Нэг талаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах гэж хилээ хаах, нөгөө талаас эдийн засгаа унагачихгүй авч гарах гэсэн өөр хоорондоо зөрчилтэй хүнд нөхцөлийг давж гарах шаардлага үүсээд байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх короновирусээс сэргийлэх бэлэн байдал зарласантай холбогдуулан бизнес эрхлэгчдэд учирч байгаа эрсдэлийг бууруулах чиглэлээр хуулийн хүрээнд боломжит бүх арга хэрэгсэлээ ашиглаж, төр хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлага үүсээд байгааг хэлжээ.
Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар уялдаа холбоогоо сайжруулж, арилжааны банкууд болон МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудтай нэгдсэн ойлголцолд хүрч хамтарч ажиллах шаардлага үүсээд байгааг Засгийн газрын хуралдаан дээр хатуу анхаарууллаа.
Коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хурдацтай хүндэрч байна. Хятадын газрын тосны хэрэглээ шууд 20 хувиар унаж, нефть экспортлогч орнууд эрэлтийн шоконд орж, эдийн засагтаа цохилт авч эхэллээ.
Монгол Улсын Засгийн газар ч эдийн засгийн чиглэлээр шийдвэр гарган ажиллаж эхэллээ. Тухайлбал, түрээсийн төлбөрөө бууруулсан түрээслүүлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр болж, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн алдангийг нэг удаа тэглээд байна. Мөн экспортын орлогоо бууруулахгүй байх үүднээс нүүрс экспортыг онцгой горимоор зохион байгуулах зэрэг шийдвэрүүд гараад буй юм.
Б.БАТ
Холбоотой мэдээ