Зүү эмчилгээ хэрх өвчнийг анагаах уу?

Хуучирсан мэдээ: 2015.11.05-нд нийтлэгдсэн

Зүү эмчилгээ хэрх өвчнийг анагаах уу?

Сүүлийн үед дэлхий дахинаа “чимээгүй тахал” гэж нэрлээд байгаа хэрх өвчний талаар тодорхой ойлголттой болж, сэргийлэхгүй бол хөдөлмөрийн чадвараа 99 хувь хүртэл алдаж мэдэх аюултай өвчин аж. Дэлхийд энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсээс өвдөлтийг нь тэсэхгүй амиа хорлож байсан тохиолдол ч гаднын цахим хуудаст бичсэн байв. Өрнийн анагаах ухаан бүрэн эдгээх боломжгүй гэж үздэг энэ өвчний талаар, эмчилгээний үр дүн ямар байгаа тухай Монголын Ревматизмын холбооны тэргүүн Д.Батзориг эмчтэй хөөрөлдлөө.

-Хоёулаа яриагаа хэрх өвчний талаар ерөнхий ойлголт өгөхөөс эхэлье?

-Энэ өвчин нь архаг хууч өвчнүүдийн хувьд дэлхий дахинд нэлээд дээгүүр ордог. Монголд энэ өвчин илүү тархмал, олон хүнийг хамардаг. Монголтой ойролцоо уур амьсгалтай Дани, Швед, Норвеги зэрэг улсад хүн амынх нь 13-15 хувь нь энэ өвчнөөр өвчилсөн гэсэн тооцоо байдаг. Гэхдээ хэрлэг төст өвчнүүдэд олон төрлийн өвчин хамаардаг л даа. Харин Монголд хүн амын 70-аас дээш хувь нь ийм өвчтэй байна. Энэ нь манайхны хоол ундтай, агаарын бохирдолтой их хамаатай. Бохир агаарт байсан хоолонд үлдсэн нян бидний ам, хамар хоолойгоор дамжаад биед орж байна гэсэн үг.

-Энэ өвчин нянгийн гаралтай юу?

-Тийм. Хоолойн ангина үүсгэгч маш олон. Вирусын гаралтай үүсгэгч гэж байна. Цаашилбал мөөгөнцрийн гаралтай, бактерийн гаралтай, гэдэсний савханцрын гаралтай, тэр бүү хэл бэлгийн замын халдварт өвчний гаралтай үүсгэгч ч байна. Монголчуудад нийтлэг нэг ойлголт байдаг. Даарахаар хоолой өвддөг, халууцаж байгаад даарах, хүйтэн юм уухаар хоолой өвддөг гэж боддог. Энэ нь өвчний шалтгаан биш, зөвхөн өвчин хөдөлгөх нөхцөл болж байгаа юм. Нян авчихаад тээвэрлэгч болсон үед биеийн дархлаа сулрахаар өвдөж буй хэрэг.

-Гүйлсэн булчирхай буюу хоолойн мах нь хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг эрхтэн бэ?

-Манайхны хоолойн мах гэж ярьж заншсан энэ эрхтэн лимфойд эдийн бөөгнөрлөөс үүссэн эрхтэн юм. Лимфойд гэдэг нь цагаан эс буюу лимфоцит эсийг өөрөө ялгаруулж тэр хэмжээгээр гадны бактерийг устгах үйлчилгээтэй байдаг. Тэгэхээр дархлаа хамгааллын үүрэгтэй эрхтэн гэж хэлж болно. Хүнд зургаан төрлийн гүйлсэн булчирхай байдгийн хоёр  нь ил харагдаж байдаг ба нян бактерийг шүүх үүрэг гүйцэтгэж байдаг юм.

– Хүмүүс хоолойн өвчин үе мөчиндөө орсон гэж хар ухаанаар ярьдаг. Энэ нь юу гэсэн үг вэ. Гүйлсэн булчирхай ер нь яагаад өвчилдөг вэ?

-Гүйлсэн булчирхай өөрөө өвчний голомт биш. Өвдөж байгаа мэдрэмж нь гүйлсэн булчирхайн эрхтэн үүргээ гүйцэтгэж байна л гэсэн үг. Энэ үүргээ огт гүйцэтгэхээ болиод үйл ажиллагаа нь бүрэн зогсохоороо өвдөлтийг мэдрэхээ больж, хоолой өвдөхөө больдог. Нас ахисан хүмүүсийн өвчин үе мөчиндөө орсон тохиолдолд хоолой нь өвдөхөө больчихдог шүү дээ. Гүйлсэн булчирхайн үйл ажиллагаа алга болсны илрэл. Үүнийг л хар ухаа­наар тэгж ярьж байгаа болов уу.

