Баруун Европын төвд орших Люксембургийн Вант улс өнөөдөр /2020.03.01/-өөс эхлэн автобус, галт тэрэг, трамвай зэрэг бүх төрлийн нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгожээ. Ийнхүү 600 мянга гаруй хүн амтай тус улс нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон дэлхий дээрх анхны улс болж байна.
Гэхдээ дээрх шийдвэр нь галт тэрэгний нэгдүгээр зэрэглэлийн тасалбарт хамаарахгүй бөгөөд тариф хэвээрээ үлдэх аж. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхэд нийт 41 сая еврогийн зардал гарч буй юм байна.
Авто замын хэт их ачааллаас үүдэн дээрх шийдвэрийг гаргасан ба хэдий хүн ам багатай ч хөрш зэргэлдээ Герман, Франц, Бельги улсын иргэд өдөр тутам тус улсад ирж, тус улсаар дамжин ажилдаа явдаг нь замын хөдөлгөөний ачааллыг ихээр нэмэгдүүлдэг байна. 2016 оны статистикаас харвал энэ хотын жолооч нар дунджаар 33 цагийг зам дээр өнгөрүүлжээ.
Тус улсын Засгийн газар 2018 оны зунаас эхлэн 20 хүртэлх насны хүүхэд залуусыг нийтийн тээврээр үнэгүй зорчдог болгосон. Мөн дунд сургуулийн сурагчдад гэр, сургуулийн хооронд үнэгүй автобусаар үйлчилдэг байна. Насанд хүрэгчид нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд хоёр еврогоор хоёр цаг зорчих эрхтэй тасалбар худалдан авах шаардлагатай байдаг аж. Хоёр цагийн хугацаанд ердөө 2,590 квадрат метр газар нутагтай энэ улсыг бараг бүхэлд нь үзэх боломжтой юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