үйлдвэрлэл төвлөрдөг. Байдал ойрын хугацаанд намжиж үйлдвэрлэл хэвийн байдалдаа эргэн орж чадахгүй бол оны сүүл гэхэд Apple утасны нийлүүлэлтэд нөлөөлж магадгүй юм.

Шинжлэх ухаан, техник технологийн өндөр түвшинд хүрсэн өнөө үед дэлхийн улс орнууд халдварт вирусийн өмнө хүчин мөхөстөж байна гэж зарим хүн хэлж байгаа ч хүн төрөлхтөний өмнөх үеүдэд гарч байсан цар тахлын үетэй харьцуулах аргагүй юм. Халдварын мэдээллийг дэлхий даяараа хамтран мэдээлж, хамтран арга зам хайж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран авч байна.

Монголын Эзэнт гүрний үед гарсан хар тахал, 1918 онд гарсан Испанийн тахал нь хэдэн сая хүний амийг авч одсон гашуун туршлага дэлхийн түүхэнд бий. Хамгийн гол нь бодит байдлын мэдээллийг шуурхай түгээж, урьдчилан сэргийлэх боломжийг өнөөгийн харилцаа холбооны хөгжил хүмүүст олгож байна.

Шашны буруу урсгалын бүлгийн гишүүдээс улбаатайгаар дэгдэлтэд өртөөд байгаа Өмнөд Солонгос гэхэд гар утасны аппликэйшний тусламжтайгаар олон иргэнээ хамгаалж чадаж байна. Халдвар авсан хүний явсан маршрутийг уг апп-аас үзэх боломжтой учраас иргэд хаагуур явбал халдвараас сэргийлж болох вэ гэдгээ мэдэх боломжтой байгаа ажээ. Өмнөд Солонгосын халдварын 80 хувь нь Тэгү хотын шашны урсгалын гишүүдтэй холбогдож байгаа ч ирэх дөрөвдүгээр сард болох парламентын сонгууль угтсан улс төр нь давхар явагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Одоогоор дэлхий нийт Covid-19-тэй ид тэмцэж байна. Энэ тэмцлийг давж гарсны дараа олон сургамжийг үлдээх нь тодорхой.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж