Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтийг түгшээсээр байна. Хэдийгээр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч манай улсын хувьд энэхүү үхлийн аюулт халдварт өвчнөөс сэргийлэх бодитой арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлжсээр буй юм.
Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудын нэг нь Төрийн тэргүүн урд хөршид айлчилж, халдварын голомт болсон Хятад улсын иргэдэд Монголын ард түмнээс 30 мянган хонь хандивлаж буйг мэдэгдсэн явдал байлаа. Мөн тэрхүү хандивын 30 мянган хонийг бүрдүүлэх аянд иргэд, аж ахуйн нэгжүүд сэтгэлээрээ дэмжлэг үзүүлж эхэлсэн юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн Пүрэв гариг (2020.02.27)-т БНХАУ-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа “Монгол Улсын Засгийн газар БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хандивын аян өрнүүлж буйгаас гадна Монголын ард түмэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын санаачилгаар сэтгэлийн хандив цуглуулж, БНХАУ-ын талд хандивласан, мөн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлаж байна" гэж мэдэгдэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНХАУ-д үүссэн нөхцөл байдлаас үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь хүрэлцэн ирсэн явдалд гүн талархал илэрхийлж, “Дусал ус мэт ачлал үзүүлвээс дундаршгүй булаг мэт хариу барь юу” хэмээх Күнзийн сургаалийг, мөн Монголын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн зүйр үгийг иш татан чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Мөн халдварт өвчин гарснаас хойш БНХАУ-д хийсэн Төрийн тэргүүний анхны айлчлал гэдгийг онцолж, энэ удаагийн айлчлал нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаандаа шинэ боломж гаргах завшаан хэмээн тэмдэглэсэн байна.
Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивлах хандивын аянд иргэд, аж ахуйн нэгжүүд, аймаг сумд нэгдэж байгаагаа мэдэгдсээр буй юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү 2000 хонь, Баянхонгор аймаг 2000 хонь, Говь-Алтай аймаг 1111 хонь, Баян-Өлгий аймаг 1080 хонь, Увс аймаг 1000 хонь, Булган аймаг 1500 хонь, Дорноговь аймаг 1000 хонь, Булган аймгийн Ардчилсан нам 1000 хонь, Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир 108 хонь, Дорнод аймгийн гавьяат малчин Б.Батмөнх 100 хонь, ХХАА-н дэд сайд асан Ц.Туваан 30 хонь, Архангай аймгийн Цахир сумын малчин Д.Гэрэлтцогт 20 хонь, Даян Мэргэн Б.Ёндон 10 хонь, Баянхонгор аймгийн арслан Р. Дамдин 3 хонь, Дорнод аймгийн Халхгол сумын ЗДТГ, ИТХ, малчид, хөдөлмөрчид төрийн тэргүүний санаачилгыг дэмжиж 108 хонь хандивлажээ тус тус хандивлажээ.
Нүүрс, газрын тосыг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс экспортолж эхэлнэ
Өнгөрч буй долоо хоногт Засгийн газар хуралдаж, нүүрс, газрын тосыг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс экспортолж эхлэхээр тогтов. Энэ хүрээнд нүүрс, газрын тос экспортлохын өмнө хилийн боомтууд бүрэн хүчин чадлаараа ажиллах, дараалал үүсгэхгүй байх, тээвэр хийж байгаа иргэдийн хоол, хүнсний хангамж, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэх, ариутгах зэрэг бэлтгэлээ хангахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгасан юм.
Засгийн газрын хуралдаанаас нийгмийн даатгалын шимтгэл, татвараа тайлагнасан боловч хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги, торгуулийг нэг удаа чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж хэлэлцэхээр болов. Төвлөрсөн зах, худалдааны төв, үйлчилгээний газарт худалдаа, үйлчилгээний чиглэлээр түрээслүүлсэн татвар төлөгчийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг ч нэг удаа чөлөөлөх төсөл боловсруулах бөгөөд энэ нь бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд түрээсийнхээ төлбөрийг бууруулсан түрээслүүлэгчид л хамаарах юм. Улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил, үйлчилгээний авлагатай этгээд татварын өртэй бол авлагаас нь өрийг тухай бүр суутган тооцохыг зөвшөөрөв.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг сунгалаа
Өнгөрсөн долоо хоногт Улсын онцгой комисс хуралдан дараах шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлж эхлэв. Улс хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цагаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ.
Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын нислэгийг түр зогсоох хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгаж, Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал 14 хоногоор түр зогсоолоо.
Төрийн албан хаагчдыг гадаад улс орон руу албан томилолтоор зорчихыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хориглож, яам, агентлагийн дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
БНСУ, Япон, Итали Улсад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, зорчин ирсэн Монгол Улсын иргэдийг хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд түр тусгаарлаж, холбогдох зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээс гаргуулж, зөвлөмж мэдээллээр хангаж, хяналт тавьж ажиллахаар боллоо.
Баар цэнгээний газруудын үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдөр хүртэл зогсоов
Нийслэлийн онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна. Хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээг УОК-ын шийдвэрийн дагуу тусгай хуваарьт шилжүүлж, тусгай зохицуулалттайгаар иргэдэд хүргэх
Эрүүл мэндийн шалтгаан, ар гэрийн гачигдал, хотод тусгай үүрэг гүйцэтгэх албан томилолттой гэсэн гурван шалтгаанаас бусад ямар ч шалтаг шалтгаантай байсан нийслэл болон хөдөө орон нутаг руу явах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өдрийн найман цаг хүртэл хатуу хориглов.
Баар, цэнгээний газрууд, караоке, фитнесс, саун, иог, цэнгээнт бүжиг, дэн буудал, амралтын газар, цанын бааз зэргийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл зогсоов.
Нийслэлийн нутгийн захиргааны бүх албан хаагчдыг гадаадад амралт, сургалт, томилолтоор явахыг хориглов. Мөн ресторан, кафены үйл ажиллагааг оройн 22 цаг хүртэл болгов. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг бүх дүүргийн Засаг дарга, мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Коронавирусийн халдварын эсрэг жирийн иргэд, урлаг спортын алдартнууд хандивын аян эхлүүлэв. Тухайлбал, Монголын Улсын Үндэсний бөхийн 20 дахь аварга, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат Улсын Онцгой комисст өнгөрсөн Баасан гариг /2020.02.28/-т хувиасаа 20 сая төгрөг, “Хар Сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах Эрүүл мэндийн яаманд 30 сая төгрөг өнөөдөр (2020.03.01) жүжигчин М.Баярмагнай нэг удаагийн 10 мянган бээлий тус тус хандивлалаа.
Д.ТУЯА
Холбоотой мэдээ