-Монголчуудын 70 гаруй хувь нь хэрх өвчний голомттой гэх юм. Үүнийг шалтгааныг тодруулбал урьдчилан сэргийлж болох байх?

-Монгол агаарын бо­хирд­лоор дэлхийд дээгүүр ордог. Ихэнх хүмүүс бидний ялгадас хүртэл агаарыг бохирдуулж байгааг мэддэггүй. Ил задгай бие засах, нус цэрээ хаях, бохир ус асгах гээд бүгд эцэст нь газарт хуурайшин дэгдээд хүний биед ордог. УБ хотын 30  хувь нь орон сууцанд үлдсэн нь гэр хороололд байна гээд бодохоор агаарын бохирдол ямар байх вэ. Өвөлдөө мах уураг ихтэй хоол хүнс хэрэглэж, зундаа цагаан идээ их хэрэглэх ёстой байтал, одоо эсрэгээрээ болчихоод байна. Агаар салхинд гарч байна гэж зунжин хорхог боодог хийж идээд өвлөөсөө илүү мах хэрэглэж, өвөлдөө мацаг барих хандлагатай байгаа нь мөн л нөлөөлж буй юм. Мөн хийсэн хоолоо хонуулдаг. Хөргөгч рүү хийх нь цөөн. Хийсэн ч бактери нь хөргөгчний хөлдөөдөггүй хэсэгт бол амьдраад байх боломжтой юм.  Ийм маягаар хэрх өвчний үүсгэгч нян халдварлаад байгааг хүмүүс мэддэггүй. Баяр ёслолын үеэр бүр ч илүү ийм үзэгдлийг харж болно. Бууз банш ууц өвчүүгээ ширээн дээр дор хаяж гурав хонуулдаг. Тэгээд бүх төрлийн салат байна. Хөлдөөгчинд биш мөн л өнөөх нян бактери амьд­раад байж болох орчин буюу хөргөчний хөл­дөөдөггүй хэсэгт хийж хэрэглэж байгаа. Энэ маягаар халдвар тар­хаж, халдвар авсан хүн халд­вараа л тараана шүү дээ.

-Хэрх өвчнийг ханиад шиг халдварлаад явдгийг мэдэх хүн цөөхөн байх ?

-Маш халдвартай өвчин. Халдварыг нэгдүгээрт гэр бүлээсээ авна. Үүнийг манай анагаах ухаанд удамшимтгай өвчин гэж үзэх нь элбэг. Цэцэрлэг, сургууль, үйлдвэрийн орчинд олон хүн бөөгнөрсөн газар их тархдаг.

-Удаан хугацаагаар их даарснаас, хоолой өвдсөнөөс үүсдэг гэх ойлголт л байдаг шүү дээ?.

-Хүйтэнд хүний дархлал буураад, өвчнийг хөдөлгөх нөхцөл болохоос өвчний шалтгаан биш. Нянгаар халдварладаг өвчин гэдгийг хүмүүс сайн мэддэг байх нь, мөн цэвэр агаар, хоол хүнсээ анхаарах нь ахуйн нөхцөлд сэргийлэх боломжтой ч нэгэнт халдвар авсан бол ямар ч аргагүй. Халдвараа тараана, өвчилнө. Өвчин хөдөлгөх нөхцөл монголд илүүтэй. Бодисын солилцоо муудахаар өвчилдөг. Бусад оронд бол бодисын солилцоо сайн явуулдаг, цэвэр агаартай байдаг тул өвчлөл бага.

-Хоолойн ангина болгон хэрх өвчин болох уу?

-Хэрх өвчний халдвар авсан бол гэхээс ангина болгон хэрх үүсгэхгүй. Харин хоолой нь ангинатай хүмүүсийн 95 хувь нь стрептогокоор үүсгэгдсэн байдаг учраас өвчин болж даамжрах боломжтой гэсэн үг. Зүгээр ханиад вирусын гаралтай ангина бий.

-Хэрх өвчнөөс урьдчилан сэргийлэх бараг боломжгүй гэсэн үг үү?

-Халдвар авсан бол урьдчилан сэргийлэх арга байхгүй. Эмчилгээгээр л хүндрүүлэхгүй байж болно. Эрт оношлогоо эрт үеийн эмчилгээ маш чухал. Түүнээс гадна манайхны хүзүү хөшлөө гэж ярьдаг, дэр эвгүй дэрлээд гоёдчихлоо гэдэг, ууц нуруугаар өвдөх, зүрх дэлсэх, амархан уурлаж бухимдах шинж бүгд л хэрх өвчний шинж. Тэр байтугай хүүхэд том болох гэж байна гэж ярьдаг шилбээр өвдөх ч энэ өвчний шинж. Тэрнээс том боллоо гээд өвдөөд байдаг бол биеийн бүх эрхтэн л томорч байгаа шүү дээ.

-Танайх энэ өвчнийг хэр удаан судалж байна. Өрнөдийн анагаах ухаанд үндсэндээ төгс эмчлэгдэхгүй байгаа энэ өвчнийг танайх ямар төвшинд яаж эмчилж байна вэ?

-Энэ өвчний тухайд манайхан жаахан оройтсон.  Хүнд сэдэв л дээ. Хүн ер нь чадахгүй юм­руугаа ордоггүй. Нэг­дүгээрт эрдэмтэн судлаачид хүлээж авахгүй байсан. Хоёрдугаарт бид шинжлэх ухаанч су­далгаа хийж эхэлсэн. Нэг ёсондоо шинжлэх ухааны үндэслэлээр хариуг нь хэлэх боломжтой болж эхэлсэн юм. Эм­чил­гээндээ алт мөнгөн зүү тавьж байгаагаа физик математикийн гар­гал­гаатай нь, шинжлэх ухаанч хариу өгөх хэмжээнд су­далж эхлүүлсэн л дээ. Өмнө нь чухам яаж эмчлээд байгаа юм бэ гэдгийг дорнын анагаах ухааны судруудаар явж байсан бол одоо шинжлэх ухаанч хариу өгөх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл физикийн онолоор. Одоо энэ үүсгээд байгаа, бидний мэддэг шинжилгээн дээр гардаг ASLO нь жигийн төрлийн уураг юу юм. Ямар цэнэгтэй юм. Энэ дундуур ион ямар цэнэгийг нь ямар цэнэг болтол саармагжуулаад байгаа юм гэдгийг маш сайн ойлгогдох хэмжээнд тайлбарлах боломжтой болж байгаа юм.

-Танайх байгуулагдсанаасаа хойш хэдэн хүн эмчилгээнд хамруулав. Эмчилгээний үр дүн ямар байна?

-Байгуулагдсанаасаа хойш нэг жилийн дараа хүн эмчилж эхэлсэн гээд бодохоор нийтдээ 13 жилийн дотор 25  орчим мянган хүнд үйлчилж, эмчилгээний үр дүн 85 хувьтай байна. Үлдсэн 15 хувь нь бие организмын байдал, өвчин хэр хугацаа алдсан гэх мэт тодорхой шалтгаанаар өвчин бүрэн эдгэрээгүй тохиолдол гарч байгаа юм. Мөн эмчилгээний гам сахихтай холбож үзэж болно. Хувь хүний бодисын солил­цоотой холбоотой, бас бие махбодийн онц­логтой. Ихэнхдээ өвчнөө хүнд­рүүлчихээд ирж байгаа ч хүн бий. 15 хувьд орсон хүмүүс сэтгэл ханамж дундуур байдаг. Тиймдээ ч буух эзэнгүй буцах хаяггүй юмаар янз бүрийн юм ярьсан л байдаг.

Манай эмнэлгийн тухайд таван хувийн үр дүнтэй байсан эмчилгээг 85-аас дээш хувь болгож өсгөж байгаа маань маш том амжилт юм шүү. Тийм байхад бие биедээ худлаа мэдээлэл битгий өгөөрэй. Эмчилгээгээ бүрэн дүүрэн хийлгэж чадаагүй, гамаа сайн барилгүй, бороо усанд норсноо нуух хүн ч бий. Ийм тохиолдолд маш зөв арга хэмжээнд хүрэхийн тулд тухайн хүний анамнез буюу асуусан асуултад үнэн зөв хариулсан байх шаардлагатай юм шүү гэж хэлмээр байна. Гам алдаж алдаж ирчихээд би ерөөсөө зүв зүгээр байсан гээд байдаг тал бий.

Ойрын гамыг долоо хоног, холын гамыг 45 хоног барих ёстой. Манайх дунджаар 21 хоног гам хийх ёстойг анхааруулдаг. Гам алдалтыг эмчлэх тодорхой арга бас бий.  Ер нь бол монгол европ аль ч бай анагаах ухаанд эмчилгээ хийлгэж л байгаа бол хориглосон заалт бий. Тэрийг зөрчих л юм бол гам алдаж буй хэрэг шүү дээ.

Ч.ӨЛЗИЙНЯМ

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж